Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээ үргэлжилж байна. Ойн хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөл ба Оросын монголч эрдэмтдийн нийгэмлэг, Оросын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэн, Монгол Улсын ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн болон Оросын Социологийн хүрээлэнгээс хамтран “Орос-Монгол Улс: түүх, XXI зууны сорилт, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд болов.
Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, Дорно дахин судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний удирдагч В.В.Наумкин Эрдэм шинжилгээний бага хурлыг нээв.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ, “Манай хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа өнө эртний түүхтэй бөгөөд БНМАУ-ын орчин үеийн боловсрол, шинжлэх ухааны суурийг тавихад орос, зөвлөлтийн эрдэмтэд сэтгэл харамгүйгээр тусласан. Энэ жил бид монголын үндэсний боловсон хүчнийг ЗХУ, ОХУ-д бэлтгэж эхэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ хугацаанд Монгол Улсын хөгжил цэцэглэлт, монгол, оросын ард түмний найрамдлыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж буй 60 мянга гаруй дээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Тус эрдэм шинжилгээний бага хурал бол “Дэлхийн монгол судлалд манай хоёр орны эрдэмтдийн оруулж байгаа чухал хувь нэмрийн нэг илрэл” мөн гэж тэмдэглээд хурлыг зохион байгуулж, санхүүжүүлсэн Монгол Улсын ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуунд талархал илэрхийлье” гэв.
ОХУ-ын ГХЯ-ны Азийн 1-р газрын ахлах зөвлөх В.В.Окнянский, МУ-ын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун, Оросын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ-сургалтын төвийн удирдагч, профессор З.Т.Голенкова нар баярын мэндчилгээ дэвшүүлэв.
“Монгол, Оросын улс төр-дипломат харилцааны түүх”, “Анхдугаар Жавзандамба хутагт ба Оросын хаант улсын харилцааны түүх”, “Монгол-Оросын худалдаа-эдийн засгийн харилцааны түүх”, “Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Монгол, Оросын цэрэг-улс төрийн харилцааны түүх”, “Орос, Монголын XXI зуун дахь стратегийн түншлэл”, “Монгол, Оросын харилцаан дахь “зөөлөн хүчний” бодлого”, “Монгол, Оросын соёл, шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагаа”, “Монгол, Оросын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт экологийн баримжаат бизнес ба аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж”, ““Монгол-Орос дэлгэрэнгүй их толь” төслийн хамтын ажиллагааны үр дүн”, “Монгол, Оросын тоо бүртгэл, татварын албаны зохион байгуулалт, шинэчлэл”, “Орос, Монголын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт “ногоон” эдийн засгийг хөгжүүлэх загвар” зэрэг сэдвээр хоёр орны их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн 23 байгууллагын 45 судлаачийн 41 илтгэлийг сонсон хэлэлцэв.
ЭСЯ-ны Худалдаа-эдийн засгийн зөвлөх Д.Баасанхүү “Монгол, Оросын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа: түүх, ололт, асуудал, хэтийн төлөв” сэдэвтэй илтгэл, Гуравдугаар нарийн бичгийн дарга Ц.Сайнсанаа бусад судлаачидтай хамтран “Монголын тусгаар тогтнолын төлөө хамтын тэмцэл: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт илтгэлийг тус тус хэлэлцүүлэв.
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Санкт-Петербургийн Кунцкамер, Эрмитаж музейд хадгалагдаж буй XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн монголчуудын ахуй амьдралыг харуулсан фото зургийн үзэсгэлэнг тус ЭСЯ-аас Монгол Улсын ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулав.
Гадаад харилцааны яам