Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэг/ЭРРА/-ийн Эрчим хүчний хөрөнгө оруулалт, зохицуулалтын 15 дугаар бага хурал Словак улсын нийслэл Братислав хотноо 2016 оны 10 дугаар сарын 15-23-ны өдрүүдэд болж байна. Тус хуралд Монгол улсаас Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Тусгай зөвшөөрөл, орон нутгийн зохицуулалтын хэлтсийн дарга Н.Жигжидсүрэн, Үнэ тарифын зохицуулалтын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцож байна.
Энэхүү бага хурлын хүрээнд ЭРРА-гийн гишүүн байгууллагуудын дарга нарын зөвлөлийн хурал хуралдаж сүүлийн үед хийгдсэн зохицуулалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, жинхэнэ гишүүн, ажиглагч гишүүнээр элсэхээр хүсэлт ирүүлсэн улсуудын асуудлыг хэлэлцэж байна. Мөн Тусгай зөвшөөрөл, өрсөлдөөний хороо, Үнэ тарифын хороо зэрэг мэргэжлийн байнгын хороодын жилийн үйл ажиллагааны тайлантай танилцаж цаашид ажиллах ажлын чиглэл, төлөвлөгөөг хэлэлцэн батлаж, хийн зах зээлийн хөгжлийн өнөөгийн байдалтай газар дээр нь танилцах юм.