Америкийн хэвлэлүүдэд манай тамирчин Г.Мандахнаран болон түүний хоёр дасгалжуулагчийн эсэргүүцлийн тухай бичжээ. Чөлөөт бөхийн тамирчийн Г.Мандахнаран Олимпийн хүрэл медалын төлөө Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтой барилдаж тэмцээн дууссаны дараа шүүгч нарын өгсөн торгуулийн оноогоор ялагдсан юм.
Ингэснээр Г.Мандахнаран Узбекистаны бөхөд хүрэл медалиа алдсан бөгөөд үүнийг Монголын хоёр дасгалжуулагч буюу чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаатар болон туслах дасгалжуулагч Б.Баяраа нар эсэргүүцэж дэвжээн дээр хувцсаа тайлж, нүцгэлсэн юм. Түүнчлэн тэмцээн дуусахад Г.Мандахнаран ялж, түүний хоёр дасгалжуулагч баяраа тэмдэглэсэн. Дараа нь Узбекистаны бөх И.Наврузов болон түүний дасгалжуулагч торгуулийн оноогоор ялж баяраа тэмдэглэсэн хэмээн бичжээ.
Чөлөөт бөхийн дүрмэнд хоёр тамирчин оноо тэнцсэн тохиолдолд сүүлд оноо авсан тамирчин нь ялна хэмээн заасан байдаг ба тэмцээний дууссаны дараа өрсөлдөгч талд оноо өгснийг Монголын тамирчин болон дасгалжуулагч нар эсэргүүцэж, хувцсаа тайлж дотуур өмдтэйгээ үлдсэн юм. Энэ үеэр дасгалжуулагч Б.Баяраагаас орчуулагчаар дамжуулан яагаад хувцсаа тайлсан талаар нь тодруулахад “Шүүгч нарыг буруу шийдвэр гаргасан” хэмээгээд “Гурван сая Монголчууд бүгдээрээ хүрэл медаль хүлээж байна. Харин одоо яав?. Медаль байхгүй. Монголоос цөөхөн тамирчин энд ирсэн” гэж хэлжээ. Түүнчлэн цугласан олон Монгол, Монгол хэмээн уухайлсан бөгөөд дасгалжуулагч Б.Баяраа “Стадион даяараа бидний талд байсан. Зуун хувь Монголын талд байсан” хэмээсэн талаар “USA Today”-д бичжээ.
Нинж