Он цагийн хэлхээсэнд түүхийн шаргал хуудсууд эргэх тусам үнэ цэн нь нэмэгдэж, түүнийг бүтээлцсэн хүмүүний үйлс бүтээл үнэт зүйл болон үлддэг. Монгол төрийн нүд чих болон хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашгийг дээдлэн хамгаалж, өргөсөн тангарагтаа үнэнч явдаг хүмүүс бол прокурорууд билээ. Тэдний ажил үйлсийг тэр бүр хүн магтаад байдаггүй, гавьяа байгуулсан ч тэд яриад байдаггүй, тиим л хүмүүс. Прокурорууд хүний эрх, эрх чөлөө , шударга ёсыг сахин хамгаалж ирсэн талаарх баримтууд хэдэн зуун мянгаар тоологдох нь лавтай. Эдгээрээс зөвхөн нэг хэргийн баримтаас сөхөж, прокурорын байгууллагын ахмад прокурор Ч.Шийрэвдорж гуайг урьж, ажил амьдралынх нь талаар хөөрөлдөх завшаан саяхан тохиолоо. Энэ эрхэм эдүгээ 83 настай. Харин прокурорын байгууллагын түүхэн замнал 87 дахь жилтэйгээ золгож байна. Тэрээр ажил амьдралынхаа талаараа хөөрөлдөхөөсөө өмнө “ажиллаж байсан байгууллагынхаа хаалгаар орж ирэхэд өнгөрөн одсон цаг хугацааг буцаан ухрааж, өөрийнхөө ажиллаж байсан үеийг эргэн харж байгаа юм шиг санагддаг юм” гэж хэлсний дараа бидний яриа өрнөсөн юм.
Ээдрээт хэргийн жинхэнэ эзнийг илрүүлж, эхнэр нөхөр хоёрыг цагаатгуулж байсан Ч.Шийрэвдорж прокурор
1970-д оны үеийн 25 мянган төгрөг гэдэг бол тухайн цаг үедээ их мөнгө байсан нь лавтай. Тэр үед 1 төгрөгөөр талх худалдан авдаг байсан гээд бодохоор 25 000 төгрөгөөр хүн өөрийнхөө амьдралыг бүхэлд нь босгож ирэх боломжтой гэсэн үг. Тэгвэл улсын 25 мянган төгрөг шамшигдуулсан хэргээр эхнэр, нөхөр хоёр бүх шатны шүүхээс тус бүрд нь 5-6 жилийн ял оноож, эцэслэн баталчихсан байхад прокурор Ч.Шийрэвдоржийн гярхай мэдрэмжийн ачаар жинхэнэ хэрэгтэнг олох сэжүүр гарснаар, хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж , нэгэн айлын амьдрал аврагджээ. Энэ хэргийг “ээдрээтэй” гэж үзсэн нь учиртай. Хэрэг ингэж эхэлжээ. 1971 онд Ажилчны районд / хуучнаар / дэлгүүрийн мөнгөний нярав Янжмаа банканд тушаах байсан мөнгөнөөс 25 мянган төгрөг дутаасан байна. Мөнгийг бүрэн бүтэн, тоо ширхгээр нь байлгах үүрэг хүлээсэн нярав л дутааснаас зайлахгүй гэж мөрдөн байцаалтын шатанд тогтоожээ. Учир нь түүнд мөнгө хадгалах төмөр сейфний түлхүүр, лац байв. Тухайн хэргийн талаар ахмад хуульч Ч.Шийрэвдорж ярихдаа “…Би тухайн үед 25 мянган төгрөгийн хэрэг гэж сонсож байснаас биш хэрэгт хяналт тавьж байгаагүй. Тэр үед улсын 25 мянган төгрөг шамшигдуулсан эхнэр, нөхөр хоёр хэргээ хүлээдэггүй гэсэн яриа гарсан байсан. Гэтэл нэг өдөр намайг Улсын Ерөнхий прокурор Ж.Авхиа дууддаг юм байна. Өрөөнд нь яваад очиход “Чи энэ Янжмаа, Сайжаа нарт холбогдох хавтаст хэргийг 3 хоногийн дотор унш. Би гурван хүнд уншуулна. Өөр хүнд уншиж байгаагаа хэлэхгүй ёсгүй” гэж надад хэлэв. Эхлээд I шүүхийн хяналтын прокурор Цэрэнбалтав гэж хашир туршлагатай прокурор уншсан. Дараа нь би уншиж дуусаад, Дээд шүүхийн шүүгч Загдад өгөв. Хавтаст хэргийн материалыг гурван өөр хүн уншиж, уншсан хэргүүдээ хэлсэн ёсоор хоорондоо огт яриагүй. Хэргийн материалаас дүгнэхэд эхнэр, нөхөр хоёрын үйлдээгүй хэрэг байна гэсэн ойлголт төрсөн. Ингээд Ж.Авхиа прокурортой уулзах цаг аваад , хэргийг танилцууллаа. Би тэр үед “Энэ хэргийг Янжмаа, Сайжаа нар хийгээгүй хэрэг байна даа” гэж хэлэв. Гэтэл дарга “Чи энэ хэргийг сайн уншсан юм уу” гэж уурлаад явчихлаа. Тэгээд “Ер нь чи мөнгөний нярав, цагдаа Сайжаа нарыг таних уу. Арай ах дүү, төрөл садан юм биш биздээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Та ингэж хэлэх байсан юм бол надаар яах гэж энэ хавтаст хэргийг уншуулсан юм” гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Ж.Авхиа прокурор нилээн бодож сууснаа “Чи Цэргийн прокурор, Улаанбаатарын прокурор, цагдаагийнхныг олж ир” гэсэн. Хэлсэн ёсоор би утсаар ярьж, заримыг нь очиж авчраад Авхиа даргын конторт цуглуулсан. Өрөөнд нь 20 гаруй хүн цугларч, багтахгүй шахам боллоо. Ингээд би хамгийн түрүүнд хэргийг танилцуулсан. “Энэ хэрэг эзнээ олоогүй хэрэг байна” гэж хэлсэн чинь цугларсан хүмүүс их л янз муутай надруу харж, эвгүй шинжтэй болоод явчихав. Тэд “Нэгэнт шийдсэн хэргийг завааруулах гэж байна” гэж намайг шүүмжилж байлаа. Надад энэ хэрэг эзнээ олоогүй юм шиг санагдсан нэг зүйл нь мөнгөний нярав Янжмаагийн нөхөр Сайжаагийн мэдүүлэг байсан юм. Сайжаа олон удаа хандаж болох бүхий л байгууллагад өргөдөл бичсэн байсан. Прокурор, шүүгч нарт өргөдөл очоод “батлагдсан” гээд л хариу өгөөд байсан юм билээ. Хамгийн сүүлд тэр Цэдэнбал даргад, Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга Самбууд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий Прокурорт өргөдөл өгсөн байгаа юм. Тэгээд зогсохгүй Намын хянан шалгах хороонд хүртэл өргөдөл өгсөн байдаг. Тийм учраас Дээд шүүхийн Гүнсэн, Авхиа прокурор хоёр ярилцаад “Энэ хэргийг дахиад хянаж үзье, өмнө нь хянахад оролцоогүй хүмүүсээр хянуулъя” гэж шийдсэн байна. Тэгээд Ерөнхий прокурор надад үүрэг болгосон нь тэр байж” гэж ахмад прокурор Ч.Шийрэвдорж дурсан ярилаа. Тухайн үед нэгэнт батлагдчихсан шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаах хэрэггүй гэсэн санал Дээд шүүхийн тогтоол баталсан холбогдох хүмүүсээс гарч байсан ч Улсын Ерөнхий прокурор Ж.Авхиа прокурор Ч.Шийрэвдоржид “эсэргүүцэл бичиж, хэрэв үнэхээр гэм зэмгүй эхнэр, нөхөр хоёрыг хэлмэгдүүлж байгаа бол үнэнийг нь олж тогтоо” гэж хэлжээ. Ингээд Дээд шүүхийн бүх хурлаар Янжмаа, түүний нөхөр Сайжаа нарт холбогдох “улсын 25 мянган төгрөг шамшигдуулсан” гэх хэрэг мөрдөн байцаалтад буцаж, хэргийг цэргийн прокурорт шилжүүлж, Ч.Шийрэвдорж прокурорыг хяналт тавь гэсэн байна. Энэ талаар тэрээр хэлэхдээ “Би тухайн үед өөрийн итгэл үнэмшлээрээ гэмгүй хүмүүс ял авч байна гэсэн бодол төрсөн учраас өөрийгөө зөв зүйл хийж байна гэж итгэсэн. Бас нөгөө талдаа айдас байсан. Яагаад гэхээр Дээд шүүхээр эцэслэн баталчихсан хэргийг мөрдөн байцаалтад буцааж байгаа учраас жинхэнэ хэрэгтэн нь олдохгүй бол хэргийг шийдвэрлэхэд оролцсон олон хүний ажлыг балласан хэрэгт унах байлаа. Тиймээс хэрэгт маш няхуур хандсан. Хэрэг гардаг өдөр мөнгөний нярав Янжмаагийн хүүхэд нь халуураад гэртээ хурдан харих шаардлагатай болж л дээ. Тэгээд тэр нөхөр Сайжаагаа дуудаж хамт мөнгөө тоолон, толгойлж ,цүнхлээд лацадсан байгаа юм. Ингээд хамт ажилладаг хашир туршлагатай Цэнд гэж няравт “Банкны хүмүүс ирэхээр өгчхөөрэй” гэж хэлээд ууттай мөнгөө үлдээгээд явсан байна. Хэлсэн ёсоор нөгөө Цэнд нь банкны мөнгө хураагч ирэхэд лацтай мөнгийг нь өгөөд явуулжээ. Гэтэл лацадсан ууттай мөнгийг банкан дээр очоод задалтал 25 мянган төгрөг дутчихсан байна. Ингээд л асуудал үүсжээ. Тухайн үед Цэнд нярвыг хотын прокурор 14 хоног байцааж шалгасан байдаг юм билээ. Би мэдүүлгийг нь уншиж байтал нэг сэжигтэй өгүүлбэр хэлсэн байх нь надад их хачирхалтай санагдсан. Байцаагч “Чамаас гарцаагүй юм байна шүү дээ” гэхэд нөгөө Цэнд нярав “Төлөх хөрөнгөгүй” гэж хэлээд, уйлсан байдаг. Аваагүй хүн бол тэгж хэлэхгүй байх байсан гэсэн бодол надад төрсөн. Тэр өдөр хурааж авсан мөнгийг нярав Янжмаа нөхөртэйгээ хамт толгойлж , лац ломбыг зөв дарж, хүлээлгэн өгсөн байдаг. Харин мөнгийг банкны хүмүүст дамжуулсан нярав их сэжигтэй санагдсан. Сайжаад авсан хүний шинж байхгүй байв. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасны үр дүнд хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж чадсан юм.. Энэ хэрэг мөнгөний нярав Янжмаагийн өөрийнх нь хайнга байдлаас болж гарсан юм билээ.
Тодруулж хэлбэл,нярав Янжмаа түлхүүрээ ил орхичихдог хүн байж. Энэ хайнга байдлыг нь хажууд нь суудаг Цэнд нярав нэг өдөр соргогоор ашиглаж, түлхүүрийнх нь зургийг зураад авчихсан байна. Тэгээд нэг боломжит өдрийг ирэхийг л хүлээж байж л дээ. Тэгтэл Янжмаагийн хүүхэд өвдөж гэртээ эрт харих тэр өдөр нь нярав Цэнд нөхрөө дуудаж, дархан хүнээр түлхүүр хийлгэж ир гээд явуулсан байдаг. Нөхөр нь түүний хэлснээр хурдан хугацаанд түлхүүр хийлгэж ирээд нярав Цэнд түлхүүрээрээ Янжмаагийн сейфийг нь онгойлгоод, лац, ломбыг нь гаргаж цүнхийг нь задлаад 25 мянган төгрөг аваад буцаж лац ломбыг нь дарчихсан юм билээ. Мөрдөн байцаалтын шатанд түлхүүр хийлгэсэн хүн нь гарч ирсэн. Энэ хэргийг илрүүлэхэд надад нэг зүйл санаанд орсон юм.
Би прокурор болохоосоо өмнө агент хийж байхад манай хоршооныхон бүгд хэрэгт холбогдож асуугдаж байлаа. Хэрэг Равдан гэдэг манаач хөгшнөөс болж гарсан л даа. Тэднийх их ядруухан амьдралтай айл байсан юм. Би нэг удаа хөдөөнөөс ирсэн чинь торгон ногоон дээл, тас хар гялалзсан хороомон гутал өмсчихсөн их өнгөлөг болчихсон байлаа. Энэ байдлыг нь би харчхаад овоодоо гэсэн шүү юм бодоод л явж байтал Равдан гуай дуудав. Яваад очтол “Ах нь дэлгүүрээс архи авах гэсэн чинь өгдөггүй, чи аваад өгөөч” гээд хоёр ширхэг цоо шинэ гар зүсэм 5-тын дэвсгэрт өглөө. Настай хүн гуйж байгаа юм чинь гээд би нөгөө дэлгүүр рүү ороод , гуйж 2 шил архи аваад Равдан гуайд аваачиж өгсөн юм. Гэтэл хэд хоногийн дараа Равдан баригдаад явж гэнээ гэж дуулдлаа. Тэгсэн чинь мөнгөний нярав Дашдамба гэж нөхөр дээр дурдсан 25 мянгын хэрэгт холбогдсон Янжмаа шиг түлхүүрээ хамаагүй газар ил орхичихдог нэгэн байж. Энэ байдлыг нь ажигласан манаач Равдан нэг өдөр нярав Дашдамбын түлхүүрүүдийг нь зурж авчээ. Равдан гуай манаач хийхээсээ өмнө дарханы ажил хийдэг хүн байжээ. Тийм ч учраас түлхүүр хувилаад мөнгөтэй болох боломж байна гэдгийг олж хараад санаагаа гүйцэлдүүлсэн байдаг юм.
Тэр үед Баянхонгор аймгийн прокурорын туслах Очирбат гэж хүнд манай хоршооныхон бүгд байцаагдаж үзэж байлаа. Тиймээс 25 мянгын хэрэг үүнтэй ижил төстэй байж магадгүй гэж үзсэн. Миний бодсон бодол зөв байсан учраас эхнэр, нөхөр хоёрын нэр хүнд болоод амьдралыг нь аварч чадсан юм. 25 мянган төгрөгийн жинхэнэ эзэн олдсон учраас Нярав Янжмааг, нөхөр Сайжаагийн хамтаар буруугүйг нь тогтоолгож, шүүхээр цагаатгууж, хохирлыг нь арилгах тухай тогтоолын төсөл бичиж байлаа. Албан тушаал, ажил гээд бүх юмаараа нэг гэр бүлийн хоёр хохирсон байсан. Сайжаа цагдаагийн ажилдаа буцаж очсон гэж ахмад прокурор Ч.Шийрэвдорж гуай дурсан ярилаа.
Тэрээр энэ мэтчилэн олон хэргүүд дээр хяналт тавьж, шударга ёсыг ажил амьдралынхаа зарчим болгон явж иржээ. Гэвч тэр энэ хугацаанд би энэ хэргийг ингэж шийдсэн гэж олонд зарлаж, өөрийгөө дөвийлгөж явсан удаа байгаагүй байна. Тэр хэрэв 25 мянгын хэргийг бүх шатны шүүхээр эцэслэн баталчихсан байхад мөрдөн байцаалтад буцаах ёстой гэж зориг гаргаагүй бол төрдөө тангараг өргөсөн нэг цагдаа эхнэрийн хамтаар шоронд ял эдэлж, насан туршдаа улсын мөнгө шамшигдуулсан хэмээх хар толботой хоцорч үлдэх байжээ. Харин азаар тэгсэнгүй. Тийм ч учраас 25 мянгын хэрэгт гүтгэгдсэн цагдаагийн алба хаагч Сайжаа гурван жилийн дараа Ч.Шийрэвдорж прокурорын өрөөнд өөрийн биеэр ирж, баярласнаа илэрхийлж байсан байна.
ҮХЭЛТЭЙ 2 Ч УДАА НҮҮР ТУЛСАНЧ АМЬД ҮЛДЭЖ, ҮНЭНИЙГ ТУНГААДАГ ПРОКУРОР БОЛСОН Ч.ШИЙРЭВДОРЖИЙН АМЬДРАЛ
Ахмад прокурор Ч.Шийрэвдорж 1934 онд Баянхонгор аймгийн Богд сумын нутаг “Чулуун онгоц” гэдэг газарт мэндэлжээ. Түүний аав нь Өвөрхангай аймгийн Богд сумын гаралтай хүн байсан бол ээж нь Баянхонгор аймгийн Богд сумын харьяат байсан байна. Баянхонгор, Өвөрхангай аймгууд нь хуучнаар Шавь хошуу хоёр заагт нутаг байсан бөгөөд Сайн ноён хан аймгийн нутагт хамаарагддаг байжээ. Тэр үед Ч.Шийрэвдоржийн аав, ээж танилцсанаар хожим 5 хүүхдийн аав, ээж болсон байна. Ч.Шийрэвдорж дээрээ нэг эгч, доороо 3 дүүтэй байжээ. Түүний хүүхэд нас их адармаатай өнгөрсөн байна.
Хүүхэд насныхаа талаар Ч.Шийрэвдорж дурсахдаа :
” Би 27 нас хүртлээ ямар ч боловсролгүй явсан хүн. Ээжийн гэдсэнд байхад аав цэрэгт явсан байдаг юм. Аав Улаанбаатар хотод цэргийн алба хаачхаад буцаж ирэхэд нь би 5 настай байсан. Аавыгаа цэргээс ирж байхыг маш сайн санадаг. Хүүхдүүд “Чи аавгүй юм байна” гэж байнга шоолно. Эхлээд тоодоггүй л байсан. Харин дараа нь “Яагаад би аавгүй билээ” гэж өөрөөсөө асууж эхэлсэн. Ээж надад аавын талаар юм ярьдаггүй байсан. Би ч асууж байгаагүй. Миний аав холоос ирнэ гээд л бодоод байдаг байлаа. Одоо бодоход хүүхдийн зөн билэг байжээ.Яг бодсоноор 25 настай сайхан аав ирсэн. Тухайн үед цэргийн албыг олон жилээр хаалгадаг байсан юм билээ. Аав цэргээс халагдаж ирээд надад хуучин монгол үсэг, тоо зааж өгсөн. Тэр үед Сүхбаатар жанжны зурагтай ном байдаг байлаа. Тэгээд л харсаар байгаад үсэгнүүдээ таньдаг болсон. 1941 оноос эхэлж кирилл бичиг гарч ирсэн. Миний төрсөн эгч 1941 онд сургуульд сурахаар явж, дөрөвдүгээр ангиа төгсөж ирээд надад цагаан толгойн үсэг зааж өгсөн юм. Ингээд дараа жил нь сургуульд орох нь гээд баяртай байж байтал 1945 онд Өвөрмонголыг Японоос чөлөөлөх дайн зарлагдаад цэргийн насны улсууд бүгд цэрэгт татагдсан. Аав маань хүртэл бэлтгэл офицер гээд явчихсан, мал харах хүнгүй гээд намайг сургуульд явуулаагүй. Харин сарын дараа нэгдүгээр ангид сурах боломж олдож 1946 онд нэгдүгээр ангиа онц төгссөн. Онц сурч байсан учраас ангийн дарга гэж өргөмжилж байлаа. Гэвч нэг өдөр гэнэт бие муудаад өрөөсөн нүд юм үзэхээ байгаад гар, хөл өвддөг болсон. Хэд хоногийн дараа ээж ч хөдөөнөөс ирсэн юм. Сурахад бие маань дийлэхгүй гэдгийг мэдсэн ээж сургуулийн захиралтай уулзахад захирал “Онц сурч байгаа хүүхдийг өгч явуулмааргүй л байна. Гэвч та бүхэн сайн бодож шийдсэн бол би юу хэлэх билээ дээ гээд намайг гаргаж өгч байлаа. Ингээд л би ясны өвчтэй гэсэн шалтгаанаар буцан ирэв. Өөрийн хичээл зүтгэлийн ачаар аав, эгч нараар хичээл заалгаж, байнга давтаж байлаа. Өдөр нь морин хуур тоглож өөрийгөө зугаацуулна. Гэвч орой нь өвчиндөө шаналсан биетэйдээ өөртөө гомдож “Би хүн болохоосоо өнгөрлөө” гээд орондоо уйлдаг байв. Хүүхэд байсан болоод ч тэр үү үе тэнгийнхэнтэйгээ сургуульдаа явахыг л их хүсдэг байсан учраас л сэтгэлээр унадаг байсан байх. Харин нэг өдөр ээжийн ах Батмөнх гэдэг лам нэг чулуу өгөөд нүдэн дээрээ тавьж байгаарай гэсэн. Тэр чулууг нь тавиад байтал нүдний цагаан зүгээр болсон. Ясны өвчингөө эмчлүүлэхийн тулд дөрвөн курс тариа тариулаад бие хөнгөрөөд сайхан болж байлаа. Амьдрах хувьтай байсан эхний том даваагаа ингэж би давж байсан юм. Хэдийгээр бие маань бүрэн эдгэсэн ч хичээлээсээ хоцорчихсон байлаа. Тиймээс 16 настайдаа аавынхаа оронд худалдааны агентын ажилд орсон. Аав агентаас гармаар байна гэж хэлэхэд нь дарга нь “Танай хүү чинь тоонд сайн юм чинь чиний оронд ажилд авъя” гээд л намайг ажилчин болгочихсон юм. Тоондоо сайн байсан маань их олон зүйл дээр хэрэг болсон доо. Сумын малыг тоолно гээд тайлан гаргахад надаар л хийлгэнэ. Өөр сум баг хүртэл надаар тайлангаа гаргуулъя гээд хүрээд ирдэг байсан. Өөрийнхөө багийг бус бусад багуудын тоо бүртгэлийг гаргаж байлаа” гэж ахмад прокурор Ч.Шийрэвдорж дурсан ярилаа.
Харин түүний хоёр дахь удаагаа үхэлтэй нүүр тулсан үе нь Баянхонгорт 1957 оны 10-р сарын 5-ны өдөр юм
Энэ өдрийн үдээс хойш маш хүчтэй газар хөдөлжээ . Тэр үед Ч.Шийрэвдорж гуай сумын эвлэлийн үүрийн дарга байсан байна .Тэрээр төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж тэр шөнө Дорж гэж малчин айлд очтол тэдний гэрийн ойролцоо байсан “Оригнуур” гэж нэртэй 15-20 километрын урттай нуурнаас их дуу чимээ гарсан байна.Шөнөдөө хоночихоод тэмээтэй цааш Ориг нуурын хажуугаар явж байтал тэмээтэйгээ шидэгдчихжээ. Энэ талаар Ч.Шийрэвдорж гуай ярихдаа “Тэр үед нуурын мөс хөлдчихсөн байсан. Гэтэл газар хөдлөөд шидэгдсэн байсан нь тэр. Битүү харанхуй тоос, хүхэр шиг юм үнэртээд хэцүүхэн байдал үүссэн. Тэгээд би нуур цөмөрч байгаа юм байна гэж бодсон. Хагарсан газар дундуур тэмээгээ орхиод, цааш ангайсан газруудын дундуур нэг мэдэхэд гарчихсан байсан. Харанхуй болчихсон. Тэгээд гүйгээд л байхад нэг хөл угзраад байгаа юм шиг л санагдсан. Тэгээд гүйсээр байгаад бэлээр 5 километр явчихсан байсан. Тэр үед 20 гаруйхан настай залуу байлаа. Уулын хамар хутгаар хэрччихсэн юм шиг хагарчихсан байсан. Тоос босоод хар болчихдог юм билээ. Унаагаа очиж авъя гээд очтол хагарсан газар буцаад наалдчихсан байна. Тэмээгээ очиж аваад цаашаа явж байтал хүмүүс “урд бэл дээр өндөр настай хүн байгаа” гэхээр нь очтол нэг эмээ “газар хөдөлсөн бишээ, намайг хүүхэд байхад газар хөдлөхөөр авдрын цоож хөдөлдөг байсан. Сая тэгээгүй , агаараар шаар яваад байсан америк атомын бөмбөг хаячихлаа” гэдэг юм байна. Хүмүүс янз бүрээр л хүлээжавсандаа. Тэр шөнө Сономпэл гэдэг айлд очлоо. Өвгөн, эмгэн хоёртой цай хийгээд ууж байтал уулын хярд өвөлжиж байсан “хар маам” гэж хүн авгайтайгаа ирлээ. Түүний аав, ээж , дүү хад чулуунд цохиулаад үхсэн гээд уйлаад байсан. Тэр гурваас гадна дахиад нэг хүн нийт дөрвөн хүн үхчихсэн байв.Багийн дарга морьтой, би тэмээтэй тэр шөнийн турш айлуудыг нүүлгэх ажлыг хийсэн. 30 гаруй айлыг нүүлгэсэн. Айлууд бүх малаа нийлүүлээд нэг газар оччихсон байлаа. Хөндийгөөр цааш явах боломжгүй болж,газар байнга оволзоод байсан. Жаахан байж байгаад дотор муухай оргитол хөдлөөд байсан. Их богд, Жаран Богд, бага богд, Дулаан богд ташраараа харанхуйлчихсан байсан учраас Сумын дарга Рэнцэндорж, Намын үүрийн дарга Чойжилсүрэн дарга хоёр юу болов гээд хүрээд ирж. Тухайн үед 6 хүн нас барсан, өндөр баллын газар хөдөлсөн байдаг. Айлууд тархай бутархай байсан учраас хохирол бага гарсан” гэж Ч.Шийрэвдорж гуай ярьлаа.
Нэмэлт мэдээллийг хүргэхэд 1957 оны газар хөдлөлт нь Говь-Алтайн нурууны ноён оргил Их Богд, Бахар уул, Бага Богд, Арц богд ууланд голлон умард өргөргийн 45 градус, дорнод уртаргийн 100 градусын солбилцолд гадаад голомт нь тохиолдсон газар хөдлөлт болж асар их газар хагарч, уул хад нуран хүн, мал сүрэг, ан амьтан олноороо сүйдэж тосгон суурин үлэмж эвдэрсэн. Газар хөдлөлтийн доргио бүх Монгол даяар тархжээ. Бахар уулын урд талаас Зүүн Богд хүртэл Их Богд уулыг бүсэлж 800 км урт, 40-60 км өргөн ангал тогтоосон байна. Тухайн үед Их Богд уулыг дээш нь 12, зүүн тийш нь 8,4 метр өргөж тавьсан хэмээн Оросын судлаачид тэмдэглэсэн бол Америкийн эрдэмтэн Жефрис Их Богдын газар хөдлөлтийг дэлхийн бөмбөрцгийг ганхуулсан гэж үзжээ.
Амьд явах хувьтай байсан Ч.Шийрэвдорж гуай 27 насандаа прокурорын байгууллагатай амьдралаа холбож, 43 жил прокурорын байгууллагад нэр хүндтэй ажиллаж байснаас 10 жил нь улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн болон баривчлагдан мөрдөгдсөн хүмүүст холбогдох хэргийг хянах ажил хариуцсан прокуророор ажиллаж байжээ. Түүний шударга үнэний талд зогсож, хянаж шийдвэрлэж байсан олон хэргүүдийн нэгхэн жишээ нь “25 мянгын төгрөг”-ийн хэрэг байлаа. Баялаг намтартай ахмад прокурор маань 83 насыг зооглож байна. Өнөөдөр агуу их ялалтын баяр тохиож ахмаддайчдаараа ард түмэн бахархаж байгаа шиг прокурорын байгууллага ахмад прокуророороо бахархаж явна аа.
Бэлтгэсэн: УЕПГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлч О.Эрдэнэбүрэн
Хянасан: УЕПГ-ын ХМОНХ ажил хариуцсан Хяналтын прокурор Ц.Өлзийжаргал