Дорноговь аймгийн Олон Овоогийн өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлэх туршилтыг эхлүүлээд байсан юм. Тяньжин нь манай урд хилээс хамгийн ойр байрлалтай Хятадын далайн боомт юм.
УБТЗ-ын ажилчид 20 хоногийн хугацаанд дээрх өртөөний терминалын эхний хэсгийг барьж дуусгажээ. Ингэснээр өдөрт 100-150 вагон ачих нүүрс боломжтой болж, урд хөршид экспортлох нүүрс сард 200 мянга, жилд 2.5 сая тонноор өснө. Цаашлаад гуравдагч орон руу экспортлох, эрчим хүчний нүүрсээ Эрээний биш Тяньжиний үнээр буюу илүү өндөр үнээр борлуулах давхар боломжийг нээлээ. Энэ хэрээр бидний олдог валютын орлого өснө.
Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат, БНХАУ-ын ЭСЯ-ны элчин зөвлөх Ян Чин Дун, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга н.Уранцэцэг нар өргөтгөсөн терминалын нээлтэд оролцлоо.
Терминалын бүтээн байгуулалтыг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлжээ. 2016 оны арван нэгдүгээр сарын 6-наас арван хоёрдугаар сар 21 хүртэлх хугацаанд терминалын эхний хэсгийг барьж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна.
Энэ терминал нь ачиж буулгах хэсэг, авто пүү, нүүрс овоолох талбай, тус бүр нь 40 метр урт төмөр замын салаа замтай. Нэг ачилтаар 28 вагон ачна. Эхний замыг ашиглаж эхэлснээр он гарснаас хойш 20 гаруй мянган тонн ачаа ачжээ.
Хоёрдугаар замыг дөрөвдүгээр сараас барьж эхлэн, зургаадугаар сард дуусгах юм байна. Энэ хүрээнд вагон жин, гаалийн бүрэн тохижилттой хяналтын талбай, зам талбайн өргөтгөл, ажилчдын орон сууцыг ашиглалтад оруулна. Эдгээр ажлыг гүйцэтгэхэд 2.6 тэрбум төгрөг шаардагдах гэнэ. Терминал бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд хоногт 300 вагон буюу 19500 тонн ачаа тээвэрлэнэ.
Олон Овоо өртөөг 1974 онд байгуулжээ. Одоогийн байдлаар хоногт дунджаар 170 вагон нурмаг ачаа ачих хүчин чадалтай. Энэ өртөөнөөс 20 км-ын зайд байрлах Алаг толгойн нүүрсний орд газраас МАК, Фрэндшип, Штанкойл, Чингисийн алт компаниуд эрчим хүчний нүүрс олборлон, дотоод гадаадын зах зээлд нийлүүлдэг.
Хятадын зах зээлд нүүрсний үнэ өссөнөөр төмөр замаар нүүрс тээвэрлэх захиалга ихээхэн өсөн, хоногт 200-300 вагон нүүрс ачуулах хүсэлт ирэх болжээ. МАК компани Дорноговь аймгийн Айраг сумын Алаг толгой дахь Элдэвийн нүүрсний уурхайг ашиглах хугацаандаа энэ терминалыг барьж ашиглаж байв. Гэвч хоёр жилийн өмнө уурхайн нөөц дууссан тул терминалын ашиглалт зогсжээ.
Дорноговь аймагт антрацид төрлийн хэд хэдэн нүүрсний уурхай бий. Эдгээр нь тус бүр 300-500 мянган тонн нүүрсний нөөцтэй. Өнгөрсөн оны сүүлийн улиралд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсөж, урд хөршид борлуулдаг манай нүүрсний үнэ хоёр дахин өсөв.
Иймд эдгээр уурхай дахь антрацит нүүрсийг олборлон тээвэрлэх таатай боломж бүрдэж байгаа юм. Учир нь нүүрсний үнэ бага байхад олборлолт, тээврийн зардалд борлуулалтын дийлэнх орлого шингэж байв.
Антрацид нь хүрэн нүүрснээс илүү чанартай. Энэ төрлийн нүүрсийг цемент, гангийн үйлдвэрүүд (коксжих нүүрстэй холин) түүхий эд болгон ашигладаг.
Зам тээврийн яам, УБТЗ-тай хамтран Олон Овоотын өртөөн дэх терминалыг ашиглах болсон нь урд хөршид эрэлт өссөнөөс үүдэлтэй.
БНАСАУ урд хөршид антрацит төрлийн нүүрс нийлүүлэг байсан ч 2017 оныг дуустал Хойд Солонгосоос нүүрс худалдан авахгүй байхаар Бээжин шийдвэрлэсэн. Улс төрийн шалтгаантай энэ шийдвэрийн улмаас Хятадын Зүүн хойд нутгууд дахь цемент, гангийн үйлдвэрүүдийн антрацид нүүрсний эрэлт өсөх нь тодорхой. Хойд Солонгос жилд 24 сая тонн нүүрс нийлүүлдэг байжээ. Гэхдээ Австрали, ОХУ, Индонез улсууд ч энэ зах зээлийн төлөө өрсөлддөг. Эрэлт өссөн тул антрацид нүүрсний үнэд ч бага зэргийн өсөлт гараад байгаа юм.
Түр эзгүйрсэн энэ орон зайг шууурхай нөхөх зорилгоор Дорноговь аймаг дахь Олон Овоотын өртөөг ийнхүү өргөтгөлөө.
Терминалыг ашиглалтад оруулсан нь нүүрсний зах зээлийг дэмжсэн явдал гэж уул урхайн эдийн засагч Л.Наранбаатар дүгнэсэн юм. Тэрээр уурхай эзэмшигчид тайвширч болохгүй, энэ бол урт хугацааны биш богино хугацааны хандлага тул уурхайдаа томоохон хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Мэргэжлийн, гэрээт олборлогчоор уулын ажлаа гүйцэтгүүлж, эрсдэлээ удирдахыг зөвлөв.
Олон Овоотын өртөөнөөс ачсан нүүрсийг Эрээний олон улсын боомтоор дамжуулан Тяньжин хүргнэ. Энэ нь олон улсын бооомт тул нүүрсийг буулган, дахин ачих шаардлагагүй. Ингэснээр өртөг, хугацаа хэмнэх давуу талтай. Мөн нүүрсний экспортоос олох орлого өсөн, ажлын байрууд шинээр бий болно.
Мөн бүтээгдэхүүнээ ямар нэг шат дамжлагагүйгээр, нээлттэй чингэлгээр, Тяньжин хот дахь далайн боомтод шууд хүргэх юм.
ЗТХЯ