Бидний хэнбугай нь ч гэмт хэргийн хохирогч болохыг үгүйсгэхийн аргагүй тийм хатуу нийгэмд та бид амьдарч байгаа нь гашуун үнэн юм. Гэхдээ “би гэмт хэргийн хохирогч болсон хүн байна” гэж олны өмнө гарч, хүмүүсийн ажиж сонжсон харц хийгээд хандлага дор чичлүүлж амьдрахаас зүрхшээнэ. Тэрдундаа бусдад хүчирхийлүүлсэн эмэгтэйчүүдийн тухайд энэ ойлголт илүү хамаатай байж болох юм. Судалгаанаас харж байхад хүчин, хүчирхийллийн хэргийн хохирогч болсон эмэгтэйчүүд хамгаалалт байхгүй учраас айдаг, нийгмийн хүлээж авах сэтгэл зүй бэлэн биш, ихэвчлэн хохирогчийг л буруутгадаг учраас ил гарч ирэхийг хүсдэггүй нь харагддаг. За мөн эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэргүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг мэргэжилтнүүдийн хэлж ярьж байгаагаас ойлгож болно. Гол нь жирийн гэмт хэргүүдтэй харьцуулбал эмэгтэйчүүд илүү эмзэг, тэгш бус нөхцөлд байдаг учраас тэр болгон шүүх цагдаагаар туйлбартай явж хэргээ эцэст хүртэл шийдүүлж чаддаггүй нь, нөгөө талд гэмт хэрэг үйлдэгчдийг улам өөгшүүлж ирсэн нь харамсалтай юм. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд хүчин, хүчирхийллийн хэрэгтэй холбоотой аливаа мэдээллийг нийтлэх, нэвтрүүлэхдээ хохирогчийн хохирсон эрх ашгийг улам дэвсэлсэн хийгээд хүний үндсэн язгуур эрхэнд нь халдсан байр байдлаар мэдээлэх нь ёсзүйн хувьд нийцэхгүй явдал юм л даа. Харамсалтай нь, бодит байдал дээр хохирогчийг буруутгасан, чичлэсэн өнцгөөс хардаг, бичдэг байдал бий гэдгийг бодит баримт дээр тулгуурлан өгүүлж болох юм.
Хохирогчийг нэмж шийтгэх нь хэнд ашигтай вэ?
Уншигч та “Мон-Эрдэнэ” ХХК-ийн захирал, уяач П.Энхмөнх болон загвар өмсөгч Г.Дэлгэрмаа нартай холбоотой мэдээллийг хэвлэлүүдээр ямар нэг байдлаар авч ирсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Уг нь бол хохирогч Г.Дэлгэрмаа өөрийгөө гэмт хэргийн хохирогч болсныг нийгэм даяар зарлахыг, олны өмнө мэдэгдэхийг хүсээгүй байдаг. Өөрөө ч тэр талаараа хэлсэн байдаг. Гэвчиг түүнийг хүчингийн хэргийн хохирогч, тэрдундаа өөрөөсөө болж хохирсон гэсэн агуулгатай мэдээллийг нэр бүхий этгээдүүд хэвлэлээр дамжуулан цацаж, олонд дуулгасан байдаг. Эхэнд хэлсэнчлэн ямар ч эмэгтэй хүний хувьд ил гаргаж хэлэхээс эрхгүй зүрхшээмээр уг асуудлыг нь олонд зарлана гэдэг, гэмт хэргийн хохирогч гэдгийг нь улс даяар зарлана гэдэг бол дэндүү хүнлэг бус хийгээд гэмт хэргийн үйлдэл юм аа. Тиймээс уг асуудлыг хөндөхгүй орхиж боломгүй тул бид ийн өгүүлж байгаа юм.
Г.Дэлгэрмаа бүсгүй хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Асуудал байгаа нь үнэн, гэмт этгээд нь эхэлж олон нийтэд ил болгож, намайг захиалгатайгаар гутаан доромжилж, гүтгэсэн байдал байсан учраас би аргагүйн эрхэнд нэр төрөө хамгаалахаар дугарч эхэлсэн… Би бодохдоо, хүчиндүүлсэн эмэгтэй буруутай байжээ гэсэн утгатай удаа дараагийн ийм гүтгэлэгийг хэвлэл мэдээллээр тарааж түгээх нь гэмт этгээдийн талд л ашигтай байхаар тооцсон зохион байгуулалттай хэрэг угаах ажиллагааны нэг хэсэг нь байсан юм болов уу л гэж харж байна. Хэрэг мушгих, бодит үнэнээс нь хазайлгах, хохирогчийн нэр төрд байж боломгүйгээр халдах, нэр, зураг хөргийг дэлгэн чичлэх, гүтгэх, энэ бүх олон нийтэд дэлгэсэн худал мэдээллийн ард ямар ч хууль бус юм хийх гэж байсан байж болно… “Та өөрөө эмэгтэй хүн байна, та хүчиндүүлсэн бол яах байсан бэ?” Би энэ асуултыг олон хүнээс асууж үзсэн. Арван эмэгтэйн ес нь нуух л байхдаа гэсэн. Эмэгтэй хүн чинь байгалиасаа ичимтгий. Тэгээд бүүр ийм асуудлыг зарлаад байх нь ичгэвтэр шүү дээ. Тиймээс би ч гэсэн хүмүүс намайг хүнд хүчиндүүлснийг мэдээсэй гэж хүсээгүй. Үгүй байсан ч болоосой гэж хүсэвч энэ бол үнэн. Хэдий цагдаагийн байгууллага хэргийг мөрдөн шалгаж байсан ч би чаддаг бол өөрөөсөө ч нуумаар үе зөндөө байсан. Хуулийн байгууллага намайг энэ хүчингийн хэргийн хохирогч мөн болохыг тогтоосон. Бусдыг ярих нь надад хүнд байна. Хэрэг 2013 оны аравдугаар сард болсон.” хэмээн 2014 оны 6-р сард ярьсан байдаг.
Тэгэхээр хохирогч бүсгүйн өөрөөсөө ч нуумаар гашуун хэрэг явдлын талаарх мэдээллийг түүний урдуур орж нийгэм даяар зарлах хэнд ашигтай байв аа? гэдэг асуулт яах аргагүй анхаарал татаж байгаа юм.
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу