Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд /2017.01.25/ Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй уулзалт хийв.
Төрөөс бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, санал солилцох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Уг уулзалтад Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын гишүүн байгууллагууд, гадаадын Элчин сайд нар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
АмЧам Монголын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Жэй Лиотта уулзалтыг нээж, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол дахь Америкийн Худалдааны танхимын 2017 оны анхны уулзалтын зочноор урин оролцуулж, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, УИХ-аас нийгэм, эдийн засгийн орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгөх боломж олгосонд талархал илэрхийлье. Шинэ УИХ байгуулагдсанаас хойших зургаан сарын хугацаанд 64 хуулийн төсөл өргөн баригдаж, 89 хуулийг батлаад байна. Одоогоор хэлэлцэгдэж байгаа эдийн засгийн чиглэлийн гол хуулиуд бол Хөгжлийн банкны тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай зэрэг хуулийн төслүүд байна. УИХ-аар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг баталлаа.
Мөн засаглал, институцийн хөгжил, төрийн албаны чадавхийг сайжруулахад онцгой анхаарч байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын биелэлттэй эхнээс нь танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг цаг тухай бүрт гаргаж байна. Гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр нүүрсний экспортын үнийг нэг цонхны бодлогод шилжүүлж, худалдан авагчдыг чөлөөт өрсөлдөөнд шилжүүлснээр экспортын үнэ сүүлийн хагас жилийн дотор 2 дахин өслөө. Монголбанкнаас бодлогын хүүгээ 1 хувиар бууруулан 14 хувьд хүргэсэн. Цаашид үе шаттайгаар бууруулж, эдийн засгийн идэвхижлийг дэмжих бодлого баримталж байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд учирч байгаа татварын дарамтыг хөнгөлөх зорилгоор жилдээ 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой үндсэн 4 салбарын бизнес эрхлэгчдийн орлогын албан татварыг хөнгөлж, 1.0 хувийн татвар ногдуулах хуулийн төслийг өргөн бариад байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын тогтвортой, бие даасан байдлыг хангах чиглэлээр цогц арга хэмжээ авч ажиллаж байна. УИХ-ын даргын хувьд бодлого тодорхой, зохицуулалт оновчтой, үйл ажиллагаа тасралтгүй, ил тод байх, аливаа ажлын гүйцэтгэлийг үр дүнгээр үнэлдэг, хариуцлага тооцдог байх зэрэг зарчмуудыг хатуу баримтлахыг Засгийн газарт зөвлөж байгаа. Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан.
Монгол Улсын урт хугацааны төлөв өөдрөг, эерэг байгаа боловч өнгөрсөн хугацааны бодлогын алдаанаас үүдэлтэйгээр богино хугацааны хүндрэл үүсээд байна. Гэхдээ өнгөрсөн алдаа оноог дэнслэхээс илүүтэйгээр гарах арга замыг эрэлхийлж ажиллаж байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг харгалзан үзвэл ОУВС-ийн хөтөлбөрийг авч, эдийн засгаа зөв гольдролд оруулах, богино хугацаанд тогтворжуулан, хүртээмжтэй өсөлтийг хангах боломжтой гэж үзэж байна” гэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Эрдэнэт үйлдвэрийн хувьчлал, гадаадын банкийг оруулж ирэх асуудал, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийн талаарх оролцогчдын асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ.
АмЧам Монгол нь Монгол-Америк хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Тус байгууллага нь гурван сая гаруй гишүүнтэй, дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны танхимын албан ёсны салбар юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.