Гадаад харилцааны яамнаас Малайз Улсад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан Монгол Улсын иргэн Шаарийбуу овогтой Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж байсан сэжигтнүүдийг Малайзын шүүхээс сулласан тухай мэдээллээ.
Уг хэрэг 2006 онд үйлдэгдсэнээс хойш хэргийг үнэн мөнөөр шийдэж, гэмт этгээдүүдэд зохих хариуцлага хүлээлгэх шаардлагыг Монгол Улсын Засгийн газраас Малайзын Засгийн газарт удаа дараа тавьсаар ирсэн бөгөөд талийгаачийн ар гэрийнхнийг шүүх хурлын үйл ажиллагаанд оролцуулах зэрэг бүхий л ажилд тусалж дэмжээ.
Цаашид ч Гадаад харилцааны яам иргэнийхээ амь насыг балмадаар хохироосон шалтгааныг үнэн зөвөөр тогтоолгож, гэмт хэрэгтнүүдэд тохирох ял шийтгэл оногдуулж, гэр бүлийн гишүүдийнх нь сэтгэлийн зовлонг нимгэлэхийн төлөө боломжтой бүх арга хэмжээг авч ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Хэргийг эргэн сануулахад, Франц, Испаниас тус бүр нь 850 сая ам.долларын өртөг бүхий усанд шумбагч хоёр хөлөг онгоцыг Малайзын нэр бүхий улстөрчид улсынхаа батлан хамгаалахын хэрэгцээнд худалдан авахдаа их хэмжээний авлигын асуудалд холбогдсон төдийгүй улмаар эл хэргийн гол гэрч болох монгол бүсгүйг яаралтай устгахад хүрсэн гэдгийг Францын шүүхээс мэдэгдэж, Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакын оролцоо байсныг зарласан билээ. Ш.Алтантуяаг хөнөөж, цогцсыг нь дэлбэлж ул мөрөө балласан гэдэг нь тогтоогдсон юм.
Эл хэрэгийн талаархи илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дарж үзээрэй!
Л.Бадрах