Друид зурхай

druid-horoscope

Алимны мод  /XII.23-I.01; VI.25-VII.04/

Алимны мод нь мэдрэмтгий, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байдаг. Ихэвчлэн сайхан бие галбиртай байдаг ч тийм өндөр байдаггүй. Тэдэнд сайн талууд их байдаг: сэтгэл татам, аятайхан, сайхан сэтгэлтэй. Тэдэн рүү харахад хайр сэтгэл санаанд орж ирнэ. Хэдий өөрөө үүний тухай бодоогүй ч байсан гэсэн.

Алимны мод хайр дурлалыг зөвхөн онолын талаас биш амьдрал дээр ч бас их сонирхдог. Хамтрагчаа сэтгэл дотроо хайрладаггүй ч түүнтэй гэрлэж чадна. Гэвч энэ нь халуун хайр сэтгэлээс татгалзаж байна гэсэн үг биш. Гэр бүлийн амьдралын энгийн хэв маяг түүнд таалагддаггүй. Тэдэнд янз бүрийн өөрчлөлтүүд хэрэгтэй болдог. Тийм ч учраас тэр хайр дурлалынхаа харьцаанд өөрчлөлт оруулахын тулд ямар нэгэн асуудал, бэрхшээлийг бий болгодог.

Тэд амьдралынхаа турш хайр дурлалдаа үнэнч байдаг. Өөрт таалагдсан хүнтэйгээ гэрлэвэл, тэр гэр бүлийнхээ амьдралыг дээдэлж, хайрлах болно. Гэвч өөрийн тооцоогүй зангаас болж хууртагдах нь элбэг тохиолддог. Өөрт нь байгаа хамгийн сүүлчийн талхаа ч тантай хуваалцана.

Тэд маргаашийн тухай ер боддоггүй зөвхөн өнөөдрөөр амьдардаг. Хааяа зээл авчихаад түүнийгээ мартдаг. Энэ нь тэдний хувьд энгийн үзэгдэл.

Тэд хөнгөн хийсвэр санагддаг ч яг үнэндээ огт тийм биш. Тэд бол гүн ухаантан, аливаа зүйлийг зохиохдоо маш сайн. Амьдралаас таашаал авж чаддаг.

Тэд бол ухаантай, бодлоготой. Шинжлэх ухаан сонирхдог тал бий. Өөрийн сонирхож байгаа зүйлийн тухай уран зохиол унших дуртай. Өөрийн мэдлэгийг баяжуулахын тулд тэр ном их уншдаг. Харин мэдлэгээрээ гайхуулдаггүй. Сайхан амттай хоолонд дуртай.

Тэдний зан чанарууд: ухаалаг, дүн шинжилгээ хийх дуртай, хэрсүү, элэгсэг, хөөрүү.

Гацуур мод / I.02-I.11;VII.05-VII.14 /

Хүйтэн төрхтэй ч, маш үзэсгэлэнтэй харагддаг. Эдгээр хүмүүс эртний эд зүйлс, томоохон баяр наадам, эртний гоёл чимэглэл, бүдэгхэн гэрэл, сайхан үнэртэй ус зэрэгт дуртай. Бардам, олон ааштай. Тэд хамтын амьдрал болон харилцаандаа тун нухацтай ханддаг. Өөрийгөө тусгаарлагдсан хүн гэж боддогоосоо болоод олны дунд байсан ч гэсэн ганцаарддаг. Олон хүмүүсийн дунд яриа хөөрөө муутай. Өөрийн санаа бодлоо илэрхийлэх нь цөөн, илэрхийлсэн ч тулгадаггүй. Гадны нөлөөнд бараг автдаггүй.

Зорьсондоо хүрэхийн тулд хатуу чанга байж, түүндээ хүрэхийн тулд шаргуу зүтгэдэг. Эдгээр хүмүүс хурц ухаантай, задлан шинжлэх чадвартай байдаг ба шинжлэх ухааны ажилд маш сайн. Гэвч тэдний ажил нь өөрийн чадваруудтай нь нийцэхгүй бол амжилт олох нь тун ховор.

Сэтгэлд нь хүрээгүй ч гэсэн ажилдаа хариуцлагатай, анхааралтай ханддаг. Тэд маш нямбай, ухамсартай учир ажил нь тодорхой үр дүнд хүрдэг.

Эдгээр хүмүүс нь өөртөө болон бусад хүмүүст хүнд байдал үүсгэдэг. Тэд олон асуудлын хамгийн хэцүүг сонгодог.

Ямар ч үед тэр найдвартай, итгэлтэй хүн байдаг. Юу ч болсон тэд шударга байдаг болохоор тэдэнд итгэж найдаж болно.

Хайр дурлалдаа шаардлага тавьдаг  мөн бусдын  үгийг авдаггүй. Эдгээр зан чанаруудаасаа болж сэтгэл хангалуун байх нь маш ховор. Амьдралаас аль болох ихийг авахыг хүсдэг, учир нь өөрийнхөө үнэ цэнийг сайн мэддэг.

Тэд ухаанаа алдталаа дурлавал түүний хайр дурлал нь хязгааргүй болно.

Тэдний зан чанарууд: хатуужилтай, ухаалаг, дүн шинжилгээ хийж, юмны уялдаа холбоог олох дуртай.

Хайлаас мод / I.12-I.24; VII.15-VII.25 /

Энэ хүн байнга бусдын анхаарлыг татдаг. Тэд гоо үзэсгэлэнтэй мөн зөв бие галбиртай хүмүүс байдаг. Гэхдээ эрүүл саруул биетэй мэт харагддаг ч яг үнэндээ тийм байдаггүй.

Тэд гадаад байдалдаа анхаарал тавиад байдаггүй, энгийн маягаар хувцасладаг. Ихэвчлэн дуртай хувцсаа хуучиртал нь өмсдөг.

Тэд амьдралдаа энгийн байх дуртай, юмыг бараг голдоггүй. Тэдний мөн чанар нь тэнцвэртэй, тайван байдал. Тэдний удаан хөдөлгөөн нь нүдэнд их тусдаг. Сургамжлах дуртай ба энэ нь түүнийг, бусад хүмүүс тэсвэрлэхээргүй болгодог.

Тэд хэт шулуун мөн нээлттэй хүмүүс. Маш өгөөмөр сэтгэлтэй. Хүний сайхан сэтгэлд итгэдэг. Хариуцлагатай, ойр дотны хүмүүсдээ их тус болдог мөн тэдэндээ туслахад ч бэлэн байдаг.

Тэдний хийж байгаа эсвэл хийх гэж байгаа аливаа ажил нь дандаа сайн сайхны төлөө байдаг. Энэ ажил нь хэчнээн хэцүү байсан ч тэд амжилт олно гэж итгэсээр хийдэг. Гэхдээ азгүйдвэл, тэд бусдаас илүү сэтгэлээр унадаг.

Бусдад нөлөөлж чаддаг учраас энэ авьяасаа их ашигладаг. Удирдах дуртай, удирдуулах дургүй. Хүмүүсийг удирдсанаар их амжилт олдог.

Энэ хүн бол хэрсүү ухаантай, яг онож бодож чаддаг. Тэд бас их уран гартай.

Хайр дурлалын харилцаандаа шаардлага их тавьдаг, өөрөө ч ихийг өгдөг. Хайр дурлалдаа маш их халуун сэтгэлээр ханддаг. Амьдралын ханиа зөв сонгож чадвал, тэр хайр дурлалаа насан туршдаа хадгалж чаддаг хүн. Хайр дурлалдаа их үнэнч. Түүнтэй харьцахдаа их тэсвэр тэвчээр гаргах хэрэгтэй, тэгвэл тэр өөрөө ч зүгээр суухгүй.

Энэ хүний амьдрал их сайхан, аятайхан байдаг. Тэд амьдралаа ямар байлгамаар байна яг тийм байлгаж чаддаг. Тэдний наргианч зан амьдралын хэцүү үеийг даван туулахад нь тусладаг.

Тэдний зан чанарууд: юманд бодитойгоор ханддаг, хэрсүү бодолтой, удирдах чадвартай, гярхай.

Агар мод / I.25-II.03; VII.26-VIII.04 /

Эдгээр хүмүүсийг танихад амархан, учир нь эрүүл чийрэг биетэйгээс гадна царайлаг.

Орчин үеийн гоё чамин зүйлсэд дуртай, гэхдээ бас түүнийг байгалийн хүн гэж хэлж болно учир нь ямар ч орчинд амархан дасдаг, хамгийн өчүүхэн зүйлд ч сэтгэл хангалуун байж чаддаг. Ямар ч нөхцөлд сэтгэл хангалуун амьдарч чадна.

Тэд хааяа хэт хэрсүү бүр бүдүүлэг зан гаргадаг ч түүнд сайхан сэтгэл гэж бас бий. Тэд бол тайван хүн. Энэ тайван байдал нь тэдний эргэн тойрны бүх хүмүүст нөлөөлдөг. Ийм хүнд хамт олон маш дуртай байдаг.

Эдгээр хүмүүсийн бие нь эрт хөгжиж боловсордог, эрт биеэ даадаг. Тэд мөнгө, алдар нэр болон амжилтын хойноос хөөцөлддөггүй. Аз жаргалтай байх нь л тэдэнд хамгийн чухал. Ганцхан үүнийг л тэд хүсдэг.

Асуудал, бэрхшээлд дургүй, тийм ч учраас эдгээрээс аль болох зайлсхийхийг боддог. Аливаа чухал асуудлыг шийдвэрлэх, тэр талаар маргах нь тэдний зан биш. Харин ямар нэг сэдвээр ярилцах их дуртай. Тэдний санаа бодол дандаа зөв, оновчтой байдаг. Тэдний мэдлэг бусдад шууд мэдрэгддэг.

Тэднийг уян хатан гэж хэлж болно. Тэдний энэ зан л бусдын анхаарлыг татдаг.

Тэд их мөрөөдөмтгий. Зуны зугаалганд дуртай бөгөөд хотоос гарч зугаалах илүү дуртай.

Тэд амьдралын урсгалаар явдаг хүмүүсийн нэг, амьдралаа зохион байгуулаад байдаггүй.

Эдгээр хүмүүс ганцаардалд дургүй. Залуу насандаа найзуудынхаа хүрээлэлд байхыг эрхэмлэдэг. Тэд өөрийгөө ойр дотныхоо хүмүүсээр хүрээлүүлэхийн тулд маш их хичээдэг.

Хайр дурлалдаа болон нөхөрлөлдөө бусдаас илүү үнэнч. Түүнээс хэзээ ч тусламж гуйж болно.

Хайртай хүмүүсийнхээ дунд тэр маш тайван байдаг.

Тэдний зан чанарууд: мэдлэг боловсролоо ямагт хөгжүүлдэг, уян, бодлоготой, тууштай, үнэнч, хэрсүү.

Улиас мод / II.04-II.08; VIII.05-VIII.13 /

Эдгээр хүмүүс залуу насандаа гоо үзэсгэлэнтэй болон цэгц биетэйгээрээ ялгардаг. Нас ахих тусам өөрөө өөрийнхөө амьдралд бэрхшээлүүдийг бий болгодог. Цаг хугацааны урсгалд маш мэдрэг, тийм болохоор эрт хөгшрөхөөс айдаг бөгөөд энэ айдсаасаа болж илүү хурдан хөгширдөг. Тэдэнд эерэгээр нөлөөлдөг хүмүүсийн дунд байх нь маш чухал. Тийм учраас харьцах хүмүүсээ маш болгоомжтой, хянуур сонгох нь чухал байдаг.

Тэд өөрсдийн хүрээлэн буй орчиндоо маш мэдрэмтгий байдаг. Тэд нүүж суухдаа их болгоомжтой байх хэрэгтэй болдог, учир нь тэдэнд өөр орчин, нөхцөл тэр болгон таалагдаад байдаггүй. Зай багатай газар мэт санагдвал бие нь муудах хандлагатай байдаг.

Ганцаараа амьдрах дургүй. Тэд хэн нэгэнтэй харилцах хэрэгтэй, гэхдээ харилцах хүмүүсээ өөрөө сонгоно. Тэдний эрх чөлөөг хэн нэгэн хязгаарлавал, тэд маш их зовж, гуньж гутардаг. Эхний үед үүнийгээ нууна, гэхдээ энэ нь удаан үргэлжлэвэл нууж чаддаггүй.

Энэ хүний нэг онцлог нь өөрийгөө өрөвддөг, үүнийгээ бусдаас нууж дотроо л бодож таашаал авдаг.

Тэдний бардам зоригтой зан нь ямар ч хүнд бэрхшээлийг давна. Ямар нэгэн шалтгаанаас болж санаа зовсон байдлаа бусдад үзүүлдэггүй. Тэд үргэлж нүүрэндээ инээмсэглэл тодруулдаг. Тэднийг бага мэддэг хүмүүст тэр хөгжилтэй тайван мэт санагдана. Яг үнэндээ бол тэд маш эмзэг бүр ялихгүй жижиг зүйл ч тэднийг бухимдуулахад хүргэдэг.

Энэ хүнийг бодь сэтгэлтэн гэж хэлж болно. Тэднийг материалист маягийн ухаантай гэж хэлж болохгүй. Гэвч тэд маш сайн зохион байгуулалттай, өөрийн ирээдүйн талаар байнга боддог.

Эдгээр хүмүүсийн төрөлхийн нарийн ухаан нь ер хөгширдөггүй. Тэд өөрийн хэрсүү ухааны ачаар биеэ тоосон байдлаа нууж чаддаг.

Эдгээр хүмүүсийн ихэнх нь эмч нар байдаг.

Хайр дурлалдаа тэд аз жаргалтай байх нь тун ховор, учир нь хэт эмзэг, өөрийн эрхээр байх дуртай. Хайр дурлалын хэрүүл маргаан дээр тэд ёжилсон инээмсэглэл, тоглоом тохуу хийсэн тоомсоргүй байдал гаргаж байж өөрийгөө авардаг.

Тэдний зан чанарууд: эрх чөлөөнд дуртай, мөрөөдөмтгий, уран сэтгэхдээ сайн, зөн билэг ихтэй.

Хуш мод / II.09-II.18;VIII.14-VIII.23 /

Энэ бол маш гоёмсог, хүчирхэг, саглагар мод юм. Ямар ч нөхцөлд дасдаг.

Тэд тав тухыг эрхэмлэдэг ч, шаардлага гарвал гадаа гудамжинд ч хонож чадна.

Эрүүл чийрэг биетэй, ямар ч газар гэртээ байгаа юм шиг тайван байж чаддаг. Тэднийг бүрэг, ичимхий биш гэж хэлж болно. Өөртөө итгэлтэй, идэвхтэй, хүрээлж буй хүмүүстээ өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ харуулж чаддаг. Тэдний талаар тоглоом тохуу хийвэл маш эмзэглэдэг бөгөөд ойлгохыг ч хүсэхгүй.

Тэд анхаарлын төвд байх дуртай. Үүний төлөө өөрийгөө золиослоход ч бэлэн байдаг. Бүгдийг гайхшруулах нь тэдний хувьд маш чухал. Бусдад нөлөө үзүүлж ямарваа нэг зүйлийг хийлгүүлэхэд хүргэж чаддаг. Хүссэн зүйлээ авахын тулд шаргуу тэмцдэг. Байнга өөрийнхөө зөв гэж боддог.

Ямар нэгэн зүйлийг бусдын оролцоогүйгээр өөрөө шийдэх дуртай. Эцсийн үгийг тэд хэлэх ёстой. Үнэхээр тэд хамгийн хэцүү асуудлуудыг шийдэж чадна. Маш хурдан шийдэж чаддаг нь ч бас гайхалтай. Асуудлыг задлан шинжилж чаддагаараа онцгойрдог.

Аюултай болохыг мэдэлгүйгээр, үр дагаврыг тооцоолон бодоогүйгээс болж таагүй байдалд орох нь амархан. Гэхдээ амархан орсон шигээ амархан гарч чаддаг. Өөрийн шулуун шударга, биеэ тоосон, бардам зангаасаа болж зөвхөн хувийн амьдралдаа төдийгүй ажилдаа ч хүнд бэрх үеүүдтэй тулгардаг.

Тэд адал явдалд дуртай учраас тэдний амьдрал үргэлж хөдөлгөөнтэй, өөрчлөлттэй байдаг. Хэдий бие даасан, өөрийн эрхээр байдаг ч гадны нөлөөнд автаж, бусдын хүслээр байж чаддаг. Эдгээр хүмүүсийн дунд баатрууд ч бий зовлон эдлэгч нар ч бий.

Тэд маш эмзэг, уян зөөлөн, нялуун. Хайр дурлалыг шүтэн биширдэг. Тэд дассан сэтгэлээ үүрд байлгаж чаддаг. Тэдний хувьд хайр сэтгэл үгүй бол амьдрал утгагүй.

Тэдний оюун ухаан их хөгжсөн, дуу хөгжимд дуртай, амьдралд хайртай.

Тэдний зан чанарууд: өөдрөг үзэлтэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй, ухаалаг, аливаа зүйлийг нотлох дуртай.

Нарс мод / II.19-II.28/29; VIII.24-IX.02 /

Эдгээр хүмүүс нь гоё сайхан зүйлсэд дуртай, гэр орондоо хайртай хүмүүс.

Юу хүсч байгаагаа сайн мэддэг, амьдралын урсгалаар хөвдөггүй. Тэд өөрсдөд нь амьдралын өгч байгаа юманд сэтгэл хангалуун байдаггүй. Өөрийн амьдралыг өөрөө зохион байгуулах дуртай, нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг. Эдгээр хүмүүс хэзээ ч номхон, дуулгавартай байдаггүй. Нөхцөл байдлыг өөрт тааруулж өөрчилж, зохион байгуулдаг.

Ямар ч уй гашууд дийлдэх дургүй. Толгой дээгүүр, бардам явдаг. Тэд маш зоригтой, эрэмгий, ямар ч эсэргүүцлийг тэсвэрлэнэ. Эрсдэлтэй үйлдэл хийж чаддагаараа дандаа  бүхний урд манлайлж явдаг. Аль ч мэргэжлийн салбарт амжилт олдог. Аливаа үйлдлийг зөв, хурдан хийдэг. Маш дайчин учраас явж байгаа зам, хүрэх гэж байгаа зорилгоос нь буцаах боломжгүй.

Тэд гүн гүнзгий бодолтой ба эмх цэгцтэй сэтгэж, удирдан, зохион байгуулах чадвартай. Зорьсондоо хүрэхийн тулд юу хийх хэрэгтэйгээ сайн мэддэг.

Ямар ч асуудал байсан, тэр ч байтугай хайр дурлалын хэцүү байдлаас ч нэр төртэйгээр гарч чаддаг.

Эдгээр хүмүүс сул тал багатай байдаг. Тэдний хувьд хамгийн том сул тал нь хайр дурлалын асуудал юм. Хайр дурлалдаа тэд маш мэдрэмтгий, тачаангуй, тэсвэргүй болдог. Амархан дурладаг, тийм учраас хайр дурлалын таагүй явдалд их өртдөг.

Эдгээр хүмүүс нь их найрсаг, зочломтгой мэт санагдавч, яг үнэндээ тийм ч их тусч, өглөгч байдаггүй. Тэдэнд хамгийн чухал зүйл бол өөрийн тав тух, өөрийн сайн сайхан байдал байдаг. Найз нөхдийнх нь таагүй явдлууд тэдний сэтгэлийг зовоодоггүй, харин зүгээр даган гутарч байгаагаа хэлж чадна.

Тэдний зан чанарууд: удирдан, зохион байгуулах , дүгнэлт хийх  болон гоо зүйн өндөр  мэдрэмжтэй

Уд мод / III.01-III.10; IX.03-IX.12 /

Тэдний энгийн дүр төрх нь бусдад таатай бас нууцлагдмал санагддаг. Энэ нууцлагдмал байдалд нь ихээхэн хүсэл тэмүүлэл, бодол байдаг ба өөрөө ч учрыг нь ойлгож чаддаггүй мэт. Гэхдээ тэдний даруу байдалд хууртагдах хэрэггүй. Үнэн хэрэг дээрээ тэд өөрөө юу хүсэж байгаагаа сайн мэддэг. Тэд шийдэмгий, ажил хэрэгч байж чаддаг. Тэд хүний үгэнд ордоггүй, ажил хэргийн асуудал дээр буулт хийдэггүй нэлээн хэцүү хамтрагч. Тэд нөхцөл байдалдаа хурдан тааран зохицож чаддаггүй ба тийм ч найдвартай хүмүүс биш. Бусдыг их хүндэлдэг учраас хэнд ч юу ч тулгаад байдаггүй. Тэд захирах, удирдах дургүй.

Энэ хүн уян зөөлөн, романтик бөгөөд маш сайхан мэдрэмжийг авах дуртай. Тэд сэтгэлийн таашаалыг эрхэмлэдэг ба үүнийгээ яруу найргийн өнгөнд оруулдаг. Тэдэнд яруу найрагтай холбоотой ямар нэгэн юм байдаг. Тэд гутрал гунигийн сургамжийн үгс хэлж чадна, гэхдээ үүнийг нь хэт эмзэгээр хүлээн авах хэрэггүй. Хоромхон зуурын баяр баясгаланг тэд бусдаас илүү ашиглаж чаддаг.

Тэд их уран бөгөөд дүрслэн бодох чадвартай, зөн билэгтэй, гярхай. Сайн сэтгэл зүйч нар байдаг учраас бусдын бодол санааг таачихдаг.

Биеэ хамгаалж чаддаггүй, дорой мэт харагддаг ч бодит байдал дээр ер тийм биш. Энэ нь зөвхөн өөрийнхөө хувийн эрх ашгийн төлөө л хэрэглэж байгаа арга юм. Тэдэнтэй ямар нэг ажил эрхлэхдээ, тэд сул дорой мэт дүр эсгэдгийг мартах хэрэггүй. Яг үнэндээ тэд өөрийгөө яаж хамгаалахаа сайн мэддэг.

Тэднийг гомдоллоход эмзэглэж хүлээн авах хэрэггүй.

Хэрвээ тэд өөрөө хайр дурлалын зовлонд хэт их тэмүүлэхгүй бол тэдний амьдрал тайван байж болно.

Тэдний зан чанарууд: зөн билэгтэй, ургуулан бодохдоо маш сайн.

Хар мод / III.11-III.20; IX.13-IX.22 /

Энэ хүн маш сэтгэл татам бөгөөд бусдын дурыг булаах чадвартай ба үүнийгээ чадварлаг сайн ашигладаг. Хэний ч толгойг эргүүлж чадна. Тэд бол үнэхээр нүдэнд дулаахан бөгөөд бусад хүмүүс түүнтэй хэл амаа амархан олдог. Бусад хүмүүс тэдний хажууд байхдаа оюуны болон сэтгэл санааны тав тухыг мэдэрдэг.

Тэдэнд хэт их найдаж болохгүй үе байдаг ч тэд хайр халамжийг мэдрүүлж чаддаг. Эргэн тойрныхоо хүмүүсийг хүндэлдэг ба хэзээ ч захирахыг хүсдэггүй, амьдралыг нь удирддаггүй. Тэд их тэвчээртэй ба сайн ярилцагчид.

Гаднаас нь харахад амгалан, тайван, дуу муутай, аймхайдуу, зориггүй. Гутрангуй болон залхуутай байдал тэдний гол дайснууд. Эдгээр мэдрэмжүүдтэйгээ бүх амьдралаа өнгөрөөх үе ч байдаг.

Тэд хангалуун, тав тухтай амьдрал мөрөөддөг ч үүнийг их чухал ач холбогдолтой гэж үздэггүй хааяа бүр ухамсарладаг ч үгүй. Тэд ямар ч орчинд дасан зохицож чаддаг. Бүр овоохойд ч таатай орчин бүрдүүлчихдэг.

Энэ хүн их зөрүүд, тогтворгүй ба түүнийг ойлгох маш хэцүү байдаг. Амьдралдаа өөртэйгөө адил хүнтэйгээ учрах нь чухал. Учирч чадвал тэдний хайр дурлалын амьдрал зөрчилдөөнгүй тайван байх болно. Ямарч шалтгаангүйгээр хартай байдаг. Бялдуучлалыг сайн мэдэрдэг. Өөрийн үнэ цэнэ, зан чанараа маш сайн мэддэг.

Энэ хүн амьдралын ухаантай, аргатай, техникийн мэдлэгтэй, нарийн нямбай байдаг.

Тэдний зан чанарууд: гярхай, бодит байдлыг эрхэмлэдэг, зохион байгуулах чадвартай.

Самрын мод  / III.22-III.31; IX.24-X.03 /

Тэднийг анх харахад тэд бусдад үзэмжгүй, сул дорой сэтгэгдэл төрүүлнэ. Олон хүмүүсийн дунд тэднийг шууд олж харахгүй. Тэд дуу муутай, өөрийгөө харуулах гэж тэмүүлдэггүй. Гэхдээ тэдэн рүү сайн харвал, тэд их сэтгэл татам бас гойд ухаантай гэдгийг та олж мэднэ.

Тэд даруу төлөв зантай ч анхаарал татдаг. Хэнтэй ч адилгүй, маш өвөрмөц хүн учраас нүдэнд өртдөг. Тэдний амьдралд хандаж байгаа хандлага нь бусдаас тэс ондоо. Энэ хүнээс юу ч гарч болно. Тэд тааварлашгүй үйлдэл хийдэг эсвэл тааварлашгүй зүйл санал болгодог. Ийм хүмүүс бусдад санаа зовох сэтгэл төрүүлдэг.

Тэд бусдын хамгийн нандин бодлыг ч таах чадвартай. Дурлалд тэр хүний хайртай хүн эсвэл эсрэгээр, зовоосон хүн болдог. Тэдний хажууд тайван байж чадах болов уу. Гэхдээ тэд хэн нэгнийг үнэхээр хайрлаж чадвал түүнийхээ амьдралыг хөнгөлөхийн тулд бүхнийг хийж аз жаргалтай болгож чаддаг. Тэдний зан нь хурдан хувирдгаас болж тэд нэг бол сайхан сэтгэлтэй, мэргэн ухаантай, тэвчээртэй эсвэл ууртай, аюултай, хорон болдог. Тэдний хоромхон зуурын зан байдлын өөрчлөлт болон олон аашнаас  шалтгаалан тэд хорон санаатай эсвэл гэнэн цайлган сэтгэлтэй болж хувирдаг.

Тэдний гадаад төрх нь ид шидийн мэт үйлчилдэг. Хэрвээ тэд хүсвэл өөрийгөө хайрлуулж чаддаг. Гэхдээ хэрвээ та тэдний талд ороогүй, тэдний сэтгэлийг татаагүй бол тэдэнтэй болгоомжтой байгаарай. Энэ хүн бол эрсдэлээс айдаггүй. Тэдэнтэй хамт амьдрахад нэг талын санаа зовоосон нөгөө талын маш сэтгэл догдлуулсан байна.

Эдгээр хүмүүс их хувирамтгай, санаачлагатай байдаг ч, идэвхгүй ч байдаг. Бүгдийг орхиод амьдралын урсгалаар хөвж ч чаддаг. Тэд бүгдийг ойлгодог, тэдэнтэй юу болж байгааг ухамсарладаг. Ямар ч орчинд хурдан дасч зохицдог ба өчүүхэн зүйлээс ч ташаал авж чаддагаараа бусдаас ялгардаг.

Эдгээр хүмүүс нь сурах өндөр чадвартай, сайн сурдаг, аливаа зүйлийг хурдан бөгөөд амархан олж мэдэж чаддаг. Тал бүрийн мэдлэгтэй. Эдгээр мэдлэгээ ашиглах эсэхээ зөвхөн өөрөө л мэддэг.

Түүний зан чанарууд: зөн билэгтэй, ургуулан бодох, сэтгэх дуртай, дүн шинжилгээ хийх чадвартай.

Тэс мод / IV.01-IV.10; X.04-X.13 /

Сэтгэл татам, ялдамхан, хөнгөхөн алхаа гишгээтэй, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан нэгэн. Гэхдээ энэ хэврэгхэн байдлын цаана хатуужилтай, тогтвортой зан бий. Нүүрэн дэх инээмсэглэл нь дотоод баяр баясгалангийнх биш харин өөрийгөө хянах чадвартай нь холбоотой юм.

Өөрийнхөө үнэ цэнэ, зан чанараа яаж тодотгохоо сайн мэддэг. Сайхан хувцасладаг, сонголт сайтай. Тэд их сонирхол татам хүмүүс. Тэд ямагт сайн сайхан зүйлд тэмүүлж, дурладаг. Гадны нөлөөнд мэдрэмтгий, найрсаг, төвийг баримталдаг. Түүнд хэзээ ч найдаж болно, хэзээ ч урвахгүй. Хааяа гэнэн цайлган зангаасаа болж ашиглуулдаг. Хүнд баяр баясгалан өгөхийн тулд өөрийгөө ч золиосолдог. Заримдаа ямар нэгэн зүйлд хамааралтай болчихдог. Тэд маш хариуцлагтай учраас ихэнх үед бүх болсон явдалд өөрийгөө буруутай гэж үздэг. Гэм буруу нь хааяа түүний сэтгэлийг бүр зовоодог.

Хүмүүсээс хол хөндий байдаг, тиймээс ч бие дааж амьдрах, хараат бус байхыг тэмүүлдэг. Тэдний хувийн амьдрал нь баялаг ба маргаашийн өдрийн ажлуудаар дүүрэн байдаг. Тэд их хашир, урьдаас мэддэг учир эдгээр хүмүүсийн ихэнх нь гэрлэхийг боддог. Хайр дурлалдаа ихийг шаарддаг ч өөрөө ихийг өгдөг. Тэд байнга бусдын сэтгэлийг шалгадаг хүний нэг. Тэднийг хуурч болохгүй. Асар ухаалаг бөгөөд нөхцөл байдлын өөрчлөлтөнд амархан дасдаг. Ихэвчлэн зорьсондоо хүрдэг, гэхдээ хааяа өдөр тутмын ажил нь тэдэнд садаа болдог.

Тэдний зан чанарууд: ухаалаг, сэтгэн бодох чадвар өндөр, мэдрэмтгий, зөн билэгтэй, юмыг задлан шинжилж бодох дуртай.

Агч мод  / IV.11-IV.20; X.14-X.23 /

Эдгээр хүмүүс их нямбай, өөртөө арчаатай, нэлээн сээтгэнүүр байдаг. Сүүлийн үеийн загварыг дагаж хувцасладаг. Хаана сонирхолтой байна тэнд л байх дуртай. Тэд гэртээ зүгээр суугаад байдаггүй хүн, янз бүрийн шинэ хүмүүстэй танилцах дуртай, тэд хүмүүсийг чин сэтгэлээс нь яриулж чаддаг. Тэдэнд бүрэн итгэж болно, учир нь хөндлөнгийн хүний үйлдлийг шүүмжилдэггүй, нууцыг нь задалдаггүй.

Эдгээр хүмүүсийн дунд гоц аястай алдартнууд, бодгальч үзэлтэнгүүд их байдаг. Эдгээр хүмүүс нь сэргэлэн цовоо, эрч хүчтэй байдаг. Ямагт дээгүүр байхыг тэмүүлдэг. Тэд төрөлхийн зориггүй, даруу төлөв зантай ч амь нас болон эд хөрөнгөтэй нь холбоотой бол хамгийн эрсдэлтэй шийдвэрүүдийг ч гаргаж чаддаг. Тэдний толгойд байнга янз бүрийн төлөвлөгөө байдаг бөгөөд эдгээр нь ихэвчлэн ер бусын содон байдаг. Тэд хамгийн шинэлэг зүйлсийг их сонирхдог, шинэ санаа гарвал урам зоригтойгоор биелүүлэхэд бэлэн байдаг. Тэд их өргөн цар хүрээтэй сэтгэдэг. Гэхдээ төлөвлөгөөгөө биелүүлэх нь тун ховор.

Тэд нэлээд увайгүй. Олон нийт түүний тухай ярьвал түүнд таалагддаг бөгөөд хүмүүсийн бодол, шүүмжлэлээс айдаггүй.

Тэдэнд гярхай ухаан, зөн билэг, сэтгэх чадвар байдаг хэдий ч тэдний амьдрал нь асуудлаар дүүрэн байдаг. Тэднийг хэцүү, олон талтай хүн гэж хэлж болно.

Хайр дурлал дээр тэдний харилцаа энгийн байдаггүй. Бусад зүйл дээр гаргадаг урьдаас тааварлашгүй зангаа мөн л энэ харилцаандаа ч  гаргадаг. Хэрвээ өөртэйгөө адилхан бодож сэтгэдэг хүнтэй учирвал гэр бүлийн аз жаргалыг амсана.

Тэдний зан чанарууд: урам зоригтой, сэргэлэн цовоо, хошин шогийн мэдрэмжтэй, дүн шинжилгээ хийх чадвартай.

Хушганы мод / IV.21-IV.30; X.24-XI.02 /

Энэ хүн юуны түрүүнд өөрийн хэв маяг ба эрхэмсэг байдалд санаа тавьдаг. Энэ нь тэдний бүрэг ичимхий занг нуудаг. Тэд энгийн байдал нь хүний эрхэм зан чанар гэж үздэггүй.

Тэд олон ааштай, аминч, түрэмгий байдаг ч үүний зэрэгцээ бас эелдэг, найрсаг байдаг бөгөөд хэлэх гэсэн зүйлээ зоригтой хэлдэг. Тэднийг зөрүүд гэж бас хэлж болно.

Аливаа  нөхцөл байдалд тэдэнтэй яаж харьцах ёстой нь тун ойлгомжгүй байдаг. Тэд тэвчээргүй ба хувирамтгай эсвэл тэс эсрэгээр төвийг сахисан, эелдэг зан гаргаж ч мэднэ.

Тэд их томоогүй, ямар ч шалтгаангүйгээр танд өөрийнхөө хайр сэтгэл ба нөхөрлөлөө өгөөд дараа нь гэнэт түүнийгээ үгүй хийж чаддаг. Тэд нэгэн зэрэг хартай бас найрсаг байж чаддаг.

Тэд аливаа нөхцөл байдлыг заавал хүндрүүлэх гээд байдаг. Өөрөө зовох дуртай ба бусдыг ч зовоох дуртай. Бусдад өөрийгөө гоц гойд гэдгээ мэдрүүлэхийг маш их хичээдэг бөгөөд мэдрүүлж ч чаддаг.

Тэднийг хайрлах, тэдэнтэй нөхөрлөх хэцүү, учир нь тэд байнга гэнэт зангаа хувиргадаг. Тэдэнтэй маргалдах их хэцүү, ихэвчлэн бусдыг нөлөөндөө оруулж чаддаг. Хурдан шийдвэр гаргадаг учраас бусдыг өөрийн эрхшээлд оруулж чаддаг. Тэд удирдах гайхалтай чадвартай. Өөрийн гаргасан шийдвэрийн үр дагаварыг сайн мэддэг. Тэд огт санаа зоволгүйгээр аймшгийн хар санаатай үйлдэл хийж чадна. Тийм болохоор олон дайсантай мөн олон найз нөхөдтэй байдаг. Тэд эрсдэлээс айдаггүй, буулт хийдэггүй, бусдын явсан замаар явдаггүй. Ер нь амьдралаа энгийн байлгахгүйн тулд бүхнийг хичээж хийдэг.

Амьдралдаа өөрөө өөртөө л найддаг, хамгаас илүү өөрийн бие даасан байдлыг хадгалахын төлөө санаа тавьдаг.

Тэдний зан чанарууд: шийдэмгий, гярхай, удирдах чадвартай.

Мэлрэг цэцгийн мод / V.-01V.14; XI.03-XI.11 /

Цовоо сэргэлэн, хөдөлгөөнтэй, нийтэч, анхаарлын төвд байдаг хүмүүс. Ухаалаг ба бусадтай яриа чөлөөтэй өрнүүлдэг, үүгээрээ бусдыг өөртөө татдаг. Хамт олны чөлөөтэй байдлыг зөвхөн тэд л бий болгодог. Тэднийг сайн мэддэггүй хүмүүст тэд их хөгжилтэй, тайван амгалан, амьдралдаа асуудалгүй мэт харагддаг. Гэвч тэднийг сайн мэддэг хүмүүс тэдний эмзэг сэтгэлийг сайн мэднэ. Гаднаа амьдралын баяр баясгалантай харагддаг ч сэтгэл дотроо гутрангуй үзэлтэн юм.

Тэд ухамсартай ба холын хараатай байхыг хичээдэг тиймээс ч аливаа зүйлд болгоомжтой ханддаг. Тэд итгэмтгий биш, сэжиглэмтгий, хатуу сануулгаар дүүрэн хүн. Бусадтай зохицож харилцахдаа бас заль ухаан хэрэглэхээ ч мэддэг. Гэхдээ үүнийгээ ихэвчлэн ажил хэргийн харилцаанд л хэрэглэдэг. Ашиг хонжоо, эд хөрөнгө хардаггүй хирнээ мөнгө сайн олдог. Ямар ч ажлаас айдаггүй, тэдний сэргэлэн зан болон оюун ухааныг, захиргаа нь өндрөөр үнэлдэг.

Тэд өөрийн эрхээр амьдрах дуртай учраас тэдэнтэй гэр бүл болбол нэлээн хэцүү байна. Үүрэг хариуцлагаар дарагдах ба уяатай байх дургүй. Хязгаарлагдмал байдал нь тэднийг их зовоодог. Гэсэн хэдий ч тэд үүрэг хариуцлагаа биелүүлдэг. Үүрэг хариуцлагаа биелүүлэх хэрэгтэй гэж мэддэг ч энэ бүхэн тэднийг дарамтанд оруулдаг.

Хайр дурлалд сэтгэл нь амархан гонсойдог. Хүүхдэд хайртай, тэдэнтэй чөлөөтэй байдаг. Хамгийн хэцүү зүйлийг ч ойлгомжтой тайлбарлаж өгдөг. Тэд өөрийн оюун ухаанаараа хэцүү зүйлийг амар хялбар, ойлгомжтой болгож чаддаг. Тэд гутрангуй үзэлтэй, амьдралаас сайн сайхан юм хүлээдэггүй ч хүүхдүүд тэдэнд амьдралын утга учир, итгэл найдварыг өгдөг. Хүүхүүд л тэдэнд бусдаас илүү аз жаргал, таашаал өгдөг.

Тэдний зан чанарууд: зөн билэгтэй, ухаалаг, сэтгэн бодох болон эргэцүүлэн бодох чадвартай.

Туулайн бөөрний мод / V.15-V.24; XI.12-XI.21 /

Энэ хүн амьдрах эрч хүчээр дүүрэн, гоо үзэсгэлэнтэй нэгэн. Гэвч үүгээрээ ашиг хонжоо хайдаггүй бөгөөд сэтгэл татам байдлаараа бусдыг эрхшээлдээ оруулахыг хүсдэггүй. Тэд их мэдрэмтгий, няхуур хүмүүс.

Тэд уужим саруул байдалд дуртай. Тэд төрөлхийн шударга учир үр дагаврыг нь бодолгүйгээр өөрийн зөв гэдгийг ямар ч аргаар хамаагүй хамгаална. Аливаа журмыг зөрчвөл тэд шууд эсэргүүцнэ. Ёс суртахууны дүрэм журам нь тэдний хувьд их чухал бөгөөд  ихэнх тохиолдолд ёс суртахууныг хатуу баримталдаг хүн гэдгээ харуулдаг. Төрөл бүрийн заль мэх, тооцоотой үйлдэл, арга мэх зэргийг үзэн яддаг, тийм болохоор эвгүй байдалд орох нь их тохиолддог ба бусдыг санамсаргүйгээр өөрийнхөө эсрэг болгодог. Бусадтай харилцахдаа уян хатан байж чаддаггүйгээсээ болж сэтгэл нь их гонсойдог, ажлаа болон ажлын байраа байнга солих болдог. Ихэвчлэн үүнээс болж мөс муутай, сэтгэлгүй хүн гэдгээрээ алдаршдаг. Энэ бүхэн тэднийг их дарамтанд оруулахаас гадна гомдлоо удаан хадгалж явдаг.

Тэднийг зөрүүд гэж хэлж болохгүй ч, хэт шулуун, буулт хийдэггүй зангаасаа болж бусадтай ойлголцохдоо тааруухан. Тэд холын хараатай, болгоомжтой, шаргуу, тэвчээртэй тул санхүү болон эд хөрөнгийн асуудал тэдэнд байдаггүй.

Тэдний бодол нь хурдан, бодитой, ажигласны үндсэн дээр тулгуурласан байдаг. Тэд авьяастай, нарийн нямбай, хурдан шаламгай. Тэд гүн ухааны бодол болж, мөрөөдөж суух дуртай.

Тэдний хайр дурлалын харилцаанд ч бас хүндрэл гардаг. Гэр бүлийн аз жаргалыг олоход тэдэнд хэцүү байдаг. Амрагаасаа чин үнэнч хайрыг шаарддаг ба өөрөө ч жинхэнээсээ хайрлаж чаддаг. Нэг л удаа хайрладаг. Хайр сэтгэлийн хэрэгцээ бас түүнийг хайрлахгүй байж магадгүй гэсэн айдас тэдэнд байдаг. Энэ бүхэн өөрийн болон тэдний хосын хоорондох харилцааг ихээхэн хүндрүүлдэг.

Энэ хүн байнга бусдын тав тухыг алдагдуулах, гайхшруулахыг хүсдэг. Тэдний гаргаж байгаа зан нь бусдад ер ойлгомжгүй байдаг.

Тэдний эргэн тойрны хүмүүсээс тэдний амьдрал ихээхэн шалтгаалдаг. Ойр дотны хүмүүсээсээ дэмжлэг авсан тохиолдолд л тэдний чадварууд бүрэн хөгжинө. Тэднийг ойлгож, даган баясах, даган гутрах хэрэгтэй болов уу.

Тэдний зан чанарууд: гярхай, удирдах чадвартай, авхаалж самбаатай, бодит байдлыг эрхэмлэдэг.

Яшил мод / V.25-VI.03; XI.22-XII.01/

Эдгээр хүмүүс аятайхан харагддаг, цэгц биетэй, сайхан хувцасладаг, чөлөөтэй хөдөлдөг. Сэргэлэн цовоо, сэтгэлийн тэнхээтэй хүмүүс. Өөрөө өөртөө таалагддаг. Гэвч байнга тэдний хажууд байвал нэлээн хэцүү, учир нь тэд шаардлага их тавьдаг ба аминч. Тэд бие дааж амьдрахыг хүсдэг ч тэднийг бас халамжлах, хэрэгцээг хангах хэн нэгэн хэрэгтэй. Дотны хүмүүсээ зөвхөн тэдний таалснаар амьдарч, юм хийвэл тэдний хүссэнээр хийх хэрэгтэй гэж тэр үздэг. Ийм хүнийг тэвчих хүн бага л байх болов уу.

Зөвхөн өөрийн амар мэндэд, амжилтанд хамаатай аливаа зүйлд биеэ тоосон байдаг. Юу хүсэж байгаагаа сайн мэддэг, юу хүсэхгүй байгаагаа бүр илүү сайн мэддэг. Аз жаргалдаа хүрэхийн тулд замаасаа юуг ч зайлуулж чадна. Энд тэдний аминч зан нь гарч ирж байгаа юм. Хариуцлага хүлээх чадваргүй мэт санагдавч тийм биш. Амьдралын бэрхшээлүүдийг хөнгөхөн даван туулдаг. Энэ хүн маш найдвартай, түүнтэй айж эмээлгүйгээр гэрлэж болно. Хэдий аминч зантай ч өөрт нь байгаа бүгдийг тантай хуваалцахад бэлэн.

Тэд гоц гойд ухаантай, уран сэтгэмжээр дүүрэн, гярхай хүн.

Хайр дурлалын харьцаанд тэр хань болох хүндээ анхаарал халамж ихээхэн тавьдаг, өглөгч болдог бөгөөд их үнэнч. Хайр дурлал нь ихэвчлэн амжилттай байдаг. Учир нь болох болохгүй бүгдийг харьцуулан бодож чаддаг. Хайр дурлалаа төдийгүй бас ашиг хонжоо бодож гэрлэдэг. Зөв хүнээ сонгож, алдаа гаргахгүйн төлөө их хичээл зүтгэл гаргадаг, амжилттай ч болдог. Гэр бүлийн амьдрал нь бүтэмжтэй байдаг.

Тэдний зан чанарууд: зөн билэгтэй, уран сэтгэмж өндөртэй, ухаалаг, задлан шинжих хандлагатай.

Граб мод / VI.04-VI.13; XII.02-XII.12 /

Аятайхан хүмүүс, тэдний энгийн байдал ч бусдын анхаарлыг татаж чадна. Залуу насандаа гоо үзэсгэлэнтэй байдаг ч нас ахих тусам үүнийгээ алддаг. Зөөлөн харьцаатай, гоо сайхан зүйлсийг шүтэгч хүмүүс.

Эргэн тойрны хүмүүс нь тэднийг шагшин гайхаж байвал тэд дуртай, шагнал авахыг мөн тэднийг ёсолж хүндлэхийг мөрөөддөг. Гэсэн хэдий ч санаачлага болон шийдвэр гаргах нь ховор. Энэ нь алдаа гаргахаас айдагтай холбоотой. Бусад хүмүүс даалгаврыг биелүүлэх нь тэдэнд илүү таатай байдаг.

Тэд бусдаас илүү ёс журамд захирагддаг. Нийтээр заншсан журмаас гажих, замнасан замаас хазайх дургүй. Шинэ зүйл болгонд тун болгоомжтой ханддаг. Ер нь тэднийг болгоомжтой хүн гэж хэлж болно. Тэд их хариуцлагатай, шударга хүмүүс.

Хайр дурлалдаа ч хариуцлагатай ханддаг. Гэр бүлийн амьдралд тэд маш аятайхан, уян зөөлөн байдаг. Тэд их шударга, төлөв төвшин зангаараа ялгардаг. Гэхдээ үүргээ биелүүлэх нь тэдний хувьд хайр дурлалаас ч илүү үнэтэй.

Түүний зан чанарууд: ухамсартай, зөн билэгтэй, уран сэтгэмж сайтай.

Инжрийн мод / VI.14-VI.23; XII.13-XII.20 /

Энэ хүний гадаад байдал нь хэдий энгийн ч хурц тод төрхтэй, эелдэг, тиймээс бусдын анхааралд заавал өртдөг. Тэдэнд амьдралын уужим орон зай болон халуун дулаан орчин шаардлагатай, таагүй орчинд тэд өвдөх магадлалтай. Тэд их эмзэг тул орчин болгонд дасан зохицож чаддаггүй. Бэрхшээлийг даван туулахдаа муу. Гуниг гутрал, зовлон байгаа газар бие муудах нь илүү. Тэдэнтэй зөөлөн эелдэг харьцах хэрэгтэй, үгүй бол тэднийг сүйтгэх болно.

Тэд сэтгэлийн хөдөлгөөнтэй бас эелдэг зөөлөн. Ингэж байснаараа л тэд амьдралын баяр баясгалан, сэтгэлийн тайван байдлыг мэдэрдэг. Өөрийнхөө сул талуудтай тэмцэж амьдралаа өнгөрөөдөг.

Тэд ажилдаа хичээл зүтгэл гаргадаг, тэдэнд итгэж найдаж болно, өдөр тутмын ажил үүргээ нягт нямбай биелүүлдэг, гэвч үнэндээ нэлээн залхуу. Гэсэн хэдий ч ажил хэрэгч, санаачлагатай бөгөөд амьдралд бодитойгоор ханддаг. Ямагт сайхан санаагаар дүүрэн байдаг.

Тэд гэр бүлийн амьдралд дуртай ч өөрөө тууштай бас биш. Гэхдээ гэр бүлийн тогтвортой байдалд мөн ойр дотны хүмүүстэйгээ байнгын харилцаатай дуртай, хэдий тэд нар нь түүний итгэл найдварыг хариулах чадваргүй байсан ч гэсэн.

Энэ хүн гэр бүлийн жинхэнэ нандин хүн болж, гэртээ сайн сайхан зүйлс авчирч чадна. Харин түүнийг сайн халамжлах хэрэгтэй мөн гомдоож болохгүй. Тэдэнтэй гэрлэвэл сайн. Тэд хэдий романтик биш ч бусдын энгийн сайхан сэтгэлийг үнэлж чаддаг. Энэ хүн гомдомтгой гэдгийг нь мартаж болохгүй. Тэдэнд эмзэг хүн тохирохгүй.

Тэдний зан чанарууд: амьдрах ухаантай, юманд бодитоор ханддаг, гярхай, сэтгэлийн хөдөлгөөнтэй, удирдах чадвартай.

Царс мод / III.21 /

Сүр жавхлантай, амьдралын эрч хүчтэй, гоо үзэсгэлэнтэй, олон эрхэм зан чанартай хүмүүс. Тэдэнд эмзэг, хэврэгхэн юм юу ч байхгүй. Гадаад төрхийг нь хүмүүс хараад тэднийг хүндлэх сэтгэл төрдөг.

Тэд төрөлхийн эрүүл чийрэг биетэй, ийм байх нь тэдэнд шаардлагатай учир нь өвчин тэсвэрлэхдээ тааруухан, цус хараад ухаан алдаж ч магадгүй. Тэд их зоригтой, гэхдээ ихэвчлэн энэ зориг нь тэдний оюун ухаанаас гардаггүй харин хэт их бардам зангийнх. Өөрийгөө хулчгар гэж бодогдуулахаас айсандаа ямар нэгэн зүйлийг түрүүлж хийдэг. Тэсвэр тэвчээртэй хүн тул гаргасан шийдвэрээ өөрчилдөггүй, зорьсондоо заавал хүрдэг. Гэхдээ тэдний шулуун, буулт хийдэггүй зан, өөрийнх нь эсрэг эргэдэг. Илүү уян хатан, заль мэхтэй байсан бол илүү их амжилтанд хүрэх байсан. Тэдний аливаа зүйлтэй эвлэрдэггүй  зан нь өөрт нь ихээхэн гай болдог. Тэд буулт хийж, тохиролцоонд хүрч чаддаг байх хэрэгтэй. Нөхцөл байдлыг үл харгалзан өөрийнхөөрөө л байдаг хүмүүс. Хөл дээрээ бат бөх зогсдог, хуучинсаг үзэлтэй, уламжлалаа хөгжүүлж мөн түүндээ шинэ зүйл оруулдаггүй. Өөрчлөлтөд дургүй, тиймээс шинэ зүйлийг дурамжхан хүлээж авдаг.

Тэд их гярхай ухаантай, зөн билэгтэй, ажил хэрэгч хүмүүс. Тэд юуны өмнө өөрийн ашиг хонжоог боддог учраас хувийн асуудал дээр бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Хөндлөнгийн хүний амьдралд оролцдоггүй, сонирхдог ч үгүй. Гэхдээ үе үе хайр харамгүй үйлдэл хийдэг. Тэд өөрийн эрхээр байх дуртай, тэднийг хязгаарлахыг тэд тэвчихгүй. Хэдий ийм ч бусдын эрх чөлөөг болон бодлыг хүндэлдэг.

Нөхөрлөлдөө үнэнч хирнээ хайр дурлалдаа дандаа тийм байдаггүй. Тогтворгүй зантай, амархан дурладаг, “энэ яг үүрдийнх”,”энэ яг надад таарна” гэж өөрт нь санагддаг. Зөвхөн гэрлэлт л тэднийг хүмүүжүүлнэ. Гэр бүлийн амьдралд их найрсаг, зочломтгой нэгэн болдог. Ойр дотны хүмүүстээ туслахыг боддог.

Тэдний зан чанарууд: нягт нямбай, амьдрах ухаантай, шийдэмгий, бодитоор сэтгэгч, гярхай, удирдах чадвартай.

Хус мод / VI.24 /

Тэдэнтэй хамт амьдрах их энгийн, сайхан байна. Дөлгөөн, эелдэг байж чаддаг. Хэнээс ч юм нэхэж шаарддаггүй, тулгадаггүй. Тэд чамин хувцасладаг, ёс суртахуунтай гэхдээ сургаал айлдаад байдаггүй, даруухан, аливаа зүйлд хязгаар байдаг гэж сайн мэддэг. Тэд уян зөөлөн зантай учраас бүдүүлэг занг тэвчдэггүй.

Хэдий тэд үзэсгэлэнтэй хэдий ч,хөдөлмөрлөх дуртай байдаг. Ажилдаа уран бүтээлчээр ханддаг. Тэд олон янзаар бодож сэтгэдэг бөгөөд зохион бүтээх чадвартай, бодож гаргасан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлдэг. Энэ бүгд тэдэнд гоц гойд үр дүнд хүрэхэд нь тус болдог. Ажил хийх чадвар нь шавхагдашгүй. Ямар ч төрлийн ажил хийсэн том амжилтанд хүрч чадна. Сэтгэн бодох чадвар нь илүү их хөгжсөн учраас урлагийн салбарт амжилт олох нь их байдаг. Тайван ажиллах нөхцөл нь бүрдэж л байвал ямар ч нөхцөл байдалд амархан дасдаг. Тосгонд амьдрах нь тэдэнд илүү сайхан санагдана. Аз жаргалтай байхын тулд тэдэнд тийм ч их юм шаардлагагүй: сайн номын сан болон ойлгож, хайрладаг хүн нь байхад л хангалттай.

Тэд зожигдуу учраас язгууртан амьдралд тохирохгүй хүн. Тэд нөлөө бүхий хүмүүстэй харьцах сонирхолгүй. Тансаг баян байдалд тэмүүлдэггүй, дээдсийг дууриадаггүй хүмүүс юм. Тэдэнд тайван, жигд амьдрал илүү тохирно. Эелдэг, даруу, ухаалаг тэд гэртээ тав тухтай, аз жаргалтай байдлыг бий болгож чаддаг. Гэр бүлийнхээ амьдралд үнэнч мөн тэсвэр тэвчээртэй ханддаг. Тэд их уян сэтгэлтэй ч тачаангуй, тэсгэлгүй хүслээс бас айдаггүй. Үүнээс болж бодлогогүй гэрлэдэг ч дараа нь харамсаад байдаггүй.

Тэдний зан чанарууд: зөн бэлэгтэй, уран сэтгэмж сайтай, уян зөөлөн.

Чидун жимсний мод / IX.23 /

Тайван, төлөв төвшин тэдэнд түрэмгий зан огт байхгүй. Бусдын саналд тэсвэр тэвчээртэй ханддаг. Тэд амьдралын тухай өөрийн бодолтой ч бусдын бодлыг үгүйсгэдэггүй. Бусдын амьдралын нөхцөл байдалд хүндэтгэлтэйгээр ханддаг. Өөрийн амьдралаа хүндрүүлэхгүйн тулд бусдын хэрэгт оролцдоггүй.

Бусдад тэд их тоомсоргүй мэт харагддаг ч яг үнэндээ бол зөвхөн төвийг сахихыг хичээдэг хүн. Бусдын асуудлыг ойлгож чаддаг. Шаардлагатай бол тэд тусална. Шударга ёсыг эрхэмлэдэг учраас шударга зөв санал гаргадаг. Бусдад туслахдаа өөрийгөө мартчихдаг.

Тэд бусдад сэтгэгдэл төрүүлэх юу ч хийгээгүй байхад бусад хүмүүс түүнийг хайрлаж үнэлдэг. Бусадтай төлөв төвшин харьцдаг. Ямагт анхаарал татдаг, тиймээс заримдаа алдартай болдог. Сайхан сэтгэлтэй, тусч. Тэд бас хэрсүү ухаантай тул бусдад тусч зангаа аль болох ашиглуулахгүйг хичээдэг.

Эдгээр хүмүүсийн ихэнх нь шархираа өвчнөөр өвчилдөг, тийм болохоор нартай өдөрт маш дуртай, наргүй бол зовж шаналдаг. Инээмсэглэхийг хичээдэг, ингэснээр өөрийгөө хянаж чадна гэж үздэг. Өөрийн тайван, төлөв төвшин байдлаа бусдад халдааж чаддаг.

Тэдний хажууд байвал аз жаргал болон итгэл найдварыг мэдрэх болно. Хүмүүс тэднийг ямагт сайнаар ярьдаг.

Энэ өдөр төрсөн хүмүүс ухаалаг, ном их уншдаг мөн сурч боловсрох, мэдлэгээ өргөжүүлэх дуртай нэгэн байдаг.

Хайр дурлалдаа ч төвийг сахидаг. Амрагаа хүндэлдэг, хардахгүй байхыг хичээдэг, дотроо л зовдог. Өөрийнхөө хайр дурлалаа орхиод баатарлаг үйл хийж чадна. Гэхдээ энэ нь тэдний сул дорой зангаас болдоггүй харин тайван байдлыг хадгалах хүслийг гэрчилж байдаг юм. Тайван байх нь тэдэнд хамгийн чухал.

Тэдний зан чанарууд: үнэнч шударга, зөв бодолтой.

Эвэрлэг мод / XII.21-XII.22 /

Үзэсгэлэнтэй бөгөөд урт насалдаг хүмүүс. Хөгширсөн ч залуу насныхаа зан чанаруудыг хадгалсаар байдаг: эв дүйтэй хөдөлгөөнтэй, уян хатан, бие бялдар сайтай. Тэд өөртөө санаа тавьдаг: их арчаатай, бүр сээтгэнүүр зан тэдэнд бий.

Таатай орчинд байвал ямар ч салбарт биширмээр амжилт олдог. Тэд үргэлж олон янзын төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг ба эдгээрийгээ амжилттай хэрэгжүүлж ч чаддаг. Амьдралаа үнэхээр сайхан зохион байгуулдаг, аливаа нөхцөлд сэргэлэн байдаг. Маш нарийн тооцоотой, алдах нь ховор, мөнгөө хэмнэдэг, төсвөө чадварлаг зохион байгуулдаг. Тэднийг шунахай гэж хэлэхгүй, гэвч өөрийн юмаа хуваалцах дургүй. Гэхдээ гэнэт өглөгч болдог үе байдаг.

Эдгээр хүмүүс олз, ашиг хардаг. Хэрсүү ухаантай, удирдах чадвартай. Эд хөрөнгө, мөнгөний сонирхолтой. Хувийн амьдралаа хоёрт тавьдаг. Журамтай, ухаалаг, ариун шударга. Шийдвэр гаргахаасаа өмнө болох болохгүй бүгдийг харьцуулан боддог.

Хайр дурлалд тэдэнд уран сэтгэмж дутдаг. Гэвч гэр бүлийн амьдралд үнэхээр сайн эхнэр /нөхөр/ болдог. Хэдэн ч хамаагүй хүүхэдтэй болж, гэр орноо үлгэр жишээ болохуйц эмх цэгцтэй байлгадаг. Материалист үзэлтэй бөгөөд эхлээд баян болоод дараа нь аз жаргалтай байж болно гэж үздэг.

Тэдний зан чанарууд: бодит үзэлтэй, удирдах чадвартай, хэрсүү, нямбай.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …