Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит 20 дугаар хуралдаан өнөөдөр болж тус хорооны дарга П.Цагаан хуралдааныг удирдан явууллаа.
Хуралдааны эхэнд тус хороноос 2013 оны эхний хагас жилд хийсэн ажлын талаар Үндэсний хорооны ажлын албаны дарга Р.Мягмар танилцуулав. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхүүдэд 2011-2013 онд нийт 121,6 мянган ширхэг сайжруулсан зуух, 21 мянган ширхэг гэрийн дулаалга, 7,5 мянган дулаан баригч, нэг мянган яндангийн шүүлтүүр, 5,15 мянган гонх, 98 тооны эрчим хүчний хэмнэлтэй сууцыг хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй олгожээ. Нийслэлийн хэмжээнд 2000 өрх цахилгаан халаагуур хэрэглэж байгаа юм байна. Цаашид нийслэлийн гэр хорооллын өрхийг сайжруулсан зуухаар бүрэн хангахад 45 мянган ширхэг зуух шаардлагатай байгаа бөгөөд эдгээрийг “Цэвэр агаар сан” болон шинээр хэрэгжиж эхэлж байгаа Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.
Нийслэлийн хэмжээнд жилд 800 мянган тонн түлш хэрэглэдэг аж. Өнгөрсөн 2012-2013 оны халаалтын улиралд нийслэлийн түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүсийн нийт өрхийг шахмал түлшээр бүрэн хангахад 34 мянган тонн түлш шаардлагатай байжээ. Гэвч ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн барьж байгаа хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад ороогүй, одоо ажиллаж байгаа шахмал түлшний жижиг үйлдвэрүүд төслийн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байгаагаас найман мянган тонн түлшийг л нийлүүлжээ. Улаанбаатарын төвийн зургаан дүүргийн утааг 50 хувиар бууруулах боломжтой түлш бол үртсэн шахмал түлш. Гэвч энэ нь түүхий нүүрснээс 2-3 дахин өндөр үнэтэй, нийслэлийн өмчит нэг, хувийн хэд хэдэн үйлдвэр нийлээд жилд дөнгөж наймхан мянган тонн шахмал түлш гаргаж буйн гурван мянган тонныг нь нийслэлийн өмчит ганц үйлдвэр дангаараа үйлдвэрлэж байгаа юм байна. Монголд мод боловсруулах үйлдвэр цөөн тул үртсээр хангах боломжгүй, ОХУ-ын Красноярск, Иркутск орчмоос модны үртэс авах боломжтой ч тээврийн зардал маш өндөр байгааг хэлж байв. Нэг тонн үртэсний үнэ 253 мянган төгрөг, үүгээр зөвхөн Баянгол дүүргийг хангая гэвэл 7,6 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гаргажээ. Нийт 600 мянга орчим тонн үртэс авч чадвал Улаанбаатарын утааг 60 хувь бууруулах боломжтой юм байна. Утааг бууруулахад ирэх жил 200 орчим тэрбум төгрөг төсөвт суулгуулахаар болжээ.
Хангайн бүсийн аймгуудын ой хөвчийн унанги модыг зохион байгуулалттайгаар бэлтгэж чадвал үртэс, түлшний модны хэрэгцээний зохих хувийг хангаж чадна гэсэн санал хуралдааны үеэр гарч байлаа.
Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг хуралдааны үеэр танилцууллаа. Тус төслийн захирал Н.Энхболдын танилцуулснаар Дэлхийн банкны санхүүжилтээр Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл хэрэгжүүлж эрчим хүчний хэмнэлттэй зуухаар хангахаар болсон байна. Өмнө хэрэгжүүлж байсан Мянганы сорилын сангийн төслийн ажил дуусч байгаа бөгөөд тус төсөл болон бусад хөтөлбөрүүдээс орхигдсон ажлыг Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл нөхөн хэхэгжүүлэхээр болжээ. Нийслэлийн 45 мянган өрх эрчим хүчний хэмнэлттэй зуухны төсөлд хамрагдалгүй үлдсэнийг уг төслөөр нөхөж хамруулахаар болжээ. Зуух сонгох ажлыг хийж 15 төрлийн зууханд ШУТИС-ийн лабориторийг ашиглан туршилт хийхэд дөрвөн төрлийн зуух тэнцсэн байна. Үүний нэг нь дотоодын үйлдвэрийн, хоёр дахь нь Хятадад үйл ажиллагаа явуулдаг Монголын хөрөнгө оруулалттай үйлдвэрийн, үлдсэн хоёр төрлийн зуух нь Туркт үйлдвэрлэсэн зуух ажээ. Зуухыг 29 мянга орчим төгрөгөө борлуулах санал оруулж байгаа юм байна.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний дарга П.Цагаан шахмал түлшний үйлдвэрүүдтэй гэрээгээ түргэн байгуулах, бүрэн шаталтат нанобензин, нанотехнологийг нэвтрүүлэх ажлыг шуурхайлах, ой цэвэрлэж шахмал түлшинд хэрэглэх зэрэг ажлыг түргэвчлэх хэрэгтэй гэж байлаа. Бүрэн шаталттай нанобензин үнэхээр дэвшилттэй зүйл мөн бол цаг алдалгүй нэвтрүүлэх шаардлагатай гэсэн юм. Хэрэв ДЦС-2 ТӨХК шахмал түлшний үйлдвэр барих амлалтаа хэрэгжүүлж чадахгүй бол мөнгөө буцааж тушаа, эсвэл түлшээ нийлүүлэх ёстой гэдгийг хатуу анхаарууллаа. Мөн ирэх өвөл нийслэлийн утааг дахин 20 хувиар бууруулахаар ажиллах ёстой гэлээ.