Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү

022436331.jpg

Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ.

…Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж унагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.

Аав минь надтай адил нялцгар хүн байгаагүй

Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа. Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь “Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид 2 чинь энд байна” гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа.

Эрчүүд их үнэгүй хүмүүс юм уу даа

Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй, гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан. Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй ээ, энэ хэдэн хүүхэддээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсоны дараа нь тэгэх минь яалаа ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан. Заримдаа би эр хүн нэг их үнэгүй хүмүүс юм уу даа гэж боддог.

Эцэг минь шударга зангаар хорвоог туучиж өнгөрөөсөн дөө

Дуу шүлгээр хүнийг аргаддаг, үхсэнээс нь хойш ямар явснаар аргаддаг. Ач хүү нь аавынхаа хөргийг зурсан тэр үед надаас илүү ачийг нь хариулчихав уу гэж бодогдсон шүү. Аав минь архи, айраг битгий хэл тараг ч уухгүй. Би аавыгаа дал гарчихсан хойно нь хоёр удаа халамцахыг л үзсэн. Нэг нь хамгийн сүүлчийн удаа нутагтаа, нөгөө нь нутгийн хэдэн хөгшчүүлтэйгээ жаахан халсан. Мэдээ орсон цагаасаа хойш миний үзсэн “аавын минь алдаа” энэ. Амьдралынхаа туршид цэрэг даргын албыг хашиж явахдаа сайшаал шагнал төрөөс хүртэж шударга зантай нэгэн хорвоог туучиж өнгөрөөсөн дөө эцэг минь Аав минь намайг тавдугаар ангид халдварт гепатит өвчнөөр хүнд өвдсөн хожим элэгний хорт хавдраар насан алдахын нь эхлэл тэр байсан юм болов уу гэж би боддог. Архи уудаггүй тамхи татдаггүй хүн энэ өвчнөөр өвдөхгүй юм шиг санаж явсан надад хачин санагдаж байлаа. Элдвийн үнэн худал сурталчилгаа намайг тийм болгосон хэрэг.

Туйлдсан аавыгаа харж би нэг их уйлсан

Аав минь бүтэн гурван сар хэвтэрт орж шаналж зовохдоо “ёо” гэж ганц хэлээгүй дээ. Туйлдсан аавыгаа харж би нэг их хуйлсан. Очиж очиж дэрнийх нь дэргэд шүү. Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж хэлээд ам нь өмөлзөж даахгүй болсон гарын нь үзүүр хөдлөх аядсан. Намайг тэвэрч үнсэх гэж бас уйлсан байх. Нулимс нь гадагшаа биш дотогшоо урсаж байсан биз ээ. Намайг гарыг нь атгахад зүрх нь алган дотор нь орчихсон юм шиг дэндүү хурдан цохилж байлаа. Аав бид хоёрын хамгийн сүүлд сольсон үг ердөө л энэ. Хариугүй өөд болох гэж байгаа аавынхаа биеийн байдал нүднээс нь хүн амьдралд дурлаж амьдарч, амьдралыг үзэн ядаж буцдаг юм байна гэдгийг харсан. Удаан зовсноос ч ингэдэг байж мэдэх юм. Эр зоригийг гаргалаа ч их жамын хөлд хүн гэдэг даанч өчүүхэн.

Аавынхаа өмнө үхэж л байж “луйвардаж” дуусах агуу их өртэй үлдсэн

Ээж минь 1971 онд өөд болсноос хойш аав бид 2 их өнчирсөн дөө. Нэмж бас өнчрөх хүмүүсийг зөндөө цуглуулсан юм би. Миний хань хүүүхдүүд “Үхлийн түймэрт” өвс мэт ассан даа. Хүний үр хүүхэд гэж үр хүүхэд л байдаг. Хань байж чаддаггүй юм билээ. Аавыгаа би гомдоож зовоож байгаагүй ч аахар шаахархан гийгүүлж явсан минь аавын минь намайг гэсэн хайрын дэргэд юу ч биш. Аавынхаа өмнө үхэж л байж “лувардаж” дуусах агуу их өртэй үлдсэн. Бие нь нэг их доройтоогүй байхдаа нэг өглөө, миний хүүг гуйж уртын дуу тавиад өгөөч гэсэн гэдэг. Сонсоод нулимс нь урсаад байсан гэж хүү минь надад хэлсэн. Орчлонд хүн их хоргодох юм билээ. Тэгж яваарай, ингэж амьдрах ёстой гэж надад ярьдаггүй, сургадаггүй байсан. Нэг удаа харин “Миний хүү ч сайн хүү л дээ. Өглөө босохдоо уцаартай босох юм. Битгий тэгж бай, өдөржингөө ажил чинь бүтэхгүй шүү дээ” гэсэн дуугаа өндөрсгөөгүй, уургүй хэлсэн энэ үг над дээр ямар чанга буусан гэж санана. Эцэг гэдэг ер нь зүтгэж элэгддэг их үүсгэл бололтой юм. Үр нь бага хайрладагтаа биш, халдаж болдоггүй дээ, ноолж болдоггүй дээ, нялуун биш дээ, “Холын уул” байдаг аж.

Хүн халанд биш хайранд хүн болдог юм байна

Аав минь нэг өдөр “Би заяа муутай хүн дээ” гэсэн. Үгүй ер нь юунаас ингэж хэлэв гэж бодоод байсан чинь янз бүрийн хариу гарч байв. Би хариуг нь онож олохгүй болохоороо нэгэнтээ ааваасаа асуулаа. Тэгэхэд аав минь “Ханиа залгичихсан хүн яаж заяатай байх вэ дээ” гээд их ширүүн харсан. Би нэг их сэтгэдэг хүн болох гэж “Нэг авсанд хоёр хүн багтдаггүй юм чинь дээ аав минь” гээд хэлээд тавьчихсан чинь их уцаартай нь аргагүй “Яруу найраг чинь энд хамаагүй” гэж шууд гараад алхчихсан. Алдас хийсэндээ би үхтлээ гэмшсэн шүү. Энэ мөчид би яруу найраг хэрэггүй газар байдаг юм байна гэж бодогдож, шатаар доош бууж яваа аавын минь таягны дуу нимгэн хаалганы цаанаас сонсогдох нь шатыг биш миний толгойг тоншоод байх шиг санагдсан. Шөнө нь нойр хүрдэггүй. Маргааш нь бага үдийн алдад аав минь амьсгаадсаар орж ирэхэд орох байх газар олдохгүй санагдсан. Аав минь хэнэггүй нь аргагүй “Аав нь тэтгэвэрээ аваад” гээд нусны алчуурандаа боож боочихсон хоёр хайрцаг “ВТ” гаргаж өглөө. Тэнэглэснийхээ төлөө би тамхиар шагнуулав. Аав минь тэр шөнө бас нойргүй хоносон биз ээ. Хүний аав гэдэг ийм л амьтан. Миний хэрэглэдэг “хор” аавд минь тэтгэвэрийн хэдэн мөнгөнөөс нь үнэтэй байна. Намайг хайрладаг хайр нь тийм нандин гэж би яс махандаа шингэтэл ухаарсан. Тэгээд би хүн халанд биш, хайранд хүн болдог юм байна гэж хэдэн хүүхдээ аав шигээ л эрхлүүлж өсгөсөн. Миний буруу зөвийн дүн одоо болтол гараагүй л байна.

49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ

Аав минь 76 нас зооглосон, 27-тойд нь би гарсан гэхэд 49 жил аавдаа эрхэлж, үнсүүлж, тэнэглэж явж дээ. Өөрөөр хэлбэл 49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ. Жил гэдэг хачин. Миний 25-ны жил орж байхад ижий өөд болж, 49-ний жил ороход аав минь өөд болсон доо. Аавыгаа өөд болсноос хойш 3 жилийн дараа онголсон газрыг нь эргэлээ. Газар дээр нь очиход шиврээ бороотой будан буучихсан байсан. Хөл гарынх нь алиных нь юм ганцхан ганцхан шагайн чинээ цайсан үений яс л үлдэж. Би ханьтайгаа хүүхдүүдтэйгээ хар багын найз хуурч УГЖ Идэрбаттайгаа очсон юм. Яг тавьсан газрын нь өлмийд Л.Идэрбат минь хуураа удаан гэгч нь татсан. Хуурын эгшигэнд уул хад өндийгөөд ирэх шиг санагдсан. Аав миь хуурын эгшиг сонсдогч үгүй байгаа даа гэхдээ хуурдуулсан хэрэг. Морин хуурын эгшиг тэр өндөр уулын энгэрт багтахгүй урд их хөндийг дүүрэн байх шиг. Тэгэхэд би нэг цээжээ онгойтол уйлсан даа. Өтлөх тусам нутаг гэдэг санагдана. Тэгэх тоолон аавын минь “Нутагт минь намайг тавиарай” гэж хичээнгүйлэн захисны учрыг цаг мөч тоолон ясандаа хадтал ойлгох бололтой. Би өөрөө амирлахын цагтаа ангилан дээдэлж нутаглуулдаг “Алтан өлгий”-д алдараа дагаж очихгүй, анх унасан нутагтаа сүнсээ дагаж очно. Аавдаа ойрхон очно.

 

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …