Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь VII-VIII ба түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд багтдаг ажээ.
2010-2016 онд улсын хэмжээнд 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт жилд дундажаар 44 удаа тохиолдож байна.
Улаанбаатар хотод 2005 онд өмнөх онуудаас хоёр дахин их чичирхийлэлт ажиглагдаж байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд энэ тоо 10 дахин их болж өссөн байна.
2016 оны эхний 10 сарын байдлаар 1,260 удаа чичирхийлэлт болсон нь энэхүү идэвхжилт буурах төлөв ажиглагдахгүй байгааг харуулж байна гэсэн дүгнэлтийг Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс гаргажээ.
Улаанбаатар хотод аюул учруулж болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн голомтууд:
Газар хөдлөлт болох хэмжээний идэвхтэй хагарлууд ба Улаанбаатарт мэдрэгдэх балл:
УЛААНБААТАР ХОТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУД ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ ЮУ?
Улаанбаатар хотод баригдсан нийт барилга байгууламжийг хийцээр нь ангилвал,
- тоосгон барилга 61 хувь,
- угсармал барилга 18 хувь,
- төмөр бетон хийцийн барилга 16 хувь,
- модон хийцийн барилга 2 хувь,
- метал хийцийн барилга 2 хувийг тус тус эзэлж байна.
2011-2015 онд нийтийн зориулалттай 524 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ, судалгаа хийжээ. Эдгээр барилгаас 171 нь газар хөдлөлтөд тэсвэртэй, 278 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан байна. Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудын олонх нь тоосгон болон модон хийцтэй, ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй 1970 оноос өмнө баригдсан барилгууд юм байна.
Анх баригдахдаа газар хөдлөлтийн эрсдэлийг сайн тооцоолоогүй баригдсан барилга байгууламжууд, онцгой байдлын үед аврах ажиллагаа явуулах боломжгүй, бэлтгэлгүй байдал нь Монголын нийт хүн амын тал орчим нь амьдарч, ажиллаж буй Улаанбаатар хотыг улам эрсдэл өндөртэй бүс болгож байна.
Баригдаж буй ихэнх барилгууд хийцийн өөрчлөлт ихтэй, инженерийн тооцоолол муу, зориулалтын бусаар ашигладгаас шалтгаалан газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг сулруулдаг хэмээн ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс мэдээлж байгаа юм.