ХБНГУ-аас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа бригадын генерал Шоепе тэргүүтэй албаныхан өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчиллаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Герман Улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаа бөгөөд үүний нэг нь хоёр улсын цэргийн алба хаагчид хамтран энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа явдал юм. Тодруулбал, Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагуудын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчин ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүн 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүргээ амжилттай биелүүлж байгаа бөгөөд НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-ны үндсэн зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сурган дадлагажуулах, дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа бөгөөд энэхүү ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Ирэх арванхоёрдугаар сард ажиллагааны газар орныг зорих Монгол Улсын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн цэргийн баг буюу Сургалтын бүлэг Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд бэлтгэлд гараад байгаа бөгөөд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатар, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Бригадын генерал Шоепе, ХБНГУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штепан Дуппел тэргүүтэй төлөөлөгчид, ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд, БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Самдангэлэг тэргүүтэй албаныхан өнгөрсөн баасан гаригт Сургалтын бүлгийн бэлтгэл сургуулилттай танилцлаа.
ХБНГУ-ын Зэвсэгт хүчний 40 гаруй сургагч багш Сургалтын бүлгийн бэлтгэл сургуулилтыг удирдан явуулж байна. Тэд бэлтгэл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд ажиллагааны газар оронд очоод хэрхэн ажиллах, зөрчилдөөн мөргөлдөөн гарсан нөхцөлд хэрхэн багаар ажиллах гэхчилэн практик дадлага голлосон сургалтыг манай цэргийн алба хаагчдад явуулж байгаа ажээ. Германы талаас бэлтгэл сургуулилтын талаар ерөнхий танилцуулгыг хүргэсний дараа практик дадлага бүртэй танилцуулав. Үүнд, татан гаргалт буюу гамшгийн үед нэгэндээ эрүүл мэндийн тусламж үзүүлэх тухай сургалт, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ хэрхэн ажиллах тухай бүлэг, бүлгээр нь сургалт явуулж байна. Германы сургагч багш нар Монголын цэргийн алба хаагчдыг сурах арга барил сайтай, аливаа зүйлийг маш хурдан хугацаанд сурч, эзэмшдэг гэж үнэлж байлаа.
Үүний дараа Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай, ХБНГУ-аас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа бригадын генерал Шоепе тэргүүтэй албаныхан Германы Зэвсэгт хүчний сургагч багш нарын байр, ахуй нөхцөлтэй нь танилцав.
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн штабын дарга, дэд хурандаа Р.Энхболд Сургалтын нэгдсэн төв нь бүс нутгийн олон улсын төв болж итгэмжлэгдсэн тухай, ангид нь олон улсын болон хамтарсан сургуулиуд амжилттай болдог тухай, энхийг сахиулагчид ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулилт болон БХЯ, ЗХЖШ-ын төлөвлөгөөт стратегийн сургалтууд энэ ангид нь болдог тухай, хугацаат цэргийн алба хаагчтай болсон гэхчилэн Зэвсэгт хүчиндээ багагүй ачаа үүрч ажилладаг хамт олныхоо тухай мэдээлэл, танилцуулгыг хүргэсэн юм.
Танилцуулгын дараа Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржийн сэтгэгдлийг сонсоход ийн ярив.
“Герман, Монгол хоёр улсын хамтын ажиллагаанд Батлан хамгаалах салбар чухал үүрэгтэй. Манай хоёр улсын Зэвсэгт хүчний хөгжил жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд үүний нэг харилцаа бол энхийг сахиулах ажиллагаанд хамтран оролцож байгаа явдал юм. Энхийг сахиулах ажиллагаанд хамтран оролцохдоо ямар ч эрсдэлгүй байх нь хамгийн том зорилт байх учиртай. Энэ талаасаа Германы сургагч багш нар анхаарч, манай алба хаагчдад ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулилтыг явуулж байгаа гэдгээ илэрхийлж байна. Миний хувьд энэ ажлынхаа далимаар Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай давхар танилцаж амжлаа. Нэгэнт бүс нутгийн сургалтын төв болон итгэмжлэгдсэн учраас бүс нутагтаа өрсөлдөхүйц хүчирхэг төв байх ёстой. Үүнд нь Батлан хамгаалах яам ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг стратеги боловсруулах шаардлагатай гэдгийг нь анзаарч байна. Нөгөө талаас бэлтгэл сургуулилт болдог энэ төвийн үйл ажиллагаа, цар хүрээг улам өргөжүүлэхэд техникийн тусламж үзүүлэх хэрэгтэй байна. Мөн энхийг дэмжих ажиллагааг бригадын системд оруулсан учраас штабынх нь байр болон бусад нөхцлийг яаралтай бүрдүүлж өгөх, сургагч багш нарыг гадаадын орнуудад сургаж мэргэшүүлэх шаардлага байна. Энэ бүхнийг сайдын зөвлөлийн хурлаар танилцуулж шийдвэрлэхийн төлөө ажиллана.
-Та саяхан ХБНГУ-д болсон Монгол-Германы Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалтад оролцоод ирсэн. Энэхүү уулзалтаар манай дайчдын талаар ямар санал хэлж байна вэ?
-Монгол-Герман улсын Батлан хамгаалах яам хоорондын 12 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт амжилттай боллоо. Зөвлөлдөх уулзалтыг миний бие удирдаж ажилласан байгаа. Германы талаас “Монголын цэргийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар өндөр, сонор сэрэмжээ алддаггүй, сахилга баттай, бие бялдар нь эрүүл чийрэг. Хамтран ажиллахаад сэтгэл өндөр байдаг” хэмээн онцолж байна лээ. Салбарынх нь дэд сайдын хувьд магтаалыг нь сонсоод баярлаж суулаа.
Батлан хамгаалах яам