Зуны халуун өдрүүд өнгөрөх тусам сэтгэлийн гүн дэх хөөрөл улам ихсэж байлаа. Цэрэгт явах өдөр улам ойртож байлаа. Харин өнөөдөр юу ч хийх сонирхол төрөхгүй нэг л уйтгартай байлаа. Тиймээс сэтгэлээ сэргээж тайвшрахын тулд суух дуртай номын сан руугаа явлаа.
Номын санд ороход өөдөөс угтдаг нам гүмд миний сэтгэл тайтгарлыг олдог юм. Урьдых шигээ тавиуруудын дундуур явж энэхүү түүхийн эхлэлийг тавьсан номыг олж авсан юм. Сонгосон номоо уншихаар нэг мухарт суулаа. Унших тусам улам автаж алсын алсад тасран одсон байлаа.
Номонд гарч байгаа үйлд явдлаас гадна миний анхаарлыг өөр нэгэн зүйл маш их татаж байв. Тэрхүү номыг надаас өмнө уншсан хүн өөрийн сэтгэлийн үгээ маш их уран уянгаар илэрхийлсэн байлаа. Номын талаар өөрийн санаа бодлоо илэрхийлж, мөн зарим зүйлийг нэмсэн нь миний сэтгэлийг маш их хөдөлгөлөө. Тэр битгий хэл би номыг биш дээрх тэмдэглэлийг шимтэн уншиж байлаа. Хийсэн тайлбар болон хүнд ойлгуулах гэсэн санаа нь миний сэтгэлийг бүр ч догдлууллаа. Тиймээ би тэр тэмдэглэлийг бичсэн хүнтэй танилцахаар шийдэв. Ийм сайхан бичсэн ийм бодолтой хүнтэй заавал танилцах хэрэгтэй гэж бодлоо.
Гарахдаа номын санчаас энэ номыг өмнө нь хэн уншиж байсныг асуусанд түүний нэрийг Мариа гэдгийг хэлэв. Мариагийн хаяг, утасны дугаарыг асуусанд хувь хүний талаар илүү мэдээлэл өгч чадахгүй гэлээ. Номын санчийг суудлаасаа босон явангуут би Мариагийн талаар бүх мэдээллийг маш хурдан хуулж авлаа.
Ингээд би маргааш нь Мариад захиа бичлээ:
“Сайн байна уу Мариа!
Энэ захиаг чухам яаж эхэлж, юу бичихээ би мэдэхгүй байна. Гэхдээ намайг Жек гэдэг. Таны хаягийг нийтийн номын сангаас нууцаар авчихсан юм. Учир нь би тэнд байсан нэг номыг уншиж байхдаа өмнө таны уншиж байхдаа дээр нь бичсэн тэмдэглэлүүдийг уншсан юм. Таны бичсэн тэмдэглэлүүд надад маш их таалагдсан учраас би тантай танилцахыг хүсэж байна. Гэтэл би 2 хоногийн дараа цэрэгт татагдаж байгаа учраас танд захидал бичиж үлдээхээс өөр зам надад байсангүй.
Хэрэв та миний найз болохыг зөвшөөрвөл би үнэхээр их баярлана. Хүндэтгэсэн …” гээд дугтуйн дээрээ буцах хаягаа бичээд явуулчихав.
Хэдэн 7 хоногийн турш түүнээс захиа хүлээнгээ цэргийн амьдралд дасаж байлаа. Нэг өдөр хүсэн хүлээсэн захидал минь ирж би гэдэг хүн гайхах баярлах зэрэгцэн дугтуйг сандран нээж захиаг уншлаа.
“Сайн байна уу Жек!”
Миний талаар тийм сайхнаар бодсонд тань маш их баярлалаа. Ийм найрсаг сайхан хандсанд баярлаж байна… Үнэнийг хэлэхэд таны энэ сайхан харьцаанд би үгүй гэж хэлж чадахгүйнээ … Түр баяртай…” гэсэн богинохон захидал байлаа. Тиймээ хэдийгээр маш богино байсан ч би үүнийг л хүлээж байсан юм. Тэр богино захиаг хэчнээн ч удаа уншсан юм бүү мэд. Ингээд бид хоёр найзууд боллоо. Номон дээр бичсэн энгийн нэг тэмдэглэл яв явсаар ийм сайхан учрал болсныг би гайхан шагшихийн зэрэгцээ аз жаргалаар бялхаж байв.
Өдөр хоног өнгөрөх тусам Мариа бид хоёр бие биеэ сайн таньж улам дотносож, улам их захидал бичиж байлаа. Цаг хугацаа өнгөрч цэргийн албаны хугацаа дуусахад тун бага хугацаа үлдлээ. Би сүүлийн захиандаа сэтгэлээ нээхээр шийдэж цэргээс халагдахаа хамгийн түрүүнд түүнтэй уулзах хүсэлтэйгээ бичихээр шийдэв.
“Сайн уу Мариа!
Чи бид 2 олон сарын турш захидлаар харилцлаа. Миний хувьд энгийн найзаар эхэлсэн үерхэл маань хайр сэтгэл боллоо. Би чамд хайртай… Чиний бодол санаа, бичсэн зүйл, мөрөөдөл энэ бүгдэд би бүгдэд нь хайртай. Тийм ээ би чамтай уулзахыг юу юунаас ч илүү хүсч байна. Хэрэв чи зөвшөөрвөл хоёр хоногийн дараа галт тэрэгний буудал дээр энгэртээ улаан лиш цэцэг зүүгээд ирээрэй. Уулзатлаа баяртай.”
Энэ захиагаа шуудангаар яаралтай явууллаа.
Галт тэргэн дотор явж байхдаа Мариагийн ирэх ирэхгүйг, царайлаг эмэгтэй болов уу үгүй юу гэж бодсоор явтал буух буудал дээр аль хэдийн иржээ. Цонхоор гадагшаа харсан боловч улаан лиш цэцэг зүүсэн эмэгтэй харагдахгүй байлаа. Галт тэрэгнээс буухад минь амьдралдаа хэзээ ч харж байгаагүй тийм хөөрхөн бүсгүй миний өөдөөс харан зогсож байлаа. Бараг л зүрх зогсох шахлаа. Түүний харцанд автахгүй байхын аргагүй. Ертөнцийн 7 гайхамшгийн нэг гэж энэ байх гэмээр. Гэнэт улаан лиш цэцгийг саналаа. Энгэр лүү нь хартал ямар ч цэцэг байсангүй… Үзэсгэлэнт бүсгүй над руу харан инээмсэглээд “Таныг хүсвэл хоёулаа тэр кафед суугаад цай ууж, танилцаж болно шүү” гэв. Түүний заасан кафе рүү хартал үүдэнд нь энгэртээ улаан лиш цэцэг зүүсэн нэг охин зогсож байх нь тэр. Урт саарал пальтотой, үс нь арзайсан, хамаг хувцас нь хайш яаш болсон тэр бүсгүйн энгэр дэх улаан лиш цэцэгт хамаг анхаарал минь төвлөрлөө. Тийм ээ олон сарын турш санаж, мөрөөдөж дурласан хайрт Мариа минь энэ байхнээ! Би гайхаж балмагдав. Би өөрөө өөртөө ч итгүүлж чадахгүй байлаа. Учир нь би ийм эмэгтэй байна гэж огтхон ч төсөөлөөгүй юм.
Нэг талд хэзээ ч дахин учрахааргүй тийм сайхан бүсгүй намайг за гэхийг хүлээж байхад, нөгөө талд зүрх сэтгэлд нь татагдан дурласан хайрт Мариа… Ухаан бодол минь самууран байна. Гэвч би ухаанаа цэгцлэн шиидлээ. Учир нь би Мариад дурласан шүү дээ. Тэгээд үзэсгэлэнт бүсгүйд хандан “Мөрөөдөн дурласан бүсгүй минь намайг хүлээж байна. Уучлаарай би тантай хамт явж чадахгүйнэ ээ!” гээд Мариагийн зүг алхав.
Дэргэд нь очоод мөрөнд нь зөөлөн хүрч “Мариа!” гэлээ. Бүсгүй бага зэрэг цочсон байдлаар эргэж хараад “Би Мариа биш. Та намайг өөр хүнтай андуурсан бололтой” гэх нь тэр.
“Тэгвэл таны энгэр дэх улаан лиш цэцэг ямар учиртай юм бэ?”
“Аа тэр үү, сая таны ярилцаж байсан эмэгтэй надад өгсөн юм. Тэгээд таныг ирвэл цай уухаар кафед хүлээж байгааг минь хэлээрэй гэсэн юм.” гэлээ.
Жекийн мөрөөдлийн бүсгүй нь тэр үзэсгэлэнт эмэгтэй мөн байжээ. Би гадаад дүрд авталгүйгээр анхны бодлоо даган явсан учраас Мариагийн сэтгэлийг дахин эзэмдэж чаджээ. Мариа Жекийн сэтгэлийн жинхэнэ эсэхийг мэдэхийн тулд ингэж шалгасан байж. Тэднийг аз жаргалтай сайхан амьдрал хүлээж байлаа.
Итгэл мөрөөдөлдөө үнэнч яваарай. Хэрэв та хэн нэгний сэтгэлд дурласан бол хэзээ ч алдахгүй. Тэр бол таны зөв сонголт юм.