-Хууль зүйн байнгын хороо гурван асуудал хэлэлцэв-
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2017.01.31/ хуралдаанаараа эхлээд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав. Ажлын хэсэг хуралдаан эрүүлжүүлэх байранд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх, төслийн 4 дүгээр зүйлд хуулийн 7.3.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахаар заасан байсныг “шаардлагатай эмчилгээ, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэж өөрчлөн найруулах, эрүүлжүүлэх байр цагдаагийн байгууллагын харьяалалд шилжиж байгаатай холбогдуулан хуулийн зорилт хэсэгт өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан болохыг тэрээр танилцууллаа. Мөн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын 6 томьёолол боловсруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Батнасан, Л.Болд, Ж.Ганбаатар, Ж.Батзандан, М.Билэгт нар хууль санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд сэтгэцийн эмгэгтэй хүнд хэрэглэдэг номхотгох арга хэрэглэх талаар тусгасан зохицуулалтын талаар тодруулсан юм. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Номхотгох таван арга байдаг бөгөөд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон иргэний аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглэхээр тусгасан” хэмээн хариулт өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, эрүүлжүүлэх байрыг эмнэлгүүд рүү шилжүүлсэн нь амьдралд нийцэхгүй байгаагаас үүдэн дахин зохицуулалт хийж байна. Ингэхдээ хүний эрхийг хангахад чиглэсэн зөв зохицуулалт хийх нь чухал гэдэг саналыг хэлсэн. Ингээд ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсний хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэхээр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа
Байнгын хорооны хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, уг хуулийн төслийг Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хэлэлцэх шаардлагатай байгаа тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27.1.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6 дахь заалтыг тус тус үндэслэн тав хоногийн хугацаатай завсарлага авах нь зүйтэй хэмээн үзснийг мэдэгдлээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Засгийн газраас хууль сахиулах системтэй холбоотойгоор өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд харилцан хамааралтай зохицуулалтуудтай байгаа учир нэг хүртэл хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн юм.
Дараа нь Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд санал, дүгнэлтийг танилцуулсан.
1. “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа Монгол Улсын Үндсэн болон бусад хууль тогтоомж зөрчиж, УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд хууль бусаар халдаж одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэрээний заалтыг зөрчиж хийгдсэн байх тул Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож тус үйлдвэрүүдийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж 100 хувь улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулах.
2. Дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг худалдаж авахдаа халхавч гэрээ хэлцэл байгуулах, “ХХБ” болон “Улаанбаатар банк”-ны хувьцаа эзэмшигч болон түүний шууд удирдлагад ажилладаг цөөн хүмүүсийн нэр дээр зохиомлоор байгуулсан компаниудын нэр дээр Монголбанкнаас хууль бусаар олгосон зээл, Хөгжлийн банкнаас тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, зарим аж ахуйн нэгжтэй байгуулсан концессын гэрээнд хууль бусаар өөрчлөлт оруулж улсын төсвөөс гаргуулсан их хэмжээний мөнгөн хөрөнгө /90.0 сая ам.доллар/, түүнчлэн хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгө зэрэг эх үүсвэрүүд ашиглагдсан, зээлийн гэрээ гэгчийг байгуулахдаа “ирээдүйд бий болох орлого”, Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан “Зэс худалдан авах гэрээ”, “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь”, “Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц” зэрэг хууль бус халхавч, эсхүл огт байхгүй зүйлийг барьцаалсан зэргээс үзэхэд дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр мь хууль бус. эргэн төлөгдөх баталгаагүй, эцсийн эрсдэлийг төр хариуцахаар байна. Иймд Засгийн газар болон Монголбанк энэ танилцуулгад дурдсан эх үүсвэрүүдийн хүрээнд ХХБ, “Улаанбаатар банк”-ны хувьцаа эзэмшигчтэй харилцан тооцоо хийх нь зүйтэй гэж үзэв.
3. “Эрдэнэт үйлдвэр”-т хууль бус хяналт тогтоосноос хойших хугацаанд тус үйлдвэрийн орлогын ихээхэн хэсзг Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компаниудад шилжиж улсад төлж байсан татварын хэмжээ эрс багасаж байгаа нь анхаарал татаж байна Тухайлбал. 2016 оны 6 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 21 хүртэлх хугацаанд тус үйлдвэрийн орлогоос 2013 оны ногдол ашиг гэх 8.6 сая ам.доллар, 2012 оны ногдол ашиг гэх 47.1 сая ам.доллар “Монголиан Коппер корпораци” ХХК-д гэрээний урьдчилгаа гэх 2.6 сая ам.доллар /нийт 58.3 сая ам.доллар/ Кью-Эс-Сип компанид гэрээний төлбөр гэх 17.0 тэрбум төгрөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 2.7 тэрбум төгрөг тус тус шилжүүлсэн байна. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2016 онд улсын төсөвт төлөх татварын хэмжээ 230.0 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй гэж татварын алба дүгнэсэн байна.
4. ХХБ, Улаанбаатар банк, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлал болон Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй байгуулсан концессын гэрээнд хууль бусаар өөрчлөлт оруулсан асуудлыг дахин хуулийн хүрээнд нягтлан хянаж хувьчилсан үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэр нь Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг “худалдаж авсан” ажиллагаа, эх үүсвэртэй ижил төсөөтэй байвал нэн яаралтай хууль, шударга ёсыг сэргээн тогтоох арга хэмжээ авах
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн засварлага авсан нь өнөөдөр дуусч буй тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн бөгөөд ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Ажлын хэсэг хууль эрх зүйн цаашдын гаргалгаагаа хэрхэн тодорхойлж байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд тодруулсан. Ажлын хэсгийн санал, дүгнэлт дэх шийдлийн дагуу асуудлыг шийдвэрлэгдэх ёстой хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд тайлбарлаад, шийдвэрийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, ОХУ-ын эзэмшилд байсан хувьцааг Монголын хувийн хэвшлийн байгуулллага шилжүүлж авсан байгаа гэдгийг хэллээ. Улсын Их Хурал хувийн өмчид халдах талаар ярьж байгаа, нөгөөтэйгүүр шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх байгууллага хэрэгжүүлэхээр Үндсэн хуульд заасан байхад дээр үйл явдалтай холбоотой шүүхийн шийдвэр тогтоол, эцсийн шийдвэр гараагүй байгааг онцолсон юм. Мөн Улсын Их Хурал энэ үйл явдалтай холбоотой тодорхой шийдвэр гаргаж байгаа бол 49 хувийг эзэмшигчийн төлөөлийг оролцуулж, асуудлыг шийдэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, хувийн өмч гэдгийг ярихаасаа өмнө хуулийн дагуу хувийн өмчтэй болсон эсэх асуудал гээд “Стратегийн ордын ангилалд багтсан, олон нийтийн буюу төрийн өмчид байсан компанийн тодорхой хувь хуулийн дагуу хувийн өмчид шилжсэн байсан бол өнөөдөр ийн хэлэлцэх нь үнэхээр зохисгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Мөн тэрээр ажлын хэсгийн дүгнэлт дэх ногдол ашгийн талаар тодруулав. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийг хянан шалгах нь Улсын Их Хурлын үндсэн үүрэг болохыг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд тайлбарлаад “Энэ хүрээнд дээрх үйл явц нь олон хууль, тогтоолыг зөрчиж байгаа учир Улсын Их Хурал шалгах бүрэн эрхтэй. Улсын Их Хурлын зарим гишүүн “нийгэмчлэх, хураах, хувийн өмчид халдах” гэж нэр томьёо хэрэглээд байгаа. Тэгвэл хамгийн энгийнээр тайлбарлахад аавынхаа эзэмшлийн автомашиныг хүү нь зөвшөөрөлгүйгээр зарчихсан. Уг нь ааваасаа асууж, зөвшөөрөл авах ёстой биз дээ. Үүн шиг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх ёстой атал тэгсэнгүй. Үүний хариуцлагыг хаанаас нэхэх вэ. Илэрхий хууль зөрчсөн ийм үйлдэл гарчихаад байхад Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэгтэй юм. Тиймээс үйл явцыг хэтэрхий гуйвуулж, мушгин тайлбарлах хандлага гаргахгүй байхыг та бүхнээс хүсье” хэмээн хэлсэн.
Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа, 2012 болон 2013 онд хуваарилсан ногдол ашиг болох нийт 55.7 сая ам.долларыг өмчлөлийн асуудал шийдэгдээгүй байгаатай холбоотойгоор шилжүүлээгүй, өглөг хэмээн тодорхойлоод байлгаж байсан. Шийдвэр гарч “Монголиан Коппер корпораци” ХХК-д шилжсний дараа холбогдох талуудын нэхэмжлэлийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 8.6 сая ам.доллар, мөн оны 08 дугаар сарын 12-ны өдөр 47.1 сая ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр”-ээс гарч “Монголиан Коппер корпораци” ХХК-д шилжүүлсэн хэмээн хариулт өгсөн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн лавласны дагуу 2012 онд Монголын талд ногдол ашиг болгон 110 сая тэрбум төгрөг, 2013 онд 68.3 тэрбум төгрөг шилжүүлсэн болохыг тодруулан хариуллаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар уг асуудлыг Монгол Улс дотооддоо шийдэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Б.Дэлгэрсайхан, Д.Тэрбишдагва, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж нар санал хэлж, ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо уг санал, дүгнэлтийг хэлэлцсэний дараа Хууль зүйн байнгын хороо хамтарсан шийдвэрийн төсөл гаргах нь зүйтэй хэмээн шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.