БЗД-ийн ИТХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшигч Элбэгдоржийн Эрдэнэтэй ярилцлаа.
-Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаагаараа улс төрд албан ёсоор хөл тавьж байгаагаа зарлаж байгаа гэж ойлгож болох уу. Магадгүй энэ асуулт ярилцлагын маань сүүл хавьд тавигдах ёстой байсан ч байж болох юм…
-Энэ сонгуульд өрсөлдөх болсон маань улс төрд орж ирж байгааг маань харуулж байгаа нь үнэн л дээ. Гэхдээ би яагаад улс төрд хөл тавих ёстой болсон талаараа дараа дараагийн асуултуудад тайлбарлан ярих нь зөв болов уу гэж бодож байна.
Би зүгээр л улстөрч болно, эсвэл улс төрд орно гээд шийдчихсэн юм биш. Миний үзэж харсан, ойлгож мэдсэн маань намайг энэ зам руу хөтөлсөн учраас ийм сонголт дээр ирчихээд байна. Мэдээж, хүүхэд бүр тэр дундаа хөвгүүд аавыгаа харж өсдөг. Тиймээс би хүүхэд байхаасаа л аав шигээ хүн болно, улстөрч болно гэж боддог байсан юм. 16 настай байхад санагдаж байна, сургуулиас цаашдаа ямар мэргэжил сонгох төлөвлөгөөтэй байгаагаа бичээд ир гэв. Тэгэхэд би улс төрөөр суралцах бодолтой байгаагаа гэрийнхэндээ хэлсэн. Тэгтэл аав маань шууд “Хэрэггүй. Улс төр бол хэцүү, хариуцлагатай ажил.
Намайг хар. Гэр бүл, үр хүүхдэдээ олддоггүй. Өөр мэргэжлээр явбал зүгээр” гэж хатуу эсэргүүцсэн л дээ. Тэгэхэд би юу хийхийг хүсч байна вэ гэж өөрөөсөө асуусан. Миний дотоод сэтгэл хүмүүст туслахыг хүсч байсан. Харин хүмүүст тусалдаг мэргэжил бол эмч юм байна гэж бодсон. Ингээд энэ чиглэлээр суралцахаар шийдсэн. Гадны сургуулиуд руу өргөдөл гаргаж, суралцахыг хүссэн захидал бичиж улмаар АНУ-д Дрекселийн их сургуульд тэтгэлэгтэй суралцаж төгссөн.
-Эмч болно гэсэн зорилгоо тодорхойлсон байсан хүү биологич, биохимич мэргэжилтэй болсны учир юу вэ?
-АНУ бол анагаах, эрүүл мэндийн чиглэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Эмч болохын тулд биологи судалж, хүний эд эс, генетик, ДНК-гийн талаар ойлголттой болохын тулд биологийн шинжлэх ухаанд суралцахаар шийдэж, сургуулиа сонгосон. Ингээд судлаад гүнзгийрээд ирэхэд надад маш сонирхолтой санагдаж эхэлсэн. Анагаах, биологи гээд том руу, ерөнхий рүү биш харин нэгж рүү нь, хамгийн жижиг хэсэг рүү нь орж судлах надад чухал санагдаж эхэлсэн.
АНУ-д эмчээр суралцана гэсэн гадны оюутнуудыг бодлогоор тэр бүр амархан элсүүлээд байдаггүй. Нэгэнт ороод сурчихсан бол аль болох тэндээ суурьшуулж, авч үлдэх бодлого барих нь бий. Харин би нутагтаа ирж ажиллахыг хүссэн. Тиймээс эмчээр үргэлжлүүлж суралцах биш харин сурч мэдсэнээ нутагтаа ирж ашиглая гэж бодоод буцаж ирсэн юм.
-Ирээд мэргэжлээрээ ажиллах боломж байсан уу?
-Яг үнэндээ байгаагүй. 2011 онд буцаж ирсэн шүү дээ. Молекул биологийн салбар үнэнийг хэлэхэд огт хөгжөөгүй санагдсан. Тэр үед хавдрын эсрэг “Итгэл” сангийн гүйцэтгэх захирал ажлаа өгчихсөн, ажлыг нь хариуцаж хийх хүн байхгүй болчихсон үе байлаа. Тиймээс ээжийнхээ санаачлан хэрэгжүүлж байгаа “Итгэл” сангийн үйл ажиллагаанд гар бие оролцох болсон юм.
Би чинь буурай эмээгийнхээ амины ганц хүү нь байлаа. Ээжийн маань эмээ. Аав ардчилал гээд завгүй, ээж ажил, ар гэр гээд гүйж явсан тэр он жилүүдэд ахыг эмээ маань харин намайг буурай эмээ маань өсгөсөн. Хамтдаа хөзөрдөж, гангар гунгар хийж, цугтаа самар цөмдөг байлаа, хөгшин залуу хоёр. Миний үүдэн шүднүүд уначихсан, эмээ маань хиймэл шүдтэй болохоор самраа бахиар хагалаад суудаг тийм л хүмүүс байв. Намайг бусдаас илүү хайрлаж, хүмүүсээс нууж шөнөөр сэрээж чихэр өгдөг байсан тэр буурай маань хорт хавдрын улмаас бурхан болсон. Хорт хавдрын сүүлийн шатанд орсон үед нь мэдэж эмнэлгээр авч яваад хөнгөвчлөх тасагт хэвтүүлэх гээд чадаагүй гэдэг. Угаасаа улсын хэмжээнд цөөхөн хэдхэн ортой, тэр нь хаанаа ч хүрдэггүй тийм үе байлаа.
Тиймээс ээж маань “Итгэл” санг байгуулж, гэр бүлийнхээ хайртай дотны хүмүүсээ эмчилж чадахгүй ч зовлон шаналлыг нь багасгаж, зовиурыг нь хөнгөвчлөхийг хүсч байгаа олон арван хүнд туслахаар шийдсэн гэдэг. Харин би дөнгөж сургуулиа төгсч ирээд тэр буянтай ажилд өөрийн чадахаар туслах болсондоо баяртай явдаг. Гадаад харилцааг нь гардаж, хэлний мэдлэгээ ашиглаж багагүй төслүүдийг гардан хэрэгжүүлсэн. Одоо энэ сан маань 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хөнгөвчлөх тасгийг нэээж, ЭХЭМҮТ-ийнхөнтэй ч өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.
-Цэргийн госпитальд ажиллах болсон талаараа ярьж өгөхгүй юу?
-Цэргийн төв госпитальд молекул биологич авна гэсэн зар сонин дээр гарсан байна гээд ээж маань над руу утасдлаа. Яваад очсон үнэхээр молекул биологийн лабораторийг ажиллуулах хүн хайж байв. Германы БХЯ-аас манайд PCR, ELISA тоног төхөөрөмж өгч, ажиллуулах хүнээ Германд бэлтгэхээр явуулчихсан нь ирээгүй байлаа. Тэд лабораторио ажиллуулмаар байдаг, мэргэжилтэн нь ирэх болоогүй учраас хүн авахаар болжээ.
-Бодвол яваад очиход чинь Ерөнхийлөгчийн хүү гэж мэдэж байсан байлгүй. Уучлаарай, даргын хүүхэд учраас ажилд авчихсан гэсэн хардлагад л тодруулга авах гээд байна л даа…
-Мэдэж байсан байх л даа. Госпиталь чинь цэргийн анги шүү дээ. Зэвсэгт хүчний 027 дугаар анги. Гэхдээ миний сурсан мэдлэг, ажилласан туршлага намайг ажилд оруулсан. Ангийн захирагчтай нь уулзаад, ажлын ярилцлагад ороход энэ тоног төхөөрөмжийг ажиллуулж чадах уу гэж асууж байлаа. Үнэндээ миний АНУ-д ажиллаж байсан тоног төхөөрөмжөөс өмнөх үеийнх байсан учраас би итгэлтэй чадна гэж хэлж байснаа санаж байна.
Би оюутан байхдаа их сургуулийнхаа дэргэдэх коллежид лаборторийн туслах судлаачаар ажилд орж, хоёр жил гаруй хугацаанд ажилласан л даа. Тэр үед манай сургуулийн эрдэмтэн судлаачид дутуу төрсөн хүүхдийн тархины хөгжлийг дэмжих эмний судалгааг хийж байсан юм. Дутуу төрсөн хүүхдийн тархийг хугацаандаа төрсөн хүүхдийн тархитай харьцуулахад хөгжил сул байдаг. Тиймээс тэр тархины хөгжлийг дэмжих эмийг гаргаж авахын тулд ямар химийн бодис, ямар биологийн урвалаар дэмжих боломжтойг судалж байсан хэрэг л дээ. Миний хариуцаж байсан ажил бол ярихад жаахан зэрлэг санагдаж магадгүй шүү.
Гэхдээ судалгааны ажлын бас нэг чухал хэсэг нь байлаа. Ер нь биологийн түвшинд гахай, хүний физиологи ойролцоо, ДНК нь маш ойрхон байдаг. Тиймээс бид төрөөд нэг хоног болж байгаа тооройн тархин дээр туршилт хийдэг юм. Тооройн тархийг тодорхой хугацаанд агааргүй орчинд байлгахад эсийн бүтэц нь дутуу төрсөн хүүхдийнх шиг болдог. Би нарийн нягт орчинд тэр тархины эсийг хадгалж, үржүүлээд судалгаа руу шилжүүлэх үүрэгтэй.
Жаахан горим алдагдаж, бохир ороход тархины эс үхэждэг учраас дахиад тооройн тархи хэрэгтэй болдог. АНУ-д амьтны эрхийг хамгаалдаг, ёс зүй өндөр хөгжсөн орон учраас нэг тархи авахад их үнэтэй. Горим алдагдуулаад тархины эсийг үхүүлэхэд 25000-100000 ам.долларын алдагдал гарах учраас хичээж ажиллахаас аргагүй. Миний өмнө ажиллаж байсан хүн хоёр сар тутамд нэг тооройн тархи авдаг байсан гэсэн. Харин би ажиллаж байсан хоёр жилийн хугацаанд гурван тархи л авсан. Тиймээс намайг судалгааны ажилд ихээхэн хэмнэлт хийж өгсөн гэж сайшааж байсан шүү. Ямартай ч энэ судалгааны ажилд хувь нэмрээ оруулж явсандаа баяртай явдаг юм.
-Цэргийн хүн болсон түүх сурч ирсэн мэргэжилтэй чинь ингэж холбогдож байгаа юм байна. Гэхдээ дарга нарын хүүхдүүд офицер бэлтгэх дамжаанд хэдхэн хоногт суугаад эсвэл огт суухгүйгээр дэслэгч цол авчихдаг гэсэн яриа байдаг. Өөрөө арай тэгсэн юм биш биз?
-Би анх лабораторийн эмчээр Зэвсэгт хүчинд ажилд орсон. Энэ ахмад цолонд хүрэх боломжтой офицерын албан тушаал. Зэвсэгт хүчин нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэдэггүй. Харин нарийн мэргэжлийн хүмүүс бэлтгэл дамжаанд сууж офицер болдог юм. Таны хэлсэн шиг шүүмжлэл байдгийг би үгүйсгэхгүй ээ. Гэхдээ та бод доо. Офицерын дамжаанд суухгүйгээр цол авах боломж надад хэнээс ч илүү байсан. Энэ салбар бол босоо удирдлагатай. Миний аав Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Гэхдээ би тэгэхийг огт хүсээгүй.
-Өмнөд Суданд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох шийдвэрийг яагаад гаргасан юм бэ. Зарим хэвлэлээр яг үнэндээ яваагүй хэдхэн хоноод ирсэн, бараг л зургаа авахуулаад ирсэн гэлцэж байсан…
-Би яг бусад шигээ есөн сарын хугацаанд албаа хаагаад ирсэн. Анх явахаар болсон тухайд гэвэл би энхийг сахиулах ажиллагаанд явж байгаа цэрэг эрсийн шинжилгээг хийдэг байлаа. Явах гэж байгаа цэргүүд явлаа гэж хөөрч, яваад ирсэн цэргүүд хат тэвчээрээ гайхуулна. Тэгэхэд цэргийн мэдлэгтэй ч болчихлоо, бие хаа ч хатуужлаа. Монгол улсаа төлөөлж энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, хувь нэмрээ оруулья гэж бодсон. Тэгээд өргөдлөө гаргасан.
-Санхүүгийн хувьд боломжийн цалин авдаг гэдэг үнэн үү?
-Үнэн. Энхийг сахиулах үйл ажиллагаанд явах нь санхүүгийн хувьд ч дэмтэй байдаг. Есөн сар үүрэг гүйцэтгэхэд НҮБ-аас бараг манай гурван жилийн цалинтай дүйцэх урамшуулал өгч, эндээ бас үндсэн цалингаа бодуулж авдаг. Бараг дөрвөн жилийн цалингаа авах нь залууст том боломж байдаг. Тэр үед би найз охинтойгоо сүй тавьчихсан байсан.
Ирээд тусдаа гарч, гэр бүлээ зохиох том хариуцлага өмнө маань байсан. Намайг Ерөнхийлөгчийн хүү “Верна” машин унадаг гэнэ. Худлаа даа гэж баахан бичиж байлаа шүү дээ. Үнэндээ би “Верна”-тай л байсан. Бензин бага иддэг, шинэхэн жолооч надад тохирсон унаа. Гэтэл интернэтийн мэдээний сэтгэгдэл дээр намайг цайвар хөх өнгийн лексус машин унадгийг мэднэ гэж бичсэнийг уншиж байлаа. Өөрөө ч мэдэхгүй лексус машинтай болсноо хараад ямар барин тавин худлаа бичдэг юм бэ гэж бодож байсан юм. Явж ирээд чадвал машинаа солихсон гэсэн бодолтой байснаа нуух юм алга.
Залуу хүн бүр л машинтай болохсон, шинэчлэхсэн гэж боддог байх. Ингээд лаборторийн эмчээр явах хүсэлтээ гаргасан. Харин сүүлдээ англи хэлний өндөр мэдлэгтэй учраас НҮБ, НАТО болон Афганистан, Суданы англиар ирдэг мэдээлэл дээр ажиллахад хэрэгтэй гээд цэргийн тагнуулаар явуулах шийдвэр ЗХЖШ-аас гарч, би энэ чиглэлээр сургалтад хамрагдаад явсан юм.
-Асуулт болгонд аавтай тань хамааралтай асуулт тавигдаж байгаад уучлал хүсье. Гэхдээ хүмүүс мэдэхийг хүсч байгаа учраас асуухаас аргагүй байна. Тэнд алба хашиж байхдаа нэр нөлөөг нь ашиглаж байв уу, үнэнээр нь хариулаарай…
-Хувь хүний аюулгүй байдал түүнээс илүүтэй анги батальон цаашлаад гарч болох олон эрсдлийг тооцоод нэрээ Эрхэмбаярын Эрдэнэ гэж явсан л даа. Манай залуус зарим нь надаас асууж ирдэг байсан ч Ерөнхийлөгчийн хүүхэд байсан бол ингэж халуунд халж, буун сум, мина дэлбэрэх эрсдэл дунд явах байсан уу гэхэд “Нээрээ тийм шүү” гэдэг байлаа. Манай ээлжний 850 маань дөрөв хуваагдаж нутаг буцах үед би хамгийн сүүлийн ээлжинд ирсэн юм. Нутаг буцахаас нэг өдрийн өмнө манай дарга намайг Эрхэмбаярын биш Элбэгдоржийн Эрдэнэ гэж нийт бүрэлдэхүүнд зарлаж байсан.
-Аавынхаа нэрээр хүртэл овоглүүлах эрхгүй байж дээ…
-Аавын нэр нөлөө надад амар хялбарыг биш харин илүү амаргүйг дагуулж байсан ч байж магадгүй. Манай ажиллагааны ахлах офицер намайг хэн гэдгийг мэддэг байлаа. Тэр дэд хурандаа, би ахмад. Энд бэлтгэлд байхаас л намайг нэг нүдээрээ ч үздэггүй байсан. Ёстой нүдэнд орсон хог шиг нь байсан даа. Чухал албанд том даргын юу ч үзээгүй хүүхэд гэдсээ илэхээр ирлээ гэж бодож байсан байх.
Түүний хандлага надад шууд мэдрэгдсэн, би ч даргын хүүхэд гэхээсээ хувь ийм хүн шүү гэдгээ харуулах гэж хичээсэн. Тэнд очоод хоёр, хоёроор нь хувааж хамтрагчид болгодог юм. Гэтэл би хуваариар нөгөө дэд хурандаатайгаа таарчихсан. Хэрэв намайг Монгол Улсын хамгийн мундаг, шилдэг цэргийг авчир гэвэл би түүнийг л дагуулж ирэх байх. Үнэхээр ясны офицер хүн. Эхэндээ даргын хүүхэд гэдгээр надад хатуу хандаж, үл ойшоож байсан бол сүүлдээ намайг хувь хүн Эрдэнээр хүлээн авч, ойлгож ханддаг болсон. Бид жинхэнэ хамтрагчид болж, нэгнээ орлож, ойлгож, мэдэрч хүндэтгэх болсон.
-Цэргийн алба, дайнтай газар жинхэнэ цэрэг эх оронч хүн болж төлөвшдөг байх, тийм үү?
-Ер нь Өмнөд Суданд алба хаасан цаг хугацаа намайг өөрийгөө таньж мэдэж, цаашлаад олон зүйлийг харж дүгнэхэд их чухлаар нөлөөлсөн үе юм. Би тэнд хэчнээн газрын баялагтай ч төр засгийн бодлого нь зөв байхгүй бол улс орон яаж уруудаж, ард иргэд нь зовж байгааг нүдээр харсан. Тиймээс төрийн бодлого нь зөв байж, улс төрийн нөхцөл байдлыг үргэлж зөв зүйтэй байлгахын тулд хүчээ өгч, зүтгэх ёстой гэж ухаарсан.
-Тэнд байх үеэс л улс төрийг онцлох болж гэж ойлголоо…
-Би хүүхэд байхаасаа л хүнд туслах ёстой, хүнд туслах ажлыг олж хийх ёстой гэж боддог байв. Гэхдээ хэчнээн сайн эмч боллоо гээд өдөрт үзэж эмчлэх хүний тоо хязгаартай. Хавдрын эсийг эмчлэх эм хийх судалгаан дээр ажиллана гэж гэгээнээр бодоход бодит байдал бас өөр.
Харин улс төрд орж, судалгаан дээр үндэслэсэн төрийн бодлогыг гаргаж, улам бүр сайжруулж, нийгмийг эмчлэх юм бол үр шимийг хүртэх хүний тоо илүү олон юм байна гэж ойлгосон. Би анхны сонгуульдаа саналаа өгчихөөд АН-д элсч байлаа. Харин цэргийн албанд ороод түдгэлзүүлсэн байснаа Суданаас ирээд сэргээсэн. Өөрөөр хэлбэл, тэнд улс төрд орох шийдвэрээ гаргасан гэж болно. Таны хамгийн эхэнд тавьсан асуултын хариу энэ мөн байх гэж би бодож байна.
-Анх улс төрөөр явна гэхэд татгалзаж байсан аав чинь энэ шийдвэрийг чинь хэрхэн үзсэн бол. Явсаар байгаад буцаад л нөгөө шийдвэр дээрээ иржээ дээ?
-Дахиж бид тэр сэдвээр ярилцаагүй. Угаасаа үзэл бодол маань хэрхэн өөрчлөгдсөнийг миний шийдвэр, хнадлагаас бага багаар мэдэрч, ойлгож байсан болов уу. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн маань магадгүй миний үндсэн мэргэжилтэй холбоотой байх.
Би чинь хамгийн жижиг биет болох эсийг судалдаг хүн шүү дээ. Тиймээс аливаа асуудал бэрхшээлийг шийдэхийн тулд хамгийн жижиг нэгжээс нь, эс ширхэгээс нь эхлэх ёстой гэдгийг мэддэг хүний хувьд хороонд ямар асуудал байна, цаашлаад айлын хашаанд юуг эхэлж шийдэх ёстойг мэддэг байх ёстой гэж бодоод сонголтоо хийсэн.
-Тэгэхээр Оксфорд руу явж сурах болсон нь улс төрд орох шийдвэртэй чинь холбоотой байсан уу?
-Тийм ээ. Би улс төр болон төрийн бодлогын талаар мэргэшихийн тулд дэлхийн шилдэг их сургуульд явж, цогц мэдлэгтэй болох ёстой гэж шийдсэн. Олон улсын мундаг их сургуулиудад оюутан нь хэний хэн байх нь огт хамаагүй, харин тухайн хувь хүн юунд зорьж юуг хийж бүтээхийг хүсч байгааг харж шалгаруулж сонгодог. Жилд 100 гаруй оюутан сонгож авдаг, тэр дундаа тэтгэлэг авахын төлөө бүр ч илүү өрсөлдөх хэрэгтэй болдог.
Юутай ч Оксфордын их сургуулийн улс төрийн сургуулийг төгссөн анхны монгол оюутан нь би болсон. Манай ангид дэлхийн 54 орны оюутан суралцаж байлаа. Улс орондоо хариуцлагатай алба хашиж байсан, олон улсын байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай олон мундаг хүмүүстэй нэг анги болж суралцаж төгссөндөө баяртай явдаг. Тэнд улс төр судлаач-нийтийн удирдлагаар магистрын цол хамгаалаад ирсэн.
-Оксфордод төрийн тэтгэлгээр суралцсан уу?
-Үгүй. Оксфордын их сургууль нийт зардлын минь 80 хувийг тэтгэлэгт хамруулсан. Харин бусад зардлаа өөрийнхөө олсон мөнгөөр болон ах нарынхаа дэмжлэгээр бүрдүүлсэн.
-Аавынхаа гаргаж байсан улс төрийн шийдвэрүүдээс таалагдаагүй, буруу байна даа гэж бодогдож байсан шийдвэр бий юу?
-Сурч мэдсэн зүйл дээрээ тулгуурлаад эргээд бодохоор аав хээл хахууль, авлигын эсрэг шууд тэмцсэн нь жаахан бурууджээ гэж боддог. Ерөөсөө шууд тэмцэхээ зарлаад, хатуу арга хэмжээ аваад эхэлсэн.
Гэтэл багш нарын зааж хэлж байснаар бол авлига хээл хахууль авдаг хүмүүс үүнд маш эмзэг ханддаг учир хамаг хүчээрээ эсэргүүцэн босдог. Тиймээс маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг байгаа юм. Ялангуяа улс төр дээр энэ нь маш тод харагддаг. Харин үүнтэй тэмцэхдээ заль гаргаж, тойруу аргаар аажим урагшлах ёстой гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.
-Танай эмнэлэг мэргэжлийн судлаач эмч нь өөр сонголт хийгээд явахад харамсалтай байсан байх даа?
-Би цэргийн байгууллагад ороод гурван жил ажилласан. Энэ хугацаанд өөрийнхөө дараагийн үеийг бэлтгэхийн тулд өөрийн сурч мэддэг бүгдээ харамгүй хуваалцсан. Германд бэлтгэгдэж ирсэн мэргэжилтэн, бас яг өөрийгөө дагалдуулж нэг залууг бэлдсэн.
Бас нэг судалгааны ажил эхлүүлж хийсэндээ баяртай явдаг. Өмнөд Суданд манай улсад байхгүй зөндөө өвчин бий. Монголд байдаггүй тийм өвчинтэй тулгарвал яах вэ, есөн сарын дараа энхийг сахиулагчид буцаад ирэхэд ямар хүндрэл гарч болох вэ гэдгийг судлах л ёстой. Манайхан явахаасаа өмнө шинжилгээ өгч, ирээд бас өгдөг гэж хэлсэн дээ. Тэгэнгүүт тэнд байхдаа ямар өвчин, нян бактериар халдварлагдсан нь гараад ирнэ. Сериологийн судалгааны үр дүнд гарсан нэг жишээг дурдая л даа. Тэнд байдаг денги гэдэг ханиад бий. Анх халдварлаад өвчлөхөд тийм ноцтой биш.
Гэвч хоёр дахь удаагаа халдвар авбал маш хүнд өвчилж, улмаар амь насаа алдах аюултай. Тэгвэл судалгааны үр дүнд манай дайчдаас хэд хэдэн хүн денги ханиадаар өвчилж, вирус авсан нь тогтоогдсон. Нэг удаадаа зүгээр ч дахиад авбал амь насаа алдах магадлал 90 хувьтай учраас бид энэ судалгааг хийснээр тэр эрсдлээс сэргийлэх боломжтой болсон.
-Яагаад Баянзүрх дүүрэгт өрсөлдөх болов?
-Миний суралцаж байсан ерөнхий боловсролын сургууль маань БЗД-т байлаа. Би чинь цэрэг хүн, офицер хүн. БЗД бол цэргийн анги, цэргийн албан хаагчидтай тун ойр дүүрэг. Би цэргийн амьдралд хайртай, энхийг сахиулагчдаа хүндэтгэн бахархдаг нэгэн. Цэргийн ар гэрийг авч яваа гэр бүл, бүсгүйчүүд тун гайхалтай хүмүүс. Би цэргүүд, тэдний гэр бүлийнхэн, БЗД-ийн иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн тулд судлаач хүнийхээ хувьд зөв бодлого боловсруулж, хамтран ажиллаж хөгжиж урагшлахыг хүсч байна. Гэр хороололд амьдрал амаргүй байгаа.
Гэхдээ энд л хэцүү байдаг, эндээс л утаа үйлдвэрлээд байдаг юм шиг өрөөсгөл ярихад би дургүй. Гэр хорооллын найз нар маань “Хоёр өрөө байранд ороод яах юм. Хашаандаа хоёр давхар байшин бариад, ногоогоо тариад амьдарч болж байна ш дээ” гэдэг юм. Гэхдээ тэр хашаандаа хүрэх гудамж нь гэрэлтэй, зам нь хальтиргаагүй, аюулгүй тайван байх ёстой. Үүнийг төр бодлогоороо хийж өгөх ёстой юм. Өнгөрсөн жилүүдэд энэ чиглэлээр хийгдэж ирсэн сайн ажлууд бий. Гэхдээ улам тогтвортой, илүү сайн болгохын төлөө би хичээж ажиллах болно.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Миний гэргийг Ч.Ариунжаргал гэдэг. Бид чинь бараг хоёр настайгаасаа нэгнээ мэдэх хүмүүс. Манайхыг төмөр замд байхад тэднийх манай хөрш байсан учраас аав, ээж маань эхнэрийг маань, хадмууд маань ч намайг бүр бага байхаас нь мэднэ. Хүүхэд байхаасаа нэг нэгнээ мэдэх учраас маш сайн ойлголцдог. Өмнөд Суданаас ирээд бид нэг гэртээ орж, жилийн дараа охин маань төрсөн. Харин саяхан шинэ хүнтэй боллоо.
-Өөрөө 1989 онд мэндэлсэн. Аавыгаа жинхэнэ ардчилал эрх, чөлөөний талаар нөхөдтэйгөө ярьж бодож боловсруулж байх үед төрсөн юм байна. Сүүлийн үед ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн АН-ын шинэчлэлийн талаар багагүй ярих болсон. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Аливаа улс төрийн нам үргэлж шинэчлэгдэж, цаг үетэйгээ уялдаж өөрчлөгдөж байх ёстой гэж би үздэг. Өөрөөр хэлбэл нам шингэн биет байх ёстой. Шингэн зүйл ямар ч саванд орсон савныхаа хэлбэрээр өөрчлөгддөг шиг нам уян хатан, шинэчлэгдэх чадвартай байх ёстой. АН-ыг улс төрийн институт шиг болгож, улам бүр бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.
Э.Энэрэл
Эх сурвалж: “Өдрийн сонин”