БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотноо болж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын чуулга уулзалтанд Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг ази тив нь газар хөдлөлт, цунами, далайн шуурга, үер ус, зуд, ган зэрэг гамшиг эрсдэлд олонтаа өртөж, ихээхэн хохирол амсдаг юм.
Байгаль цаг уурын болон хүний хүчин зүйлээс үүддэг гамшгийн эрсдэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг арилгахад нэг улсын хүчин чармайлт хангалтгүй тул Азийн бүс нутгийн энэхүү арга хэмжээг Энэтхэг улсын Засгийн газар, НҮБ-тай хамтран анх удаа зохион байгуулж байна.
Энэтхэгийн Засгийн газар уг арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байна. Ерөнхий сайд Н.Моди бүс нутагт тохиолдож буй байгалийн гамшгийн талаар судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, гамшиг ослыг эрт мэдээлэх урьдчилан сэргийлэх, хүн ардыг мэдээллээр хангах, даатгалын сан үүсгэх, зам барилгын чанарыг стандартад нийцүүлэх зэрэг 10 зүйл төлөвлөгөөг хэрэгжүүлж буйг нээлтийн хуралдаанд танилцуулав.
Чуулга уулзалтанд Азийн 39 орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд 34 улс сайдын төвшинд оролцож, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх сайд нарын хуралдаанд 2018 оны Азийн сайд нарын дараагийн хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын албатай хамтран ажиллаж байгаа болон Монгол улс гамшгийн эрсдэлийг бууруулахаар хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэв.
Түүнчлэн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Б.Бадрал, Дэд дарга хурандаа Ц.Ганзориг нар чуулга уулзалтын салбар хуралдаануудыг удирдаж, Шадар сайдын ажлын албаны ажилтан Л.Саянаа, ОБЕГ-ын ахлах мэргэжилтэн Ч.Ариунаа нар илтгэл хэлэлцүүлэн, Гамшигт тэсвэртэй хот болох зорилтот хөтөлбөрт нэгдэн орох Улаанбаатар тэргүүтэй гурван хотыг төлөөлж Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гарын үсэг зурав.
Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай элч Роберт Глассертай уулзаж ярилцав.
Азийн сайд нарын чуулга уулзалт гурав хоног үргэлжлэх бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Засгийн газруудын хамтарсан Шинэ Делийн тунхаглал, Сендай программыг хэрэгжүүлэх Азийн хөтөлбөр зэрэг баримт бичгийг батална.
Гадаад харилцааны яам