Монголчууд дотор дуулдаггүй хүн байхгүй л гэнэ. Залуудаа шүлэг бичдэггүй хүн байхгүй л гэлцэнэ.
Эрэгтэй хүүхэд бүр барилдаж, морь унаж байсан л гэнэ. Бид ч ер нь бол хэлж ярьснаасаа бол бүгд төрөхдөө дуучин, зохиолч ,тамирчид болоод төрцгөөчихсөн аж.
Эвтэйхээн дуулдаг,эвлүүлээд бичдэг , дүрс сараачдаг болгоныг авьяастай гэдэггүй юм.
Өөрийн гэсэн аманд аялагдах ганц дуугүй ам барьсан амьтасыг дуучин ч гэдэггүй юм.
Авьяас гэдэг бол бусдаас илт илүү тасархай үзэгдэж харагдаж, үнэртэж, баригддаг эд.
Харамсалтай нь дуу авиа гаргасан бүр дуучин болж чаддаггүйг, үсэг үг холбосон бүхэн зохиолч болчих авьяасгүйг, ноцолдсон бүгд тамирчин болохгүйг ойлгохгүй бас мэддэггүй бололтой.
Ном бичих ,мод тарих хоёрыг ижилсүүлээд л буян болгоод ч гүйж байх шиг.
Түүнд итгэсэн улс болсон болоогүй ном нэртэй мом гаргаад ашдын буян хийчихсэн айхтар мундаг амьтан болох.
Өнөө гаргамар болсон номоо аваарай ,аваарай гээд амьтан гуйж царайчилах , аргаа барсан зарим нь загнаж ч байх шиг , эсвэл энд тэндгүй таньдаг танил найз нөхөд ах дүүдээ тараан зүгээр өгөх.
Зүгээр өгсөн номнуудыг нь салхи оруулаад уншиж байгаа нь ховор.
Бүүр сүүлдээ FB – ын би чадна армийнхан ном бичсээр бие биенээсээ уралдан 1,2,3,4, 5 дахь номоо гаргалаа гээд уралдан хөөрцөглөх.
Ном бичих гэдэг уралдаан тэмцээн биш.Ном бичнэ гэдэг ядаж л нэг шад мөр , үг ,цаашлаад өгүүлбэр чинь хүнд үлдэхийн, хүрэхийн нэр.
Номыг яг л талх боорцог шиг хийчихдэг юм бол ер нь авьяастай ч байх хэрэггүй юм бишүү.
Ном нэртэй гадаад дотоодын зохиолчдоос хуулан бичлэг хийгчид ч олширлоо.
Гэхдээ өнөөдөр хэн дуртай нь ном боож гаргаж болох ч та ядаж нэг удаа өөрөөсөө миний бичсэн номыг хэн уншиж байна, хэн унших бол ….Яг хэн зорьж ,хайн очиж авч байна гэж хараад нэг үзчихвэл …..
Захын Навчаа ,Цэцгээ ,Доржийн бичмэр болсон жорлонд ч авч ороод суухын аргагүй ном нэртэй ноорог уншиж тархиа саажуулж суух уншигч авхай нар өөрсдийгөө хүндэлж өөрөө хайж сурж, судалж байж оюун ухаан зүрх сэтгэлдээ хэрэгтэй номыг авч уншиг тун.
Өлслөө гээд түүхий төмс иддэггүй .
Дуунд дуртай гээд солгой хоолойтонг сонсоод уярдаггүй.
Хэмжээгээ мэдэхгүй болтлоо хэтэртлээ томорсон хэлбэр дүрсгүй бөөгнөрлүүдийн дунд хэлбэр дүрстэй амьдрахсан.
Зохиолч ,яруу найрагч гэдэг алдрыг ард түмнээс хүртдэг.
10 ном гаргаад , Болор цомд түрүүлээд ч нэр ч үгүй бараа ч үгүй ганц олигтой шад ч үгүй бишгүй олон зохиолч, яруу найрагч хэмээн нэрийдсэн нэртэнгүүд ч дүүрэн .
Сарын нэг роман нэртэй цуврал сувс бичээд зохиолчид дотроо ч танигддаггүй, бараагүй, зохиолч нэртэн ч байх.
Тэртээ тэргүй халиад асгарч буй энэ саван дотор таны орон зай байна уу гэдгээ сайн бодох хэрэгтэй.
Мөн хамгийн чухал эд бол та үнэхээр авьяастай юу?
Зүгээр л бичих дуртай хүн үү.
Бичих дуртай байлаа гээд зохиолч болчихдог юм биш л дээ ядахад .
Хамгийн наад зах нь гэхэд л сэтгүүл зүй, уран зохиол хоёр чинь гэхэд л хоорондоо асар их ялгаатай төрөл байдаг юм шүү дээ.
Зохиолч ба зохиогч .Бичээч ба бичигч хоёр тэнгэр газар, алд алдаар ялгаатай .
Эцэст нь хатуухан хэлчихэд бөөн дурын дурлан бичээчид минь Монголын уран зохиол танаар лав дутахгүй.
Авьяасгүй ах дүү, эгч дүүсээ ном нэртэй ноорхой бичиж амьтны ч өөрийнхөө ч алтан цагийг үрэх аюулаас гэтэлгэж сурцгаая.
Авьяастай, авьяасгүйгээ мэдэж, мэдэрч чагнацгаая.
Хүнд хүрэхгүй ,үлдэхгүй ном бичих гэж явснаас тэр мөнгөөрөө модоо тарьцгаая.
Ядаж өөрт чинь цаашлаад үр хүүхдэд чинь утаагаар биш агаараар амьсгалахад нь нэмэртэй дээ.
Өөрөө даахгүй ачааг үүрэх гээд хөлсөө гоожуулах нөхдийг хараад өр зүрх хайлах юм.
Хэрэггүй, илүүдсэн газраа зогсоод айлын хатавчинд чихэр горьдож зогсоо хүүхэд шиг өрөвдөлтэй харагдаад байна та нарын дүр төрх.
Өөртөө ноороглон сараачсан ноорог цаасаа ном гэж боогоод түмэнд дэлгэхдээ ядаж жаахан ч болтугай ичих ,эмээх нүүртэй байгтун.
Ядахад шаварчин будагчныг барималчин байна чи шүү гэж хөөргөөд араас нь шоолон суугаа хүмүүс нь больчихоосой билээ.
Солгой хоолойтой хүнийг чи гоё л дуулдаг ш дээ дуул ,дуул гэж дуулуулчихаад жуумалзан байх сайхан л байдаг юм байх даа .Надад бол огтоос сайхан байдаггүй юм энэ бүхэн.
Хулганайн Тэргэл