Дархан-уул аймагт хагас коксон нүүрсийг 15 дугаар багт таван цэгээр борлуулж эхэллээ

3244caafcf9303de6f79d8599a3ccab0

“Утаагүй Дархан” хөтөлбөрийн хүрээнд энэ өвөл Дархан сумын 15 дугаар багийн 2154 өрхөд хагас коксжуулсан түлшийг туршин хэрэглүүлэхээр болж, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд хагас коксон нүүрсийг хэрэглэгчдэд хүргэж, мэдээлэл өгөх зорилготойгоор өнөөдөр /2016.09.30/ 15 дугаар багийн өрхүүдэд нийт 1000 шуудай хагас коксжуулсан түлшийг үнэгүй тараалаа.

Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн газар, Захирагчийн алба зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран 9 дүгээр сард гурван энгийн, нэг төслийн нийт дөрвөн зууханд мод, нүүрс, хагас коксон түлшний хэрэглээнд туршилт хийж дүгнэлт гаргажээ.

Хагас кокс нь түүхий нүүрсэнд агуулагддаг эдэмхий бодисууд, давирхай зэрэг бусад хольцуудыг нь дулааны аргаар ялгаж авсан экологийн хувьд цэвэр түлш юм. Дээрх бодисуудыг цэвэрлэн авсны үр дүнд бүрэн шаталттай, утаа маш бага, шатах үедээ угаар ялгарахгүй, дулааны илчлэг нь түүхий нүүрснээс 40-өөс багагүй хувиар өндөр, асалт хурдан, нүүрстэй харьцуулахад үнэр бага гардаг, дулаан барих чадвар өндөр зэрэг давуу талууд бий болдог байна.

Хагас коксон түлшийг “Нако түлш” ХК манай аймагт нийлүүлж байгаа бөгөөд таван цэгээр зах зээлийн үнээс маш хямд буюу 25 кг нь 3000 төгрөгөөр борлуулж байна. Тус түлшийг хэрэглэхдээ нүүрстэй харьцуулахад бага хэмжээгээр хийж, агаар өгөлтийг зөв тохируулах, утаагүй болонгуут агаарын сойлтыг хааж дулаанаа бариулах гээд зөв галлах нь чухал гэдгийг мэргэжилтнүүдийн зүгээс энэ үеэр иргэдэд зөвлөж байлаа.

Энэ өвөл 15 дугаар багт ийнхүү туршсаны үндсэн дээр ирэх жилээс Дархан сумын 1, 2, 3, 6, 7 зэрэг гэр хорооллын төвлөрөл ихтэй багуудад хагас коксжуулсан түлшийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …