Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгийнхээ эзэн нь мэт захирал олон байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцсэний нэг нь Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн. Тайлангийн талаар тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.
Ажлын хэсэг Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” сургууль, Физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль, олон улсын “Орчлон” дунд сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн 29, 116 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 71 дүгээр дунд сургуулиийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, боловсролын салбарын хууль тогтоомжийн болон “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлыг нь сонсчээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Бага, дунд боловсролын байгууллага, суралцагчдын өнөөгийн байдал, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилт, Багшлах боловсон хүчний нөөц, нийгмийн асуудал, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, тулгамдаж буй асуудал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр багцлан гишүүдэд мэдээлэл хүргэсэн юм. Мөн ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг танилцууллаа. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байлаа.
Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Хөдөө орон нутгийн сурагчид балгас мэт байранд сурч, амьдарч байна. Сургуулийн засварын төсвийг хэрхэн хуваарилдаг талаар болж байна вэ?
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Нийт сургуулиудын барилгын насжилт ямар байгаа, хэдэн хувь нь цаашид ашиглах боломжгүй болохыг мэргэжлийн байгууллага тогтоосон бэ?
БСШУС-ын сайд Ж.Батсуурь: 150 гаруй сургуулийн барилга 40 жилээс дээш насжилттай. Нийт сургууль, цэцэрлэгүүдийн барилгын 20-30 хувийг цаашид ашиглах боломжгүй гэсэн МХЕГ-ын дүгнэлт гарсан гээд жилдээ аймгуудаас 20-40 тэрбум төгрөгийн засварын ажлын захиалга ирүүлдэг ч 2016 оны төсөвт тусгагдсан мөнгийг хуваарилахад нэг аймагт 300 орчим сая төгрөг оногдсон хэмээн тайлбарласан. Энэ нь нэг сургуулийн засварт ч хүрэхгүй мөнгө ажээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Байнгын хорооны тогтоолын төсөлд Боловсролын багц хуулийг шинэчлэх талаар яагаад тусгасан талаар тодруулсан. Тэрбээр, 2016 онд Боловсролын багц хуулийг шинэчлэн баталсан байтал дахин ингэж шинэчлэх шаардлага бий эсэхийг лавлаж байлаа.
Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг, Боловсролын тухай болон Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, эрх зүйн орчин тогтворгүй байна. Боловсролын тухай хууль нь салбарын харилцааг бүхэлд нь зохицуулж чадаагүй, зохицуулах шаардлагатай зарим харилцаа тусгагдаагүй, зөвхөн боловсролын салбарын байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чиглэсэн, байгууллагын харилцааг зохицуулсан байна гэж ажлын хэсэг дүгнэсэн гэлээ. Боловсролын салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлтийг богино хугацаанд оруулдаг нь улстөрчдийн хүсэл зориг, бодлогын ялгаатай шийдэлтэй холбоотой боловч нөгөө талаар тухай салбарын эрх зүйн хөгжил, түүний системчлэлтэй холбоотой хэмээн нэмж хэлсэн. Салбарын сайд ч гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт их, дээд сургуулийн төлбөр өндөр байгааг шүүмжилсэн юм.
Тэрбээр “Мөнгөтэй нь их, дээд сургуульд ордог боллоо” гэв. Үүний хариуд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Их, дээд сургуулийг төлбөргүй болгох боломж нөхцөл бий. Гэхдээ төлбөргүй болговол төсвөөс санхүүжүүлэх шаардлага гарах байх. Гэтэл санхүү эдийн засгийн хувьд боломж тааруухан байна” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өнөөдөр иргэд бага, дунд боловсролын шинэчлэлийг хүлээж байгаа. Түүнээс ганц нэг сургуулийн барилга, үдийн цай хөтөлбөр гэдэг бол хоёрдогч асуудал гэж бодож байна. Бага, дунд боловсролыг шинэчлэхийн тулд багш нартайгаа ажиллах ёстой. Боловсролын салбарт 45 мянган багш, сурган хүмүүжүүлэгч байдаг. Тэдний хөдөлмөрийн үнэлэмж бусад салбарынхаас үнэхээр доогуур. Тэгэхээр Монгол Улс багш бэлтгэх тогтолцоогоо эргэж харах ёстой. Финланд улс “толгой цохидог” хүүхдүүдээ багш болгодог юм байна лээ. Хамгийн шилдэг хүүхдүүд нь багш болж, боловсролын салбар нь тэргүүлсэн. Япон, Солонгос, Сингапурын туршлага байна. Тиймээс дунд сургуульд сурч байгаа мэдлэгтэй, “толгойтой” хүүхдүүдээ багш болгох бодлого боловсруулах хэрэгтэй. Ингэж байж Монгол Улсад чанартай боловсролын тогтолцоо бий болно. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн захирлуудын хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй. Тухайн сургууль, цэцэрлэгтээ 20 гаруй жил ажилласан, тэр газрынхаа эзэн болчихсон захирал олон бий. Сургуулийнхаа газрыг зардаг, хувьдаа хөрөнгөтэй болдог. “Үдийн цай” хөтөлбөр сургуулийн захирлуудын бизнес болсон. Сурагчийн дүрэмт хувцас хүртэл захирлуудын бизнес болчихсон. Багш нараа сонгон шалгаруулах гэж авлига авдаг. Хөдөөд бол үхэр аваад оронд нь ажилд авсан тохиолдол бий. Ажлын байрны дарамт маш өндөр болсон. Тиймээс цэцэрлэг, сургуулийн захирлуудын ёс зүй, ажлын хариуцлагыг ажлын үр дүнтэй нь уях хэрэгтэй. Тиймээс ажлын үр дүн тооцдог тогтолцоог шинэ шатанд гаргах шаардлага байна гэж би үзэж байна” гэв.
Ийнхүү гишүүд саналаа хэлж дуусаад, Байнгын хорооны тогтоол гаргалаа. Энэхүү тогтоолд Боловсролын салбарыг шинэчлэх тухай цогц асуудал багтаж байгаа юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …