Өнөөдөр Монгол бахархалын өдөр гээд “бахархалын чанартай” мэдээллүүд ихээхэн гарч байна. Олныхоо дунд нэр хүндтэй нэгнийг нь шагнаж байна. Иргэд үүнд нь сэтгэл дүүрэн хүлээн авч байх юм. Ингээд л болоо юу? Харин Бид үнэндээ Чингис хааныхаа тухай мэдэхгүй, түүхээ үл хүндэтгэсэн байдалтай, өвөр зуураасаа гарахгүй сэтгэлгээтэй амьдарсаар л. Өдөр хоногийг өнгөрүүлсээр. Гэтэл дэлхий нийт Чингис хааныг судлаад байхад бид өөрсдөө 800 гаруйхан жилийн өмнөх их хааныхаа хөрөгт ч сэтгэл дундуур. Хятадууд зурсан юм төрх нь биш гэх хэсэг байхад их хааны хөрөг үндэслэлтэй судалгаатай хийгдсэн гэж маргах нэг нь бий. Энэ мэт дэлхийн талыг тахир сэлмээр эзлэж явсан Их хааны маань дүр “төрх” хүртэл үр хүүхэд бидэнд нь “эргэлзээтэй”.
Бид өнөөдөр Их хаанаараа бахархана гээд яах ёстой вэ? Яах ч учраа олохгүй байна. Ядахдаа л бид Чингис хаанаараа бахархаж мэдэхгүй, түүгээрээ онгирч чадахгүй, үр хүүхэддээ ярьж өгүүлж чадахгүй, 800 гаруй жилийн өмнө Монгол өв соёл ахуй амьдрал ямар байсан тухай мэдлэггүй болж. Уг нь бид үр хүүхдүүддээ жилийн жилд Чингис хаанаар нь бахархуулах сайхан түүхийг ярьж өгч баймаар санагдана. Нэг үгээр бид хоосон бахархаад суухаас өөр юу ч хийж мэдэхгүй байна. Ашгүй нэг өдөр амарлаа гэхээс биш цаад утга санааг нь ойлгуулахгүй байна. Зурагтаа ширтэн өдөржин сууж байгаа хүнд улс шагнал өгч байгаа тухай мэдээ, дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа тухай, хэвлэл мэдээллийнхэний бэлтгэсэн мэдээллийг үзээд л өнгөрч байна.
Гэтэл үнэндээ түүхийн энэ өдрийг хүүхдийн театрт үнэгүй Чингис хааны жүжиг тоглогдож, Чингис хааны байлдан дагуулалттай холбоотой музей гарч, Чингис хааны түүхийн тухай онц сонирхолтой цэнгээнт нэвтрүүлэг хийгдэж, Сурагчдын дунд Их хааны тухай мэтгэлцээн өрнөж, Ерөнхийлөгч хааны нууцлагдмал удирдлагын тухай хэлэлцүүлэг хийж баймаар өдөр. Бүтэн өдөржин хаана ч явсан Их хаанаараа бахархах сэтгэл төрөх ёстой ийм өдөр. Гэтэл зүгээр л нэг амралтын өдөр болгож хэн ч түүнийг санахгүй, дурсахгүй шахуу болж. Чингис хаан гээд ярихаар архи уухыг уриалан дуудах гээд байгаа шиг архины шилэнд Их хаан маань “хамааралтай” болж.
Чингис хаан байгаагүй бол Монгол гэж байхгүй байсан бол гэж хэн ч түүгээр бахархахгүй юм. Түүний байгуулсан гавъяа хатуудаа хатуу зарлиг, зөөлөндөө зөөлөн энэрэлийг сургууль болгон хэрэгжүүлэхгүй байгаагийн тод жишээ бол яахын аргагүй энэ төрийн удирдлага. Жишээ нь Чингис хаан Хятадуудыг “чичрүүлж” явсан байхад одоо цагт бид Хятадуудтай сүлбэлдэн гүйх аж. Муу удам, муу үр дагаварыг мэдсэн мэдэрсэн түүний энэ үйлдлийг одоо цагт үгээрээ, үйлээрээ бид эсэргүүцэж байна. Бид угаас түүн шиг дэлхийн талыг байлдан дагуулж чадахгүй ч ядахдаа түүний сургуулиас болох болохгүйг нь ялгаж амьдрал ахуйдаа хэрэглэхсэн дээ. Бид хоосон бахархаад өнгөрмөөргүй байна. Дэлхий таних их хүмүүний үр сад нь Их хааны үйлээ эсэргүүцэн, өөр хоорондоо хов ярихаас хэтэрхээргүй жижигхэн болж дээ.
Б.Цацралт