Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 06-ны өдөр Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Тус боомтод хил хамгаалах, гааль, хорио цээрийн хяналт, гадаадын иргэн харъяатын чиглэлийн 130 гаруй хүн долоо хоногийн зургаад нь өдөрт 12 цагаар төрийн үйлчилгээг үзүүлдэг. Гэвч тэдэнд үйлчлэх нэг ч эмч, хэв журам сахиулах нэг ч цагдаа байдаггүйн дээр ундын усаас 22 км-ийн цаанаас зөөж, цахилгаанаас хилийн цаанаас авч, халаалтгүй сэндвичин байшинд амьдардаг гээд орчин нөхцөл үнэхээр байхгүй. Тэгсэн атлаа ачаалал нь 100 тоннын даац бүхий 1000 орчим машиныг хилээр нэвтрүүлдэг бөгөөд үүнд нь өдхийн 12 цаг аримдаа хүрэлцдэггүй байна. Нэг машин ойролцоогоор гурван өдөр дугаарлаж байж хил гарах ба нүүрс, баяжмал ачсан машины цуваа заримдаа 30 км-тэй тэнцэх урт дараалал үүсгэдэг байна. Тийм учраас бүтээгдэхүүнээ энэ боомтоор гаргадаг “Оюутолгой”, “Эрдэнэс-Тавантолгой”, “Энержи ресурс” зэрэг компаниуд Гашуунсухайтын боомтыг долоо хоногийн долоо өдөрт 24 цагаар ажилладаг болгох талаар санал тавьдаг байна.
Энэ танилцуулгыг сонссоны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, энэ боомтоор нүүрс болон баяжмал гаргах нь чухал ч, хамгийн гол нь хүн амьдардгийг, хүн амьдрах ёстойг, нүүрсийг жолооч нар зөөдгийг мартсан байна. Хилийн наана цаана, хэдхэн зуун метрийн зайд амьдрал, ажиллах орчин нь тэнгэр газар шиг ялгаатай байна. Боомтын ажилчдын амьдрах, ажиллах орчны болон жолооч нарын аюулгүй байдлын баталгааг хангаж дээрдүүлэхгүй бол арай дэндүү байна. Тэгж байж, параа нь боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх талаар ярих хэрэгтэй гэв. Энэ талаар Ерөнхий сайд холбогдох албаны хүмүүсийн үгийг сонсч газар дээр нь боомтын ажилчдын өмнө Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээвэр хөгжлийн сайд Ганбат, гааль мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харъяатын газрын дарга нарт тодорхой үүрэг өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.