Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулгын Гадаад харилцаа хариуцсан Элчин Сайд Владимир Петровичийг 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулгын тоглолтыг Улаанбаатар хотноо 2017 онд зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга хооронд хамтын ажиллагааны тухай Санамж бичигт 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Вашингтон хотноо гарын үсэг зурснаар дэлхийд алдартай тус чуулгын бүрэн хэмжээний тоглолтыг монголчууд маань таалан сонордох боломж нээгдсэн юм.
Тус чуулгын нийт бүрэлдэхүүн болох 135 уран бүтээлчид ирэх оны 6 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд бүрэн хэмжээний 3 удаагийн тоглолт хийхээс гадна манай урлаг соёлын сургуулийн оюутан, багш нартай туршлага хуваалцах хамтарсан тоглолт, уулзалт, ярилцлагыг хийхээр төлөвлөж байна.
Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга нь 1900 онд байгуулагдсанаасаа хойш сонгодог хөгжмийн гайхамшгийг дэлхий нийтэд мэдрүүлж олон орноор аялан тоглолт хийсэн АНУ-ын “Их таван” симфонийн нэг билээ.
Гадаад харилцааны яам