УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН төрийн байгууллагын бүх шатанд, төрийн өмчит аж ахуйн нэг- жүүд дээр хүнээ томилж байгаа. Товчхондоо шинэ хуваарилалт хийж байна.
Гэхдээ энэ нь ялсан намд бичигдээгүй хуулиар хадгалагдсан бүрэн эрх учир ийм зүйлд монголчууд халаглаж ундууцахаа хэдийнэ больжээ. Харин эрх баригч намын томилгооноос илүү сонирхол- той сэдэв нь Ардчилсан намын удирдлагуудын хөдөлгөөн.
Хөндлөнгийн янз бүрийн шалтгаан байж болох ч эрх барьж байсан намыг УИХ-д арай чүү бүлэг байгуулах хэмжээнд хүртэл нь суудлын тоог бууруулсан, санал хураалт дөхсөн үед сонгуулийн хуулийг өөрчилж намд ашиггүй хувилбарыг баталсан зэрэг алдааг намын удирдлагууд багаараа хүлээх нь шударга ёс.
Угаасаа сонгуульд Ардчилсан намыг тэргүүлж орсон удирдлагын баг огцрохоо мэдэгдсэн. Одоогоор даргын үүрэг гүйцэтгэгчтэйгээр дараагийн сонгуульд орох гэж байна.
Ардчилсан намын дарга З.Энхболд ажлаа өгөхөө мэдэгдсэний маргаашаас л дараагийн хувилбарууд яригдаж эхэлсэн нь Д.Эрдэнэбат, Г.Батхүү, Л.Болд, С.Эрдэнэ нар.
Ардчилсан нам удирдлагын босоо тогтолцоотой болох өөрчлөлтийг дүрмэндээ оруулна
Харин залуу үеийг төлөөлж Л.Гантөмөрийн нэр яригдаж байгаа бөгөөд тэд л байж болох хамгийн өндөр магадлал.
Мэдээж намын дарга байг гэхэд УИХ-ын гишүүн, бүлгийн дарга, эсвэл эвслийн Засгийн газарт Шадар сайдын хэмжээнд алба хашиж байж Ардчилсан намыг удирдах учиртай.
Гэхдээ Ардчилсан нам энэ удаа үнэмлэхүй ялагдал амссан, УИХ-ын бүтцийн байгууллага тулдаа л бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга хэмээх томилгоот гэхээсээ илүү хуваарилалтын албан тушаал авсан тул энэ удаа дээрх зарчим үйлчлэхгүй.
Харин ч УИХ-д сонгогдсон ес дотроо аль фракцыг хэн төлөөлснөөрөө эв найртай хувааж авснаар УИХ-ын дэд даргад Я.Санжмятав, бүлгийн даргад С.Эрдэнэ томилогдоод буй.
Олонх болсон хүчний эрх мэдэл намдаа байдаг бол цөөнхийн тухайд энэ нь УИХ дахь бүлэгт нь шилждэг зарчим Монголын улс төрд бий.
Харин Ардчилсан намыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “үүрэг гүйцэтгэгч” гэсэн статустайгаар удирдаж байна. Энэ хэвээрээ орон нутгийн сонгуульд орж, ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлаараа эцэслэн шийдэх нь тодорхой болжээ.
Харин энэ сарын 25-н буюу ирэх Пүрэв гарагт болох ҮЗХ-ны хуралдааны хувьд намын дарга гэхээсээ илүү дүрмийн шинэчлэлийг түлхүү ярина гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Тэгэхээр ҮЗХ-ны хуралдаанаар томилогдох үүрэг гүйцэтгэгчийн ажил үүргийн хуваарь шинэ дарга сонгогдсоноор дуусгавар болж бас болох нь. Гэхдээ аравдугаар сарын сүүлчээр болох орон нутгийн сонгуулийн үр дүн өмнөх сонгуулийнхтай адил гарсан тохиолдолд.
Ийм гутранги гаргалгааг Ардчилсан намынхан өөрсдөө хийж, гурван сарын хугацаатай тамга барих эрхийн төлөө тэмцэлдэх шаардлагагүй гэж үзэх нь ч бий аж. Тиймээс ч намын даргын дотоод сунгаа өрсөлдөөнөөс ангид өрнөж байна. Нэгэнт намын даргыг сонгохгүй тул, Ерөнхий нарийн бичгийн даргын тухай яриа байж таарахгүй. Учир нь намын дарга өөрөө генсекийн албан тушаалд томилох хүнийг санал болгодог.
- Даргын үүрэг гүйцэтгэгчтэйгээр дараагийн сонгуульдаа орох гэж байна.
- ҮЗХ-ны хуралдааны хувьд намын дарга гэхээсээ илүү дүрмийн шинэчлэлийг түлхүү ярина.
- ҮЗХ-ны хуралдаанаар томилогдох үүрэг гүйцэтгэгчийн ажил үүргийн хуваарь шинэ дарга сонгогдсоноор дуусгавар болж бас болох нь.
- ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийн эрх мэдэл ийн хумигдаад зогсохгүй орон нутгийн намын байгууллагын түвшинд ч тодорхой өөрчлөлтүүдийг хийж байна.
Дүрмийн шинэчлэлийн тухайд Ардчилсан нам удирдлагын босоо тогтолцоо руу шилжих эхлэлийг тавих юм. Тодруулбал, Ардчилсан намын ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл, Хяналтын хороо болон шат шатны намын байгууллагын эдлэх эрх, үүрэх хариуцлагыг энд хөндөнө. Ардчилсан намын шийдвэр гаргах дээд байгууллага нь Их хурал.
Гэвч 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг батламжлахаар орон нутгийн намын байгууллагатай цахимаар холбогдож, удирдлагууд нь баярын шинжтэй өнгөрүүлсэн Буянт-Ухаа цогцолбор дахь ёслолыг эс тооцвол Их хурал хуралдаагүй бараг найман жил болсон.
Намын дүрмээр ээлжит Их хурал дөрвөн жилд нэг удаа болж, ээлжит бусыг нь ҮЗХ-ноос хэдэн ч удаа зарлах эрхтэй байдаг аж. Тиймээс намын Их хурлыг ээлжит хугацаанд нь хуралдуулахаас гадна ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг хариуцлагажуулах талаар ярих юм. Ардчилсан намын ҮЗХ 228 гишүүнтэй.
Бүгд л аль нэг фракцад харьяалагдаж, тухайн бүлгийн даргын үгээр асуудалд ханддаг талтай. Энэ жишгээс үүдэн ҮЗХ-ны хуралдааны ирц бүрдэхгүй байх, Гүйцэтгэх зөвлөл нь ҮЗХ-ны эрхэд халдах зэрэг асуудал удаа дараа гарч байв.
Мөн дүрмээс гадуур, намын эсрэг үйл ажиллагаа явуулах, хууль бус үйлдэл гаргасан удирдах албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг тодотгож оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Зөвхөн ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийн эрх мэдэл ийн хумигдаад зогсохгүй орон нутгийн намын байгууллагын түвшинд ч тодорхой өөрчлөлтүүдийг хийж магадгүй байна.
Энэ нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг орон нутгийн намын байгууллага батламжилдаг дүрмийг хөндөнө. Уг дүрмийн дагуу УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших эрхээ Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөлөөс авсан зарим гишүүнийг орон нутаг нь хүлээж авахгүй, нэр дэвшүүлээгүй тохиолдол бий.
Үүний нэг нь М.Батчимэг. УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшихээр очсон түүнийг аймгийн намын байгууллага нь унагасан, оронд нь дэвшүүлсэн хүн олонхын санал аваагүй гээд намын сахилга баттай шууд холбогдох олон дүрмийг өөрчлөхөөр зэхэж байна.
Засгийн газрын мэдээ сонин