Отгонтэнгэр Их сургууль 25 дахь жилийн мөнгөн хонхоо жингэнүүллээ

Тэртээ 1991 онд эрдмийн үүдээ нээж байсан хувийн хэвшлийн анхны Отгонтэнгэр Их сургууль 25 дахь жилийнхээ мөнгөн хонхоо жингэнүүллээ. Нээлтийн ажиллагаанд ОТИС-ын ректор доктор Н.Энхзаяа, зөвлөх багш шинжлэх ухааны доктор, профессор Л.Баасан, дэд захирал Ж.Золбаяр, доктор профессор Б.Галиндэв болон салбар сургуулийн захирлууд, удирдах болон эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нараас гадна оюутан залуучууд оролцлоо.

Боловсролын салбарт өөрийн өнгө төрхийг хэдийнээ бий болгоод байгаа тус сургуулийг 25 жилийн хугацаанд нийт долоон мянга гаруй оюутан төгсөж хөдөлмөрийн зах зээлд амжилттай ажиллаж яваа. Тэдний төлөөлөл болж төрөлх сургуулийнхаа нээлтэнд урилгаар оролцсон Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхимын ерөнхийлөгч, Үндэсний илтгэх ур чадварын аварга шалгаруулах тэмцээний ялагч Б.Пүрэвсүрэн оюутан дүү нартаа баяр хүргэж амжилт хүслээ. Тэрээр өнөөдрийн намайг бүтээхэд ОТИС-ийн үүрэг их байсан гээд зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөж, хичээж, зүтгэж чадвал ард нь амжилт заавал ирдэгийг харуулж чадсан нийт төгсөгчдөөрөө бахархаж байгаагаа хэлсэн юм.

ОТИС-ын ректор доктор Н.Энхзаяа түүхт 25 жилийн ойн гал халуун мэндийг Отгонтэнгэр хэмээх оюуны их өргөөтэй хувь заяагаа холбосон үе үеийн эрдэмтэн багш, ажилтан ажиллагсад, төгсөгчид, оюутан залуучууддаа хүргээд эрдмийн их аянд нь амжилт хүсэн мэндчиллээ.

Өнөөдөр ОТИС-д хоёр мянга гаруй оюутан нийт долоон хөтөлбөрөөр суралцаж байна. Энэ хичээлийн жилд тус сургуульд шинээр элсэн орсон гурван зуугаад оюутан ирээдүйн сэтгүүлч, хуульч, эдийн засагч, нягтлан бодогч, багш, орчуулагч болохоор хичээлдээ шамдан орлоо.

Д.Жагаа

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …