1932 оноос хойш Торонтод жил бүр болж буй дэлхийн уул уурхайн хамгийн том үзэсгэлэнд (PDAC-2017) энэ удаа 125 орны 22.000 хүн оролцож, 900 компани уул уурхайн төслөө танилцуулжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн томоохон төлөөлөл Монгол Улсаас оролцож, тус салбарын хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулсан өдөрлөг зохион байгуулав.
Монголын Засгийн газраас уул уурхайн салбарын бодлого, хэрэгжүүлж эхэлсэн ажлуудаа тайлагнасан тус арга хэмжээнд хоёр орны Элчин сайд нар үг хэлж, Монголд үйл ажиллагаагаа явуулж буй Канадын компаниуд төслөө танилцууллаа. Тэдний хувьцааг худалдан авсан болон сонирхож буй хөрөнгө оруулалтын сангууд, иргэд нийлээд 300 гаруй хүн хүрэлцэн ирсэн нь өнгөрсөн жилийнхээс олон дахин нэмэгдсэнийг зарим оролцогч онцолж байв.
Уул уурхайн мөчлөгийн уналтын үе нь зогсож, ээлжит өсөлт айсуй энэ цагт эрдэс баялгаасаа бүрэн хамааралтай Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын “түлэгдэлт”-ээсээ ямар сургамж авснаа харуулах цаг тулгарчээ.
ШИНЭ МӨЧЛӨГИЙН ЭХЛЭЛ
Уул уурхайн зах зээлийн хөөс хамгийн их томорсон 2011 онд дэлхийн уул уурхайн 2684 хувьцаат компанийн нийт үнэлгээ 2.5 их наяд америк долларт хүрч байлаа. Тэгвэл 2015 оны гуравдугаар улиралд анх удаа нэг их наядаас урууджээ. 2016 оны гуравдугаар улирал гэхэд Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн 1675 компанийн зах зээлийн нийт үнэлгээ нь 250 тэрбум америк доллартой тэнцсэн байна.
Тус салбарын дийлэнхийг эзлэх хамгийн том 40 компани нь 2015 онд нийт 400 тэрбум долларын орлого олсон ч 26 хувийн алдагдалтай ажилласан тухай PwC компанийн тайланд дурджээ.
Хятад улс үйлдвэрлэлээс үйлчилгээнд суурилсан эдийн засагт шилжиж буйтай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт багасаж, үнэ нь 25 хувиар унан, дээрх 40 компани 2015 онд 53 тэрбум долларын, чанар муутай хөрөнгөө акталсан ч 27 тэрбум долларын алдагдал хүлээжээ. Энэ компаниуд зардлаа эрс танаж, үлдсэн хөрөнгөө өгөөжтэй ашиглаж буй бөгөөд эрдсийн болон металлын үнэ нэмэгдсэнээр өнгөрсөн оны эцэст уул уурхайн салбарын мөчлөгийн уналтын үе зогсон, өсөлт эхэлж байгаа аж. Уул уурхайн мөчлөгийн өсөлтийн үе эхлэх үеэр Монголын төр засаг ч, уул уурхайн компаниуд ч гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр тодорхой алхам хийж байна.
Хориод жилийн өмнө Монголд орж ирсэн “Алтаннар” ба “Баянхөндий”-н (Өмнөговь) алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй, зах зээлийн үнэлгээ нь өнөөдөр 130 сая канад доллартой тэнцэж байгаа “Эрдэнэ ресурс девелопмент” (TSE:ERD); Овоотын коксжих нүүрсний ордыг илрүүлж, Эрдэнэтээс 549 км урт төмөр зам барих ажлаа эхлүүлээд байгаа 30 сая долларын үнэлгээтэй Австралийн “Аспайр майнинг” (ASX: AKM); манайд нүүрс, алт, зэсийн орд илрүүлсэн, зах зээлийн үнэлгээ нь 112 сая австрали доллароор тооцогдож байгаа “Занаду майнс” (AXS:XAM); энэ жил Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах гэж буй, алтны хэд хэдэн орд эзэмшигч “Стийп голд” зэрэг компани хөрөнгө энэ үеэр оруулагчдын сонирхлыг татаж байсан юм.
Уул уурхайн арвин нөөцтэй, Хятадын том зах зээлийн дэргэд оршдог, мөн гадаадын хөрөнгө оруулалтын багагүй туршлага хуримтлуулсан Монгол Улс руу Канадын хөрөнгө оруулагчид эргэн харж эхэлжээ.
КАНАД БА МОНГОЛ
Канад бол Монголын “гуравдагч хөрш” төдийгүй стратегийн түнш орон. 44 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон энэ хоёр улсын худалдааны эргэлт 2016 онд 19.4 сая ам.долларт хүрсэн нь таван жилийн өмнөхөөс олон дахин буурсан үзүүлэлт юм.
1990 оноос хойш Канад нийт 6.4 тэрбум америк доллар Монголд оруулсны дийлэнх нь уул уурхайн салбарт ногддог аж. 2015 оны байдлаар Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн 13 компани Монголд үйл ажиллагаа явуулж, алт, зэс, нүүрс зэрэг ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 24 тусгай зөвшөөрөл эзэмшиж буй юм.
“Оюутолгой”-н 66 хувийг Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз хилл ресурс” компани эзэмшдэг бөгөөд Оюутолгойн далд уурхайн төслийн санхүүжилтийн 20 хувийг Канадын Экспорт, хөгжлийн байгууллага, Худалдааны империал банк нийлүүлж байна.
Тус улсын “Сентерра гоулд” компани 2004-2015 онд Бороогийн алтны уурхайд олборлолт явуулсан бол одоо Гацууртын алтны ордыг ашиглах талаар Засгийн газартай хэлэлцээ хийж байна. Канадын “Онтрэ гоулд” компани Өмнөговь аймгийн Баян-Овоо, Ханбогд сумын нутагт (”Оюутолгой” компанийн талбайг тойроод) зэсийн ашиглалтын лиценз эзэмшин үйл ажиллагаа явуулж буй.
Канад нь Монголыг ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг дээдлэх нийтлэг үнэт зүйлтэй, Азид урт хугацаанд түншлэх, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн орон гэж үздэг аж.
Хоёр орон хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ байгуулсныг энэ үзэсгэлэнгийн үеэр Канадын Олон улсын худалдааны сайд Ф.Шампань, Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нар зарласан нь зах зээлд таатай мэдээ болов.
СУРГАМЖ БОДЛОГОДОО ШИНГЭХ ҮҮ
Монгол Улс Уул уурхайн тухай шинэ хуультай болохоор бэлдэж байгааг Ц.Дашдорж сайд зарлав. Засгийн газар нь одоо үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийг тусгай зөвшөөрөл олгоход хэт төвлөрсөн, олборлолт, баяжуулалт, үйлдвэрлэл, нөхөн сэргээлт, уурхайн хаалттай холбоотой харилцааг бүрэн зохицуулж чадаагүй гэж үзэж байна.
Шинэ хууль юуг, хэрхэн өөрчилж байгааг, өчнөөн сая долларын хөрөнгө оруулалт хийдэг ч олон арван жилийн дараа л дөнгөж орлого олж эхэлдэг уул уурхайн салбарын санхүүжилтэд яаж нөлөөлөхийг хөрөнгө оруулагчид лавлаж байсан юм.
Мөн хайгуулын зөвшөөрлийг Засгийн газар ба орон нутгийн захиргаа хамтран зөвшилцөж олгох болсон нь хүнд суртал, ойлголтын зөрүүнээс шалтгаалаад хөрөнгө оруулагчийг залхаах, мөн авлига өгөх, авах сэдлийг бий болгож ирснийг зогсоох тухайгаа Ц.Дашдорж сайд ярилаа. Гэхдээ ашигт малтмал олборлосны төлбөрийн (роялти) хуулиар тогтоосон хэсгийг нь орон нутагт Сангийн яамнаас шилжүүлэхгүй байгаад асуудлын гол нь оршиж буйг хэн ч дурдсангүй.
Хөрөнгө оруулагч нар “Гадаадын компани эрдэс баялгийн томоохон нөөцтэй газар илрүүлбэл танай төр стратегийн орд гэж үзээд хувь эзэмших үү? Ийм тохиолдолд Засгийн газар өөрийн хувиа хэрхэн санхүүжүүлэх вэ? Хэрэв эрдсийн үнэ огцом өсвөл 2005 оных шигээ “гэнэтийн ашгийн” татвар тогтоох уу” зэрэг олон асуулт тавьж байсан ч зөвхөн хууль нь батлагдсаны дараа л хангалттай хариулт өгч болох билээ.
Угтаа уул уурхайн салбарын хөөс хэт томорсоор хагарах хүртэлх ээлжит мөчлөгөөс авсан чухал сургамжаа Монголын өнөөгийн хууль тогтоогчид хэрхэн ойлгон, хүлээж авч, бодлогодоо шингээхээс гадаадын хөрөнгө оруулалт хамаарах аж.
Юутай ч уул уурхайн зах зээлийн мөчлөгийн уналт зогсож, эрдэс баялгийн үнэ өссөнөөр энэ салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх нь тодорхой болж байна. Гэхдээ энэ удаа монгол айл бүр газар доорх баялгаасаа тэгш хувь хүртэж чадах, эсэх нь одоохондоо тодорхойгүй байгаа юм.
Торонто-Улаанбаатар
Нийтлэлч Д.Жаргалсайхан