Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын орон нутаг дахь томилолтын багт Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ажиллаж байна. Томилолтын хугацаанд иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж байгаа бөгөөд энэ үеэр иргэдээс оффшортой холбоотой асуудлыг ихээр лавлаж асууж байгаа тул салбарын сайдаас байр суурийг нь тодрууллаа.
-Иргэд танаас оффшортой холбоотой асуудлыг ихээхэн сонирхож асууж байна. Бас дургүйцлээ ч нэлээн илэрхийлж байна. Одоогоор оффшортой холбоотой хуулийн төсөл УИХ-ын хэлэлцүүлгийн түвшинд яваа. Энэхүү төсөл хэзээгээр батлагдах чигтэй байна вэ?
-Оффшорын асуудал 2013 оноос ярьж байгаа. Энэ асуудлыг өмнөх УИХ шийдэх гэж оролдоод чадаагүй. 2016 онд шинэ УИХ байгуулагдсанаас хойш буюу өнгөрөгч 10 дугаар сард Засгийн газраас оффшор бүсэд данстай иргэдэд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Өргөн мэдүүлснээс хойш маргаан дагуулж байна. Гэхдээ харьцангуй шийдэлд хүрсэн. УИХ дахь МАН-ын бүлэг үндсэндээ оффшор бүсэд данс эзэмшиж байгаа хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчид болон тэдний үр хүүхдүүдийг оффшор бүсэд данс эзэмших, мөн хувьцаа эзэмшихийг хориглосон байгаа. Нэгэнт бүлэг дээр шийдвэр гарсан учир хаврын чуулганаар батлагдах байх. УИХ-аас оффшорчдод хариуцлага тооцох тухай хууль батлагдвал тэдэнд хариуцлага тооцох эрх зүйн боломж бүрдэнэ. Хууль батлагдсаны дараа Засгийн газраас оффшор бүсэд хөрөнгөө нуусан, хувьцаа эзэмшиж байгаа, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан, албан тушаалаа ашигласан этгээдүүдийг “Хөрөнгөө Монгол Улсад оруулж ир. Оруулж ирэхгүй бол хариуцлага тооцно”гэсэн асуудлыг ярина. Оруулж ирэхгүй бол илрүүлж хүчээр хурааж, Монгол Улсад оруулж ирэх арга хэмжээ авна.
-Хуулийн үйлчлэлд эхнэр хүүхдийг нь хамруулах эс хамруулах тухайд маргаантай байр сууриуд УИХ дээр гарч байсан?
-Засгийн газраас өргөн барьсан хуулинд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 40 мянган албан хаагчийг хамруулахаар оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, эхнэр нөхөр, үр хүүхдийг нь оффшор компанийн хувьцаа эзэмшихгүй, данс нээлгэхгүй байхыг хориглохоор тусгасан.
-Нөгөөтэйгүүр оффшор бүс гэдгийг хэрхэн тодорхойлох вэ гэсэн маргаантай асуудал ч хөндөгдсөн. Тухайлбал, хэн нэгэн УИХ-ын гишүүн хилийн чанадад эмчилгээнд явахаар болж мөнгөө байршуулах данс нээлгэх бол яах вэ. Оффшор бүс гэдэгт ямар хүрээг оруулж байна вэ?
-Оффшор бүс гэсэн тодорхойлолт одоогоор байхгүй. Маргаан гарсан. Тиймээс олон улсын байгууллага, банк санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэг албадуудаас гаргасан тодорхойлолтыг хэрэглэе. Үүнтэй холбогдуулж Монгол Улс ийм бүс нутгийг оффшор бүс гэж үзнэ гэсэн тодорхойлолтыг гаргая гэсэн байр суурьтай байгаа.
Ер нь оффшор бүс гэдэг ойлголт маань эргийн гадна хилийн чанад дахь гэсэн утгатай. Засгийн газраас анх өргөн барьсан төсөлд хилийн чанад дахь бүх улс орнууд хэмээн тооцоолж байсан ч хэт өргөн хүрээтэй болох нь гэж үзээд, тодорхойлолтод тусгагдах бүс нутгийг хамруулахаар болж байгаа.
-Тооны хувьд нийт хэдэн төрийн албан хаагч хуулинд хамрахаар байна вэ?
-Анх 300 төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг хамруулья гэж тооцож байсан. Дараа нь хөрөнгө орлого мэдүүлдэг нийт албан тушаалтныг хамруулахаар болсон. Ер нь Монголын төрд ажиллах гэж байвал хоёргүй сэтгэлээр үнэнч шударгаар илүү харж, билүү долоохгүйгээр ажиллах ёстой. Төр ард түмнийхээ төлөө шударгаар зүтгэнэ гэсэн бол зүтгэх л хэрэгтэй. Нэгэнтээ төрд өндөр албан тушаал хашиж байгаа бол эрхээ хязгаарлуулж, үүргээ биелүүлж хариуцлагаа ухамсарлаж ажиллах ёстой. Хэрэв үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол хувийн хэвшил ажиллаж болно шүү дээ.
Эх сурвалж: Монцамэ