“Цахим гадуурхал цаашаа” үндэсний хөтөлбөрийг зарлалаа

img_0270

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүүхдийг амьдрах ухаанд сургаж, харилцааны зөв хэвшилтэй, бусдыг хүндлэх, хариуцлагатай, итгэл даах чадвартай болгон төлөвшүүлэх цогц бодлого хэрэгжүүлнэ (3.2.12). Ерөнхий боловсролын сургуульд сурагчдын амьдрах ур ухааныг хөгжүүлэх, аюулгүй байдлын сургалтыг нэвтрүүлж, хүүхдийг эрсдэлгүй, осол эндэлгүй, аюулгүй эрүүл амьдрах чадварт сургана (3.2.14) гэж тусгасны дагуу БСШУСЯ-аас сургуулийн орчин дахь болон цахим гадуурхлыг зогсоох зорилгоор “ЦАХИМ ГАДУУРХАЛ ЦААШАА” уриан дор үндэсний хөтөлбөрийг санаачлан эхлүүлж байна.
img_0298

“Цахим гадуурхал цаашаа” уриан дор эхэлж буй хөтөлбөр нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй сошиал медиа орчинд өрнөж буй цахим амьдрал, интернетийн зөв хэрэглээ рүү чиглэж байна. Кибер буюу цахим ертөнцөд дээрэлхэх гэдэг нь ухаалаг гар утас, компьютер зэрэг цахим хэрэгсэл ашиглан бусдын нэр хүндэд халдах болон дарамтлахыг хэлнэ.Гадуурхлын олон хэлбэр байдаг ч олон нийтэд хурдан хүрдэг, хүссэн үедээ үйлдэж болдог, өргөн цар хүрээг хамардаг зэргээрээ цахим гадуурхал нь илүү хор хөнөөлтэй аж. Цахим орчин дахь гадуурхал нь тухайн хүүхдийг өөртөө итгэлгүй болгохоос эхлээд амиа хорлоход хүргэж байна. Хөтөлбөрийг дэмжиж ЭМЯ, НЭМХ, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир спорт хөгжлийн газар, ЮНИСЕФ, “Дэлхийн Зөн” ОУБ, Хүүхдийг Ивээх Сан, “Үндэсний Өгөх Өдөр Хөдөлгөөн”, “Оюунлаг Монгол Хүн” ТББ зэрэг байгууллагууд оролцож байна.

img_0312

Хөтөлбөрийн нээлтээр улсын хэмжээний бүх ЕБС-иудад “Цахим гадуурхал цаашаа” сэдэвт хичээл орж, сурагчдыг бие биендээ хүндэтгэлтэй хандахыг уриалах юм. Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 11 дүгээр сарын 1-нээс эхлэн “Таны нэг удаа бэлэглэсэн 350 грамм цус гурван хүний амь аврана” уриан дор сайн дураараа цусаа өгөх өдөрлөг болно.

НЭМХ-ээс 2010, 2013 онуудад хийсэн “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-наас үзэхэд, дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодож, долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлогыг хийсэн гэж хариулсан байна. ЦЕГ-аас мэдээлэхдээ улсын хэмжээнд өнгөрсөн дөрвөн жилийн дотор насанд хүрээгүй 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорложээ.

img_0321

БСШУСЯ

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …