Эрдэмтэн доктор, зохиолч Б.Ринчин гэж намбалаг сайхан дүр төрхтэй, өндөр сүрлэг биетэй, намирсан цагаан халимагтай хүн байв. Энэ хүнтэй нүүр учирч яваагүй ч “Эрдэмтэй хүн дөлгөөн” гэж ийм байдаг ажээ хэмээн бахархаж явдаг байлаа. Харин Ри гуайн энд тэнд явахдаа хэлсэн, ярьсан доогтой хошигнолыг хожим сонсох нээ дутагдлыг илчилж, засахыг сануулсан байдагсан.
Алт болоод л…
Ри гуай нэг удаа угсаатны зүйн эрдэм судлалын ажлаар Урианхайчуудын уугуул нутаг, холын цэнхэр Ховд аймгийн Дуут суманд очжээ. Сумын удирдлагууд угтаж авахаар зочид буудлынхаа үүдэнд хүлээж байж. Удалгүй ирээд, сумын удирдлагуудтай мэндэлж, зочид буудал руу орох гэснээ буудлын хаалганы дээд хананд улаан будгаар томоор бичсэн “Яс бол алт” гэсэн үгийг “Энэ юу гэсэн үг вэ?” гэж сумын даргаас асуужээ. Сумын дарга “Ринчин гуай, “Яс бол алт” гэсэн үг” гэж. “Даанч тийм байх. Давж ирсэн хөтөлөөс нааш хөглөрөөд байсан юм. Тийм болоод л тэгж байж” гэсэн гэдэг. Тэр үед иймэрхүү хоосон уриа лоозон хот хөдөөгүй, хаа л бол хаа, байшингийн хананд өнгө өнгийн будгаар бичсэн байдагсан. Маргааш нь Ри гуайг буцсан хойно уг үгээ хусаж арилгасан гэдэг.
Ямаанд идүүлчихгүй бол…
“Арын сайхан хангай”-д ажлаар очоод байхдаа Цэцэрлэг хотын гудамжаар аймгийн нэг хариуцлагатантай энэ тэрийг сонирхож баахан явжээ. Хариуцлагатан их эрдэмтэнтэй хэлэх ярихаа олж ядахдаа “Ринчин гуай, та энд тэнд их явсан хүн. Хотын гудамж, талбайг зүлэгжүүлж, модтой болгоход ямар мод таривал зүгээр вэ?” гэж асуужээ. Ри гуай нэлээд бодолхийлж байснаа “За, даа. Ямаанд идүүлчихгүй бол ямар ч мод тарьсан яахав дээ” гэсэн гэдэг. Нээрээ бид чинь хавар мод тариад, арчилж, тордолгүй, ямаанд идүүлчихээд намар нь хураагаад авчихдаг муу зуршилтай билээ.
Өдий насалтлаа үзсэнгүй
Эрдэм судлалын ажлаараа нэг зун “уул усны цэнхэр хязгаар” Увс аймагт очжээ. Ойролцоо нэг суманд очиж, оройтоод хонох болтол сумын зочид буудал засвартай байж. Ингээд сумын удирдлагууд хонуулах газар хайн сандарч гарчээ. Тэгээд амаржих эхчүүд байгаагүй тул “Эхчүүдийн амрах байр”-нд /нэгдлийн эмэгтэйчүүдийг амаржихаас нь өмнө авчирч амраадаг байлаа/ хонуулахаар болжээ. Гэтэл Ри гуай байранд ойртож очсоноо хойш ухарч, “Өдий насалтлаа үүнийг чинь л үзээгүй юм байна. Үнэнээ хэлэхэд айгаад байна шүү” гэж хошигножээ. Бидний хэнэггүй зан уу…
http://biir beh.mn