Монголбанк сэтгүүлчдийн дунд эдийн засгийн нийтлэлийн уралдааныг тогтмол зохион байгуулснаар эдийн засгийн хүрээний сэдвийг сонирхох сэдлийг төрүүлэх, мэргэшсэн эдийн засгийн сэтгүүлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэхээр зорьж байна.
2017 оны I улирлын уралдааныг “Төв банк ба эдийн засгийн өсөлт” сэдвийн хүрээнд (Материал хүлээн авах хугацаа: 2017.02.16 – 03.10, шалгаруулалт 2017.03.21-03.30) зохион байгуулаж, эхний 2 байрын эзнийг тодрууллаа. Уралдааны ялагчдад шагналыг Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гардуулав.
Нийтлэлийн уралдаанд дараах 2 бүтээл шагналт байранд шалгарлаа:
- I байр (Өргөмжлөл болон 300.000₮): “Төв банкны зорилго хаашаа чиглэж болох вэ?” Ч.Оюунчимэг – Хөгжлийн төлөө FM92.1-ийн сэтгүүлч (71.75/100 оноо)
- II байр (Өргөмжлөл болон 150.000₮): “Тэнцвэр хадгалах зохистой мөнгөний бодлогын эрэлд” Б.Баяртогтох – Засгийн газрын мэдээ (70.0/100)
/Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийн тоо болон чанарын түвшээс хамааран 3-р байрын эзнийг тодруулаагүй болно/
Цаашид Монголбанк сэтгүүлчдийн дунд “Шилдэг эдийн засгийн нийтлэл” уралдааныг улирал бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулж, Төв банкнаас сэтгүүлчдэд чиглэсэн нэр хүндтэй уралдаануудын нэг болгохоор зорьж байна. Энэ удаагийн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдэд Монголбанкны зүгээс талархал ирлэхийлэхийн зэрэгцээ цаашдын нийтлэлийн уралдаануудад идэвхтэй оролцохыг урьж байна.
Нийтлэлийн уралдаанд шалгарсан материалууд
Тэргүүн байр: X.Оюунчимэг (Хөгжлийн төлөө ФМ92.1-ийн сэтгүүлч)
Төв банкны зорилго хаашаа чиглэж болох вэ?
Төв банк гэж ямар учиртай байгууллага юм бол оо? Нуулгүй хэлэхэд хэдэн “ногоон” солиулах хэрэг гарч доллар хямдхан зардаг газар хайж яваад би Монголбанк буюу манай улсын төв банкны тухай анх олж мэдсэн. Улмаар хэдэн ногооноо авчих санаатай очтол нэг л биш, сүрдмээр барилга өөдөөс дүнхийж байсныг санаж байна. Одоо бодоход инээд ч хүрмээр юм шиг…Манай улсад бодит байдал ийм л байдаг.
Гэтэл эдийн засгийн тухай мэдээ, материал бэлдэх ажилтай болж “инфляци” гэдэг сэдэвтэй зууралдахад л сая энэ байгууллагын тухай бага сага ойлголттой болж билээ. Цааш нь бага зэрэг лавшруулан судлахад улс орны төв банкууд ерөнхийдөө төрийн тодорхой бодлого хэрэгжүүлдэг гол байгууллагуудын нэг байдаг, эдийн засагт голлох бодлогыг тодорхойлоход дорвитой оролцдог болохыг мэдсэн билээ.
Гэхдээ бүх улс орнуудын төв банкууд нэгэн ижил зорилготой, адилхан үйл ажиллагаа явуулдаггүй ажээ. Тухайн улс орны онцлог шинжээс хамааран төв банкууд нь өөр хоорондоо ялгаатай зорилго, зорилтыг дэвшүүлдэг бололтой. Тодруулбал, эдийн засгийн ухааны доктор Д.Лхагвасүрэн өөрийн номондоо Монголбанкны одоогийн зорилго, зорилтыг шүүмжилсэн бөгөөд АНУ, Европын төв банк гэх мэт дэлхийн шилдэг төв банкууд ажилгүйдлийг бага байлгах, эдийн засгийн өсөлтийг жигд өндөр байлгах зэрэг зорилтуудыг тавин ажилладаг тухай дурджээ. Гэвч эдгээр төв банкуудын хамгийн гол зорилго нь үнийн өсөлтийг хамгийн бага байлгахад чиглэдэг байна.
Өнөөдөр нэгэнт Монгол улсад өдрөөс өдөрт юмны үнэ тэнгэрт хадсаар асар өндөр түвшинд хүрч, ядуурал, баян хоосны ялгаа гаарчихаад байгаа. Тэгвэл “Манай төв банк хөгжсөн газрын төв банкуудыг дагаж зорилго дэвшүүлэх нь хэр оновчтой юм бол?” гэсэн бодол эрхгүй төрнө. Угаас бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бага байлгахаар тэмцэж байгаа төв банк ажлаа сайн хийж чадсан уу гэдгийг эдийн засгийн тоон үзүүлэлтүүд хялбархан дүгнээд гаргачихна. Цагийн аясаар хийсч байдаг хамхуул лугаа манай эдийн засаг ч ийм байсаар ирсэн. Эдийн засгийн нөхцөл байдал бодлогогүй бодлого боловсруулагчдын гороор өөдийн нар үзэхгүй явсаар өдгөөтэй золголоо.
Тэгвэл үнэхээр эдгээр байгууллагуудад сэтгэл, ёс зүй, мэдлэг чадвар дутаад байна уу? Эсвэл үнэхээр угаас бүтэхгүй эсвэл, оновчгүй зорилго тавин түүнийхээ хойноос юуг ч үйл хайхран зүтгэсээр өнөөгийн нөхцөл байдалтай золгов уу? гэдэг асуудал чухлаар тавигдна.
Тэгвэл төв банкны зорилго, чиглэл дэлхийн бусад улс орнуудад ямар байж болох, тэдгээр нь хэр амжилттай явж ирсэн тухай цааш өгүүлье. Эдийн засагчид, салбарын мэргэжилтнүүдээс тодруулахад төв банк бол эдийн засагт хамгийн чухал бодлогуудын нэг болох мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд үүний зорилго нь дэлхийн ихэнх орнуудын хувьд инфляцийг онилох буюу үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байгаа гэдэгтэй санал нэгдэж байна. Гэсэн ч уг байгууллагын зорилго дан ганц инфляцийг бууруулахад чиглэдэггүй ажээ. Тухайлбал, эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн зорилтууд байдаг байна. Ингэхдээ төв банк эдийн засагт хүчтэй тоглогч болохынхоо хувьд хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн аль алийг бодолцож шийдвэр гаргах нь чухал. Дан ганц барааны үнийн өсөлтөөр зорилгоо хязгаарлах нь хангалтгүй байдаг ба улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг тогтвортой, аюулгүй, эрүүл байлгах үүднээс дагалдах бусад зорилтуудыг ч тавьдаг байна. Ингэхдээ компаниудын үйлдвэрлэл, нийт хүмүүсийн орлого, амьдралын чанарыг дээшлүүлэх буюу эдийн засгийн өсөлтөө өндөр байлгахыг зорьдог байна. Ингэснээр ядуурал буурах, баян хоосны ялгаа буурах, улмаар стресс бухимдал ч тодорхой хэмжээгээр буурах нөхцөл байдал бүрддэг байна.
Гэтэл эсрэгээрээ хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордгийн үлгэрээр олон зорилго тавьсан төв банкууд аль ч зорилгоо биелүүлж чадалгүй дунд нь хүч тарамдан хоцрох тохиолдлууд ч цөөнгүй гардаг байна. Түүнчлэн хариуцлагын тогтолцоог чухалчлаад байгаа өнөө цагт олон зорилгынхоо нэгийг биелүүлэхгүй бол төв банкаа хэрхэх вэ? Энэ үед хариуцлага нь ямар байх тухай асуудал орхигдон нөгөө чухал байгууллага маань хариуцлагаас мултрах арга саам хийх байдал нь харин ч ихсэх эрсдэл байж мэдэх юм. Ялангуяа манай орон шиг буруугаа бусдаас хайх дуртай хүмүүсийн хувьд.
Мөн зөвхөн эдийн засгийн өсөлтийг үндсэн зорилтоо болгох нь төв банк, цаашлаад улс орнуудын хувьд дараах сул талтай байж болохоор байна. Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлт өндөр байна гэдэг нь цөөн том салбар эсвэл компани уг өсөлтийн ард байгаа тохиолдолд орлогын тэнцэвргүй байдлыг улам нэмэгдүүлдэг байна. Энэ нь манай орон шиг цөөн хүн амтай, уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн хувьд багагүй аюул байж болох юм.
Хоёрдугаарт, угаас төв банкны хийж чадах зүйл эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд харьцангуй бага байдаг байна. Зүйрлэвэл ашигтай бизнесийн санаа байхгүй мөртлөө хий дэмий өндөр хүүтэй мөнгө зээлж авчихаад дараа нь эргэж түүнээ хэрхэн төлөхөө мэдэхгүй толгойгоо шааж суугаа хүнтэй л адил юм уу даа. Учир нь энгийн үгээр хэлэхэд төв банк бол мөнгө хэвлэдэг машин л гэсэн үг. Харин зөвхөн мөнгө байгаад түүнийгээ өсгөж чадна гэсэн баталгаа хаа ч байхгүйг юу ч үгүй хоосорч байгаа баячууд, сугалаанд сая доллар хожиж байгаа азтануудын жишээ амьдралд бэлхнээ харуулдаг.
Төв банк өөрийн гэсэн үйлдвэргүй, хүссэнээрээ хууль тогтоомж баталж чадахгүй, бүр цаашилбал тэр эдийн засгийнх нь өсөлтийг бий болгоод байгаа компаниуд, иргэдтэйгээ ч шууд гүйлгээ хийж чаддагүй нь миний эхэнд өгүүлсэн жишээнээс харагдна. Иймээс хичнээн эдийн засгаа тэлэх, улс орноо хөгжүүлэх зорилго тавиад ч тэр зорилгодоо “хүрэхэд хол.” Иймд төв банкууд өөрийн чадал, бололцоонд ойр зорилтыг дэвшүүлж түүндээ хүрсэн шиг хүрэх нь энэ байгууллагын хийж чадах чухал ажил бөгөөд энэ нь “Үнийн өсөлтийг хязгаарлах” явдал юм.
Дэд байр: Б.Баяртогтох (“Засгийн газрын мэдээ” сонины Эдийн засаг, бизнес мэдээллийн албаны эдитор)
Тэнцвэр хадгалах зохистой мөнгөний бодлогын эрэлд
-Өсөлтийг тэтгэх мөнгөний бодлого-
Дэлхийн улс орнууд өөрсдийн эдийн засгийн өсөлт саарч байгааг харгалзан мөнгөний бодлогын хүүгээ бууруулах нь түгээмэл. Ингэж бодлогын хүүгээ зөөллөж байсан орны нэг нь манайх. Монголбанк уламжлалт мөнгөний бодлогоос татгалзаж, зах зээлд шинэ “дэглэм” авчирсан нь саяхан. Үүнийг уламжлалт бус мөнгөний бодлого хэмээн тунхаглан, эдийн засагт дэмжлэг үзүүлэх хэрэгсэл гэж тодотгож байсан нь одоогоос ердөө дөрөв хүрэхгүй жилийн өмнө. Тэр үед эдийн засгийн урьдын өндөр өсөлтөө хадгалж үлдэх гэж төв банк зүтгэсэн. Инфляцийг буулгахын зэрэгцээ эдийн засгаа өсгөхөөр эрмэлзсэн юм. Бодлогоо хэрэгжүүлэх замын зураглалаа томъёолж байсан нь энэ. Гэвч өсөлтийг тэтгэх учиртай мөнгөний бодлого төгрөгийн ханшид сэв суулгасан нь өнөөдрийн хүндрэлийн голомт болж байна.
Төсвийн жил дамнасан өндөр алдагдал мөнгөний бодлогын орон зайг улам хумьж эхэлсэн юм. Энэ нь бодлогын хүү тэнцвэр алдахад хүргэсэн талтай. Мөнгөний бодлогын үр нөлөөг төсвийн алдагдал үгүйсгээд зогсохгүй гарцгүй болгосон нь үнэн. Төсөв, мөнгөний бодлогын аль аль нь байгаа боломжоо 100 хувь ашигласан тул өөр сонголт ховорхон үлдсэн гэж эдийн засагч Б.Алтанцэцэг өгүүлж байлаа. Улсын нэгдсэн төсвийн алдагдал түүхэн дээд түвшиндээ хэлбэлзэж байна. Инфляцийг агшааж, улмаар ажлын байраа тогтоох гэсэн төв банкны оролдлого ч үүнээс болж бүдэрсэн гэх.
Төгрөгийн ханшийн хямрал эдийн засаг, бизнесийн орчинд нэвчих болсноор ам.доллар тэргүүтэй валютын үнэ уралдан өссөн билээ. Тогтвортой өсөлтөөс илүү өндөр өсөлтийг бүтээх зорилгоор Монголбанк төсвийн шинжтэй мөнгөний бодлогыг хавтгайруулсан нь төгрөгийн сүр хүч ганхахад нөлөөлсөн нь энэ. Төгрөгийн ам.доллар болон бусад валюттай харьцах ханш суларсан нь иргэнд үнийн өсөлтөөр, улсад өрийн дарамтаар илэрч байна. Эдийн засагт тодорхойгүй “уур амьсгал”-ыг бүрдүүлсэн ам.долларын ханшийн өсөлт валютын зээлтэй үндэсний аж ахуйн нэгжийг алдагдалд түлхсэн талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээлж байв.
Үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ хямдарсан нь бидэнд сорилт, гаднынханд завшаан болсон хэрэг. Мэх мэхэндээ гэгчээр инфляцийг “тонгорох” гээд бид өөрсдөө ойчих шахсан юм. Дээрх өсөлтийг тооцоолсон уламжлалт бус бодлогын дэмээр инфляцийг газардуулсан ч шинэ эрсдэл бий болсон юм. Хэдий төв банкны зорилтот түвшнээс хэрэглээний үнийн индекс буюу инфляци гажаагүй ч өндөр үнээр өнөөдрийн амжилтыг босгосон. Тодруулбал, зах зээлд долоон их наяд буюу улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг зөвхөн зээл хэлбэрээр гаргасан нь эерэг болон сөрөг олон үр дагаврыг араасаа дагуулж байна. Инфляцийг бүрэн хяналтад авсан дэлхийн 50 гаруй орны жишгээр мөнгөний нийлүүлэлтээр эдийн засгаа засах гэсэн ч эрэлтээс давсан нийлүүлэлтийг манай улс бий болгочихсон. Үүний тод жишээ нь, барилгын салбар юм.
Эдийн засгийн өрнүүн өсөлтийг онилсон мөнгөний бодлого инфляцийг намжаасан ч төгрөгийн ханшаа тухайн нөхцөлд аргамжиж чадаагүй нь сургамж болж байна. Нийт эдийн засгийнхаа 20 гаруй хувьтай тэнцэх мөнгийг маш бага хүүтэйгээр богино хугацаанд зах зээлд нийлүүлсэн нь дээрх хүндрэлийн шалтгаан болсныг зарим эдийн засагч одоо хүртэл хэлдэг. Мөнгөний бодлогын хүүгээр дамжуулан эдийн засгаа өсгөх бололцоотой. Ингэж үр дүнд хүрсэн орон байгаа. Гэхдээ мөнгө болгоны ард баталгаа байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэвлэж буй төгрөг бүрийн үнэ цэнийг хадгалах валютын орох урсгал манай улсад хангалттай байх байсан. Гэвч ам.доллар дутмаг байсаар хүнд үетэй нүүр тулсан билээ. Нөхцөл байдлыг хэт өөдрөг төсөөлж төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь уршиг тарьсан. Өрийн эргэн төлөлт хамар дор буучихаад байгаа өнөө цагт сайн менежмент хүндрэлээс түрхэн зуур гаргаж байгааг “Хуралдай” бондоос харж болно. Гэхдээ хүндрэлийн “үүл” сарниж арилсангүй. Уул уурхайн түүхий эдийн үнэ уруудаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан нь төгрөгийн ханшийн уналтыг улам түргэтгэсэн юм.
Төсвийн алдагдал, өрийн дарамт ачааны хүнд нь болж байгаа цагт эдийн засагт мөнгө нийлүүлэх нь улам эрсдэлтэй болж байна. Энэ нь эдийн засгийг дэмжих гэхээсээ илүү төгрөгийн ханш жингүйдэхэд шууд нөлөөлөх сул талтайг 2017 оны төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд дурджээ. Мөнгөний бодлогын мэдэгдэлд ч энэ талаар удаа дараа хөндсөн. Дэлхий нийтээр ирээдүйд хандсан мөнгөний бодлого мухардалд орж байна. Ингэснээр бодлогын хүүг нэг түвшин удаан хугацаанд хадгалах, бууруулах боломж улам хумигдаж эхлэв. Харин эсрэгээрээ сангийн бодлого буюу төсвийн тэнцэлд дэлхий нийтээр анхаарал хандуулж байна. Засгийн газруудын өсөн нэмэгдэж буй өр, хязгаараас давсан төсвийн өндөр алдагдал нь эдийн засгийн өсөлтийг бий болгох мөнгөний бодлогын орчинг хумих аж. Инфляци нэг оронтой тоонд орсноор бүх зүйл сайн сайхнаар эргэсэнгүй. Хүндрэл, сорилт нэг мөр арилж, эдийн засгийн ужиг өвчин эдгэрсэнгүй. Харин хүндрэл улам гүнзгийрч байна. Төрөлжиж чадаагүй эдийн засгийн сул тал ч үүгээр тод харагдаж байгаа юм.
Эдийн засгийн өндөр өсөлтөөр жигүүрлэж байсан дэврүүн үе ард үлдлээ. Харин тогтвортой өсөлтийг дэмжих улс орнуудын хандлага ил болж байна. Төв банк эдийн засгийн өсөлтийг зорилгоо болгох үед үүсдэг томоохон хүндрэл нь үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэгүйдэл. Үүнийг дагаад инфляци өсөх талтай. Харин эерэг нөхцөл нь зах зээлд илүү их мөнгө нийлүүлэх замаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө хадгалж үлдэх явдал. Өсөлтийг дэмжиж байгаа үед бизнес эрхлэгчид зээл авахад улам хялбар болно. Эдийн засагт мөнгө байгаа учраас бараа, бүтээгдэхүүний эргэлт хурдсах нь лавтай. Гэхдээ энэ болгон нь манайх шиг үйлдвэрлэгч бус хэрэглээний эдийн засагтай, импортоос үлэмж хамааралтай оронд хэр тогтвортой байх нь эргэлзээ төрүүлнэ.
Эрэлт, нийлүүлэлтийн гаралтай инфляцийг “засварлаж” чадсан төв банкны мөнгөний бодлогын хүү 14 хувьтай тэнцэж байна. Бодлогын хүүг өндөр дүнтэй хадгалж байгаа нь энэ. Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит хурлаараа хүүгийн хэмжээг хэлэлцэж, одоогийн түвшинд хэвээр үлдээсэн. Ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, зээлийн хүүг бууруулах, урт хугацаатай зээлийн эх үүсвэр бий болох нөхцөл бүрдэх боломжийг нам инфляци олгосон ч төгрөгийн ханшийн төлөв сэргэхэд ихээхэн цаг хугацааг зарцуулах бололтой. Төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдал, гадаадын өрийн дарамтаас сугарч гарах нь тогтвортой хөгжих бололцоог олгох бодит гарцуудын нэг. Инфляцийг онилж байгаа нь эдийн засгаа дэмжиж байгаа илрэл. Харин тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх замаар өсөлтийг огцом бий болгох нь өндөр эрсдэлтэйг өнөөдрийн нөхцөл байдал илтгэх аж. Өсөлтийг тэтгэх мөнгөний бодлогыг зоос гэж үзвэл, нэг нь ханшийн жингүйдэл, нөгөө тал нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт болж байна. Өрийн дарамт, төсвийн алдагдлаа тэлсээр эдийн засгаа өсгөж болно. Гэхдээ хямралын “хана” мөргөх аюул бий. Эдийн засаг өсөх нь ажлын байр тогтвортой байх үндэс. Гэвч төгрөгийн ханш сулраад байвал өрхий зардлаа тодотгоход хүрнэ. Энэ болгон нь эерэг, сөрөг хоёр талтайг эндээс анзаарсан байх. Харин тэнцвэр хадгалах зохистой мөнгөний бодлого үгүйлэгдэж байгаа нь энэ.