Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой, Дархан үүсч хөгжсөний 55 жилийн ой энэ жил давхар тохиож буй тул тус салбарынхан ойн баярынхаа хүрээнд олон сайхан ажлыг санаачлан, зохион байгуулж байна. Тухайлбал аймгийн ЗДТГ, ГХБХБГ, Барилгачдынхолбоо хамтран ойн баяраараа “Дархан хаалга”-ыг тохижуулан бэлэг барилаа.
1976 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу Дархан хотын буурийг тавьсны 15 жилийн ойгоор хотынхоо хоёр талд хаалга барих шийдвэрийг тухайн үеийн удирдлагууд гаргаж байжээ. Уг шийдвэрийн дагуу хойд хаалгыг СОТ-1 буюу Зөвлөлтийн барилгын анги, урд хаалгыг СОТ-2 буюу Монгол барилгын анги барихаар болж, Монголын анхны Архитектор Б.Чимэд “Дархан хаалга”-ны зургийг нь гаргаж байсан түүхтэй.
“Дархан хаалга”-ны зургаан багана нь Дархан хотыг барьж байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хуучнаар эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чех /Чехословак/ зэрэг улсуудын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг бэлгэджээ.
Тулгуур зургаан багануудад ах дүү Найрамдалт орнуудын сүлдийг шинээр байрлуулан,оройд нь зургаан орны тугийг мандуулсан нь Дархан хот үүсэн байгуулагдсан түүхэн үйл явдлыг Дарханчууддаа дахин сануулж байгааг аймгийн удирдлагууд онцолж байв.
Өнгө зассан “Дархан хаалга”-ны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон бусад холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, барилгын салбарын төлөөлөл оролцон, хүндэтгэлийн туузыг хайчиллаа. “Дархан хаалга”-аас нь эхлээд хотын бүх орон сууц, барилга байгууламжийг барихад гар бие оролцож явсан барилгын салбар ийнхүү 40 жилийн дараа “Дархан хот”-ынхоо үүд, хаалганы өнгийг заслаа.
darkhan.gov.mn