Хөөрхий дөө, муу эцэг эхчүүд харалган төрийн алдаатай бодлогоос болж ингэж ч зовох гэж. Хүүхэд гэр бүлийн аз жаргал, улс орны ирээдүй. Тэднийг цэцэрлэг сургуулиар хүмүүжүүлж, зөв хүн болгон төлөвшүүлэх нь нэг талаас эцэг эхийн үүрэг.
Нэг үеийг бодвол манай эцэг, эхчүүд хүүхдүүдээ аль болох багаас нь хөгжүүлэхийг эрмэлздэг болсон нь өнөөдрийн нөхцөл байдлаас харагдаж байгаа юм.
Харин иргэдээ сурч боловсрох бүрэн эрхээр нь хангаж чадахгүй байгаа төрийг харалган гэхээс өөр яалтай. Өнөөдөр нийслэлийн сургууль цэцэрлэгийн хүрэлцээний асуудал нь хамгийн том бөгөөд хэцүү, хэзээ шийдэгдэх эсэх нь үл мэдэгдэх зүйл болчихоод байна. Жил бүрийн хичээлийн жил эхлэх үеэр сургууль цэцэрлэгийн эрхлэгч, захирлууд бөөн дараалалд дарлуулж, ядарсан улс болдог. Харин яам, агентлагийнхан нь энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгаа талаараа хий хоосон зүйл ярьсаар бас л өдөр шөнөгүй толгойгоо гашилгаж байгаа дүр зураг харагддаг.
Гэхдээ тэдний зовлонг түр зуурынх гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Яагаад гэвэл хичээлийн шинэ жил эхэлж, хийдэг ажлаа хийгээд л төрөөс авах ёстой цалингаа хүртэх учраас тэдэнд зовлон биш.
Харин хонон өнжин сургууль, цэцэрлэгийн үүд сахиад хүүхдээ эрдмийн өргөөнд оруулж чадаагүй эцэг эхчүүд бүтэн жилийн турш зовлонд унаж, ирэх хичээлийн жилийг хүлээхээс өөр аргагүй болно.
Хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт дараалалгүй оруулдаг дарга нар энэ зовлонг яс махаараа мэдрэхгүй учраас энэ асуудал шийдэгддэггүй биз. Тодруулбал хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг шийдвэрлэх ёстой томчуудын хүүхэд 4-6 сая төгрөгийн төлбөртэй хувийн цэцэрлэгт хүмүүжиж байгаа нь нууц биш.
Хэний хүүхэд хаана сурах нь тухайн хүний эрхийн асуудал учраас энд нэр дурдахаас татгалзлаа.
Хамгийн гол нь жил бүр асуудал болгодог цэцэрлэгүүдийн энэ асуудлыг яаж шийдэхээ мэддэггүй түмний төлөөлөл болсон төр “том харах” хэрэгтэй байна.
Манай шийдвэр гаргагчид асуудлыг томоор харж шийдэж байна гээд тэнгэрийн юм ярьсаар өнөөдрийг хүрсэн нь эцэг эхчүүдэд асар их дарамт учруулаад зогсохгүй тэднийг цэцэрлэгийн манаач аятай хонон өнжин очерлуулж байгаа нь үнэхээр харамсалтай гэж хэлэхээс өөр юу гэх вэ дээ.
Тухайлбал нийслэлийн боловсролын газраас гаргасан судалгаагаар энэ жил Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 99 мянган хүүхэд байгаагаас 70-иад хувь нь л сургуулийн өмнөх боловсролд чадан ядан хамрагдах боломжтой гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байсан. Үлдэж буй 30 мянган хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт гарц хайх хэрэгтэй байгаа юм.
Өнгөрсөн оны судалгаагаар нийслэлд 170 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн дүн мэдээ байдаг. Нэг цэцэрлэг дунджаар 6-8 бүлэгт 300-400 хүүхэд хүлээн авдаг гэж тооцвол цэцэрлэгийн хүчин чадал хүүхдийнхээ тооны хаана ч хүрэлцэхгүй болох нь харагдана.
Нийслэлийн 130 гаруй хорооноос өөрийн гэсэн цэцэрлэггүй хороо 30 шахам хувийг эзэлдэг аж. 2012 онд л гэхэд Баянзүрх дүүрэгт 10, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр найм, Сүхбаатар дүүрэгт долоо, Чингэлтэйд тав, Хан-Уул дүүрэгт дөрөв, Налайх дүүрэгт хоёр, Багануур дүүргийн нэг хороо өөрийн гэсэн цэцэрлэггүй гэсэн судалгаа гарчээ.
Нэг үгээр хэлбэл зөвхөн цэцэрлэгийн асуудлыг цэгцлэхийн тулд ойролцоогоор 350 хүүхдийн хүчин чадалтай 86 цэцэрлэг шаардлагатай байгаа юм.
Энэ бүхнийг улс мөнгөөрөө барьж байгуулна гэвэл худлаа. Учир нь төсөл боловсруулагчид нэг цэцэрлэг байгуулахын тулд 800 саяас нэг тэрбум төгрөг шаарддаг. Өөрөөр хэлбэл нэг сая ам.доллар нэхэж байна шүү дээ. Энэ их мөнгийг манай улс шуудхан гаргаж чадахгүй.
Цэцэрлэг байгуулахтай холбогдон гарч ирдэг өөр нэг асуудал нь газар юм. Газар чөлөөлөх, шинээр шугам сүлжээ тавих гэх мэт хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд мундахгүй.
Энэ бүхнийг хялбархан шийдэх боломж байна. Тодруулбал нийслэл хотод ямар ч зай үлдээлгүй орон сууцны хороолол сүндэрлэж байгааг хэн хүнгүй харж л суугаа. Эдгээр орон сууцны хорооллуудын орц бүрт нэг цэцэрлэг байгуулах боломж бий.
Швейцарь улсад л гэхэд орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэг болгодог хуультай юм билээ.
Түүн шиг нэг орцны нэгдүгээр давхрын дөрвөн айлын байрыг төр захиалж, цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж болно. Тэгвэл хамгийн ихдээ 400 сая төгрөгөөр нэг цэцэрлэг байгуулах боломж бүрдэх юм.
Ийнхүү асуудлыг энгийн байдлаар шийдэхгүйгээр нүсэр ажил ярьж, түүнийгээ эхлүүлээд баахан мөнгө хий зарлагадаад талд нь ороод гацаж замхардаг байдлаас салах хэрэгтэй байна.
Мөн олон хэрэгтэй хэрэггүй хууль баталж байхын оронд цэцэрлэгийн асуудлыг ирэх намрын чуулганаар яаралтай шийдвэл олон эцэг эхчүүдийн магнай нь тэнийх нь лавтай.
Д.Баяржаргал