Хошин шогийн урлаг нийгмийн цаг үе болгонд тодорхой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Ардчилал ялснаас хойш өдгөөг хүртэл Монголын нийгэмд хошин шогийнхон болон зохиолын дуучид урлагийг бизнес болгон хөгжүүлэхэд маш сайн менежмэнт хийлээ. Нэг хэсэг нь дургүйцэн шүүмжилж байвч, ард олон тэдний тоглолтыг мөнгөө төлөн үзэцгээж байгаа болохоор буруутгах ямар ч аргагүй.
Нийгмийн ороо бусгаа энэ цаг үед бухимдал, цухалдлаа инээдээр даруулж жоохон ч атугай мартах гэж олон хүмүүс хичээж байгаа байж ч магад. Нэгэнт хэрэгцээ шаардлага нь байгаа болохоор хошин шогийнхон театруудыг үзэгчдээр дүүргэн, тэдний төлсөн мөнгөөр жүжигчдийнх нь амьдрал дээшилж, тарган цатгалан төрхтэй болцгоосон болохоор, тэдэнтэй адил болох сон гэсэн мөрөөдлөөр залуус драмын урлаг руу биш хошин урлаг руу дурлан тэмүүлцгээх болов. Хошин шогийн жүжигчдийг “Од” хэмээн тооцдог, тэд ч өөрсдийгөө “Од” гэж боддог болсон нь ТВ-ээр дүүрэн тэдний тоглосон рекламууд, тэдэнтэй хийсэн дулимагхан ярилцлагуудаар нотлогдоно. Бас олны дундах маадгар ихэмсэг төрх ч үүний нотолгоо.
Мөнгө их олдог болохоор маш олон хошин шогийн хамтлаг, продакшинууд бий болцгоож өөр хоорондоо өрсөлдөж бас салж нийлцгээнэ. Жүжигчдийг нь олон нийт өхөөрдөн дуурайж, тэдний амьдралын олон асуудлыг шүүн хэлэлцэж, тэдний бүдүүлэг яриа хэлц үгсүүд хүмүүсийн дунд “бренд” болон тэнүүчилнэ. Олон олон хамтлагууд сэдвүүдээ булаацалдаж, өмнөх сэдвүүд нь хуучрах хэрээр тэд хошин урлаг биш хошин марзганал руу хальтирч, үнэ цэнээ алдах болсон нь өнөөгийн нийгэмд муу нөлөө үзүүлэх шалтаг болж байна гэж би хувьдаа харж байна л даа.
-Тайз, дэлгэц дээр хэрүүл хараалын бүдүүлэг үг хэллэгийг эрээ цээрээгүй урсгах болсон нь өнөөгийн залуусын хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлж байна. Аялгуу сайхан монгол хэл бол монголчууд бидний дархлаа мөн.
-Сэдвүүд нь архидалт, хардалт, завхайрал, соёлгүй бүдүүлэг байдал, налиг шалиг үзүүлбрүүдээр голлох болсон нь өнөөгийн Монголын нийгэмд ийм бусармаг үзэгдлүүдийг “хэвийн” гэж үзэх хэмжээнд үзэгчдийн сэтгэл зүйг дасгаж байна.
-Монголын ТВ-үүдэд шинээр гарч ирж олны анхаарал татаж талархал хүлээж байгаа “Монгол тулгатны 100 эрхэм”, “Цензургүй яриа”, “Авьяаслаг монголчууд” зэрэг хөтөлбөрүүдийг болхи маягаар дуурайн тохуурхаж байгаа нь уг хөтөлбрүүдийн үнэ цэнийг бууруулж байгаа муу үзэгдэл. Дээрх хөтөлбөрүүдийн зохиогчид, уран бүтээлчид үүнтэй эвлэрээд өөрсдийгөө доог тохуу болгохыг зөвшөөрч байгаа нь гайхмаар. Үнэ цэнэтэй бүтээлүүд үнэ цэнэтэй баймаар.
-Сүүлийн үед Монголын бахархалт түүхэн сэдвүүдийг марзганал болгон хувиргаж байгааг нь “эх оронч”, “үндэсний бахархал” -аар залуусыг хөгжүүлж байна хэмээн баярлан инээж боломгүй. Аливаа үндэстний түүх бахархалаар хэн дуртай нь оролдож доог тохуу, инээдэм марзганал болгож болдоггүй.
-Ихэнх эрэгтэй жүжигчид нь эмэгтэй болон элдвээр аашилж жүжиглэх нь цөөн удаа байж болох хэдий ч, ингэж хэт олшрох нь хэр зохимжтой байх юм бол. Алив зүйл хэм хэмжээнээсээ хэтрэх тусмаа утга учраа алддаг. Хүйстний сөрөг хандлагуудад муугаар нөлөөлж болох юм гэж та нар бодохгүй байна гэж үү?”
-Монгол эрчүүдийг арчаагүй архичин, садар завхай байдлаасаа бол эхнэртээ дандаа “базуулж”, айсандаа аргалж хуурч байгаа өөдгүй төсөөллөөр дүрсэлж байгаа жүжиглэлүүд тань өнөөгийн Монголын нийгэмд эрчүүдийн нэр төр, үнэ хүндийг “шавартай хутгаж” байгаа муу жишээ. Цөөн үзэгдлийг байнга дүрсэлж давтах нь олон нийтийн дунд сөрөг хандлагыг бий болгож байдаг юм шүү дээ.
Хэдийгээр хошин урлагийг хүндэлдэг, өмнөх үеийн хошин урлагийн олон сайхан жүжигчдийг хайрлан биширдэг, өнөө үеийн авьяас чадвартай олон залуу жүжигчдийг үнэлдэг хэдий ч энэ талаар дуугүй байж чадахгүй байнаа. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэгчлэн цаг хугацааны шалгуур дунд хошин шогийн урлаг шигшигдэж л яваа. Тэдний зарим нь кино бүтээж, зарим нь сонгодог жүжгүүдийг тоглож эхэлж байгаа нь энэ шалгуурын эхлэл. Хүмүүс аажим аажимдаа бүх урлагуудаас сонгож үздэг болно. Урлагийн ариун бас алтан тайз монголчуудыг сэтгэлгээний хувьд гэгээрүүлж, соёлын хувьд сайнаар хөтлөн дагуулах учиртай. Хэдийгээр инээдэмтэй, хошин байдлаар дүрсэлж байгаа ч гэсэн амьдарлын өөдрөг сайхан рүү үзэгчдийг хөтлөн итгүүлж байж урлаг болдог. Эг маггүй инээж байвч, сэмхэндээ нулимсаа арчиж, сэтгэлдээ санаа алдаж “Бид яагаад энэ бүхнийг анзаардаггүй юм бол” хэмээн санааширч буй үзэгчид, та нарт чин сэтгэлээсээ талархдаг болно. Алив зүйл цаг хугацааг элээн өөрчлөгдөх бүрдээ заавал сайн тал руугаа чиглэдэг гэдэгт би итгэдэг. Үүний адил хошин урлаг ч, үзэгчид ч сайнаар өөрчлөгдөх буйзаа. Хүмүүс бус цаг хугацаа л бүхний шалгуур байдаг. За тэгээд уурлаж бухимдах хэрэггүй дээ. Авах гээхийн ухаанаар хандана биз.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах