Орон нутагт хаваржилт ямаршуу байгаа талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунтай ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт зарим нутгаар нэлээд цас орсон нь хаваржилт хүндрэх шалтгаан болсон талаар малчид ярьж байна. Өнөөдөр орон нутагт нөхцөл байдал ямар байна вэ?
-Одоогоор нийт нутгийн 40 гаруй хувь нь цастай байна. Сүүлийн долоо хоногт Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар ихээхэн цас орж, цасан болон шороон шуурга шуурсны улмаас 98 хүн төөрсөн. 17 аймгийн 154 суманд өвөлжилт хүндэрч байсан. Үүнийг одоогийн нөхцөл байдал болон цасны зузаантай харьцуулахад хаваржилтын нөхцөл байдал 50 хувиар сайжирсан.
-Малын хорогдол гарч байна уу?
-Он гарснаас хойш гурван сарын байдлаар 180 мянган мал хорогдоод байна. Энэ нь оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлж байгаа учир хэвийн гэж үзэж байгаа.
-Хөвсгөл аймагт олон тооны мал хорогдсон гэх мэдээлэл бий. Аль аймагт малын хорогдол их байна вэ?
-Хамгийн их хорогдолтой нь Хөвсгөл, Архангай, Хэнтий аймгууд байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд одоогоор 50 гаруй мянган толгой мал хорогдоод байгаа. Түүнээс Цэцэрлэг суманд аймгийнх нь нийт хорогдлын 50 хувь буюу 22500 толгой мал хорогдсон. Ерөнхийдөө өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээс Цэцэрлэг сумын нөхцөл байдал хүндэрч эхэлсэн. Гэхдээ аймаг дотроо ганцхан сум ийм байдалтай байгаа учир гамшгийн хэмжээнд хүрсэн гэж тодорхойлох боломжгүй.
-Нэг аймгийн ганцхан суманд яагаад малын хорогдол их гарч байна вэ. Энэ нь сум болон малчдын бэлтгэлтэй холбоотой юу эсвэл байгаль, цаг уурын нөлөөлөл байна уу?
-Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард очиж эрсдэлийн үнэлгээ хийсэн. Тухайн үед малчид “Сүүлийн хэдэн жилд үзээгүй их хэмжээний цас орлоо” гэж ярьж байсан. Цас нь талдаа 20-30, ууландаа 40-50 см зузаантай, нягтаршил нэлээд их байсан учир зудын зэрэглэлд оруулж байсан. Тиймээс Засгийн газрын дөрвөн удаагийн тогтоолоор Хөвсгөл аймагт хүн эмнэлгийн автомашин гурав, 100.0 сая төгрөг, 360 тонн өвсийг үнэгүй, 360 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан, мөн малын эм, бэлдмэлийг олгосноос Цэцэрлэг суманд автомашин нэг, 20 тонн өвсийг үнэгүй, 20 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгосон. Үүнээс гадна МУЗН-ээс 20 өрхөд 345.0 мянган төгрөгийн үнэ бүхий эд, материалын тусламж үзүүлсэн. Одоо ХХААХҮЯ-наас зохион байгуулж буй “Малчдадаа туслах сайн санааны аян”-ы хүрээнд болон Туркийн Засгийн газраас тусламж хүргүүлэхээр ажиллаж байна.
-Өвөлжилт хүндэрсэн цаашлаад хаваржилт хүндэрч болзошгүй аймгуудын малчдад салбар яам болон олон улсын байгууллагуудаас чамгүй тусламж үзүүлсэн. Уг тусламж очих ёстой эзэндээ хүрч чадсан болов уу?
-Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газраас дөрвөн удаа тогтоол гаргаж, 6.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар олон улсын байгууллагуудаас 1.1 сая ам.долларын тусламжийг 13 аймгийн 36 сумын малчдад хүргэсэн. Мөн манай яам “Малчдадаа туслах сайн санааны аян”-г зарлаж, ямар нэгэн тусламж хүрээгүй байсан 26 суманд тус бүр 10 тонн тэжээл, ахуйн хэрэглээний багцыг хүргэсэн. Эдгээрт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумыг хамруулсан. Бэлчээрийн мал аж ахуй онцлогтой. Идэш тэжээлийнхээ дийлэнхийг бэлчээрээс олж иддэг. Гэтэл их цастай газраас өвс олж идэж чадахгүй, хатуу цасыг удаан хугацаагаар цавчсаны улмаас малын шилбэ, туурай халцарч, догол өвчин нэлээд гарах тал ажиглагддаг.
-Хэдийгээр хаваржилт зарим аймагт хүнд байгаа боловч малчны хотонд аль хэдийнэ төлийн дуу цангинаад эхэллээ. Улсын хэмжээнд одоогоор хэчнээн төл хүлээн аваад байна вэ?
-Түүхэнд бичигдээгүйгээр малын тоо толгой өсч, улсын хэмжээнд 61.5 сая толгой малтай болж, оны эхэнд 26.0 сая эх мал тоолуулсан. Ерөнхийдөө манай улс тоолуулсан эх малаас жилд дунджаар 80 орчим хувиар төл авдаг. Энэ тооцоогоор 20.0 саяас доошгүй төл хүлээн авна гэсэн урьдчилсан тооцоо бий. Гэхдээ бичин жил хатуу, ширүүн гэсэн болгоомжлол байсан учраас малчид хээлтүүлэгчийг намар богино хугацаанд тавьсан. Мал зургаадугаар сарын 15 хүртэл төллөдөг учир эцсийн дүн гарах болоогүй. Одоогоор 1.8 сая эх мал төллөж, 1.7 сая төл бойжиж байна. Энэ нь гарсан төлийн 90 гаруй хувь бойжиж байна гэсэн үг.
-Хаврын улиралд малчдын санааг зовоодог нэг асуудал бол шар усны үер. Ийм эрсдэлтэй бүсэд аль аймаг багтаж байна вэ?
-Сүүлийн үед орсон их хэмжээний цас болон гэнэтийн дулаарлаас болж шар усны үер буух аюул нүүрлэж мэднэ. Өвөл маш их цастай байсан Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Хэнтий аймгийн хойд, Дорнод аймгийн зүүн талын сумдад шар усны аюул нүүрлэх эрсдэл их байгаа. Түүнчлэн хуурайшилт ихтэй бүсүүд, ялангуяа зүүн аймгуудад хээрийн түймэр нэлээд гардаг. Тиймээс малчид цаг агаарын мэдээ мэдээллийг тогтмол авч, малд явахдаа дулаан хувцаслах, бага зэргийн шар тос, цагаан тос, ааруул, боорцог зэрэг идэх уух юмтай явах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх зэрэгт анхаарах шаардлагатай. Хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд цогтой үнс, нурам ил задгай асгахгүй байх хэрэгтэй.
-Сүүлийн үед малын гоц халдварт өвчин зарим аймагт гарч, хөл хорио тогтоох хэмжээнд хүрсэн. Одоогоор хэчнээн аймагт малын ямар өвчин гарч, түүнд салбарын яамнаас хэрхэн арга хэмжээ авч байна вэ?
-Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчнөөр Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сум, Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Түмэнцогт, Эрдэнэцагаан сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин сумын нийт 3583 толгой мал өвчилснийг зориудаар устгасан. Түүнчлэн хонины цэцэг өвчин долоон аймгийн 14 сум, нийслэлийн нэг дүүргийн нутагт давхардсан тоогоор 34 удаа гарч 2200 толгой малыг зориудаар устгаад байна.