Уулзалтад БСШУС-ын сайд Ж.Батсуурь,Япон улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Фүкасава Хироши,Эдийн засаг хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан Б.Цогтчимэгнарын холбогдох албаны хүмүүс байлцав.
Япон улсын Элчин сайд ноён Такэнори Шимизү манай улсад таван жилийн хугацаанд томилогдон ажиллахдаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний дотор боловсрол, соёлын салбарт дорвитой хувь нэмэр оруулсныг уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 500 гаруй төсөл, хөтөлбөр манай улсад хэрэгжжээ. Үүний 300 гаруй нь боловсролын салбарт хэрэгжсэн байна. Тухайлбал, “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд нийт 55 ЕБС-ийг шинээр барьж, байгуулжээ. Мөн соёлын салбарт чанартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор Япон улсад 60-70 оюутан, залуус тэтгэлэгээр суралцаж байгаа аж. Энэ мэтчилэн өмнө нь хийж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэхийг Японы төлөөлөгчид хүсэв.
Түүнчлэн ирэх 2020 онд Токио хотноо зохиогдох зуны олимпийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагчдыг тамирчдын хамтаар тус улсад бэлтгэл сургуулилалт базаах боломжоор хангана гэв.
Хариуд нь БСШУС-ын сайд Ж.Батсуурь өмнө нь хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөрүүдийг цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдээд хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд бодит ахиц гаргахын төлөө хичээж ажиллахаа илэрхийллээ.