Үндэсний статистикийн хорооноос сар бүр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаарх мэдээлэл гаргадаг. Өнгөрсөн тавдугаар сарын мэдээллийг өчигдөр танилцуулсан бөгөөд энэ үеэр Хүн ам нийгмийн статистикийн газрын Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбалтай ярилцлаа.
-Өнгөрсөн сард өөрчлөлт гарсан нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтээс сонирхуулахгүй юү. Тухайлбал, нялхсын эндэгдэл буурсан эерэг үзүүлэлт гарсан байна?
-Тийм ээ. Энэ оны эхний таван сарын байдлаар 29 мянган хүүхэд мэндэлсэн. Энэ нь сүүлийн 10 орчим жилийн дундаж тоо. Манай улсад сард дунджаар 6000-6500 орчим хүүхэд мэндэлдэг. Аливаа улс орны хүн амын эрүүл мэндийн чиглэлээр гардаг томоохон шалгуур үзүүлэлт бол нялхсын эндэгдэл. Энэ үзүүлэлтийг дэлхийн улс орон 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшнээр харьцуулдаг. Манай улсад өнгөрсөн оны таван сарын байдлаар нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд 22 байсан бол энэ оны эхний таван сард 15 болж буурсан. Үүнээс гадна эхийн эндэгдэл буурсан нь сайшаалтай. Үүнээс гадна гэмт хэргийн тоо ч бас буурсан байна. Нийгмийн статистик талаас ажиглахад амьдралын чанар дээшлэх тусам гэмт хэргийн тоо буурдаг.
-Тавдугаар сарын мэдээллээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурсан байна. Үүнээс харахад иргэд ажилтай болсон гэсэн үг үү эсвэл бүртгүүлэхгүй байгаагаас ингэж буураад байна уу, үүнийг хэрхэн мэдэх вэ?
-Эдийн засагт хоёр өөр ойлголт байдаг. Нэг хэсэг судлаачид нь ажилгүй байгаа хүн бүр ажил хайж байгаа бүртгэлд албан ёсоор бүртгүүлэх ёстой гэж үздэг бол нөгөө хэсэг нь ажилд оръё гэж бүртгүүлэхгүй байгаа бол тухайн хүн өөр ямар нэг орлоготой байна гэж үздэг. Манай улсын бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоонд чанарын өөрчлөлт гарч буурсан байна. Энэ нь цаанаа нийгэмд ажлын байр бий болж байна гэсэн үг. Судлаачийн талаас харахад ажилгүй иргэдийг бүртгэх аргачлал, тооцох тооцоондоо өөрчлөлт хийгээгүй нөхцөлд бодит тоон утга өөрчлөгдөн гэдэг нь цаад агуулгаараа эдийн засагт ажиллах хүчний хэрэгцээ нэмэгдэж байна гэсэн үг. Сонирхуулахад, ажилтай хэр нь ажил хайж байгаа, ажлаа өөрчлөх иргэд ч байна. Тэдгээр иргэдийн 52 орчим хувь нь цалин орлого хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаанаар өндөр цалинтай ажил хайж байна. Ажил идэвхтэй хайхгүй, бүртгэлээс хасагдсан иргэдийн тодорхой хувь нь ажилтай болсон байдаг. Учир нь ажилд орчихоод түүнийгээ хэлж бүртгүүлдэггүйн улмаас үүнийг мэдэх боломжгүй.
-Цалингийн дундаж хэмжээ хэт өндөр гарч байна гэсэн шүүмжлэл бий. Үүнээс гадна энэ сарын мэдээлэлд медиан цалин нь 684 мянган төгрөг гэж гарсан байсан. Үүнийг хэрхэн тооцож гаргадаг талаар тайлбарлахгүй юү?
-Цалингийн хэмжээг салбараар ангилан гаргаж байгаагаас уул уурхай хамгийн өндөр, үйлчилгээний салбар бага гэх мэтээр цалинг тооцож гаргадаг. Өнгөрсөн сард 566722 ажиллагчдын медиан цалин нь 283 мянга дахь хүний цалин буюу 684.8 мянган төгрөг болж байна. Бүх хүмүүсийн авдаг цалинг багаас их рүү нь жагсаагаад яг дунд нь байгаа цалинг медиан цалин гээд байгаа юм. Медиан цалинг олон улсад ч тооцдог. Дундаж цалин өөр ойлголт. Дундаж цалин энэ оны нэгдүгээр улиралд 960 мянган төгрөг гарсан.
-Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах зорилгоор хэд хэдэн татвар нэмсэн. Тухайлбал, татвартай холбоотойгоор приус машины үнэ өссөн зэргээр иргэдийн худалдан авалтад өөрчлөлт гарсан талаар хэвлэлээр мэдээлж байгаа. Эдгээр нь нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд хэр нөлөөлсөн бэ?
– Хэрэглээний үнийн индекс дөрөвдүгээр сараас 0.2, өмнөх оны эцсээс 4.7, өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өссөн. Эдийн засагчид болон иргэдийн ихээхэн сонирхдог өөрчлөлт нь бүтэн жилийн өөрчлөлт байдаг. Өөрчлөлтөд юу нөлөөлснийг бүлгээр нь авч үздэг. Тодруулбал, олон улсад мөрдөгддөг ангиллын дагуу иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг 12 бүлэгт хувааж индекс тооцдог. Үүнээс харахад эхний таван сард хүнсний бараа, ундаа усны бүлгийн өсөлт өндөр нөлөөтэй байгаа юм. Мөн бие хүний эрүүл мэнддээ анхаарах хэвтэн эмчлүүлэх, амралт чөлөөт цаг соёлын бараа үйлчилгээний бүлэг зэрэг нь хэрэглээний үнийн индекст ихээхэн нөлөө үзүүлсэн. Харин приус автомашин манай иргэдийн өргөн хэрэглээний бараа мөн үү гэвэл мөн. Гэхдээ эзлэх жин нь хэрэглээний үнийн индекст их хэмжээгээр нөлөөлөх онцгой бүтээгдэхүүн биш.
-Банк санхүүгийн салбарын эдийн засгийн үзүүлэлт, зээлийн хэмжээний тоон мэдээлэл ямар гарсан бэ?
-Банк санхүүгийн салбар эрүүлжиж эхэлж байгаа шинж тэмдэг ажиглагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сараас төгрөгийн ханш чангарах тийшээ хандаж эхэлсэн. Тавдугаар сард ам.долларын ханш өмнөх сараасаа 50 төгрөгөөр буурсан. Мөн банкны зээл нэмэгдсэн ч чанаргүй зээлийн хэмжээ буурч байгаа. Энэ нь зогсонги байдалтай байсан үйлдвэрүүдийн үйл ажиллагаа эрчимжиж эхэлж буйг харуулж байна. Үүнээс гадна уул уурхайн олборлолт, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа эрчимжиж эхэлсэнтэй холбоотойгоор гадаад худалдааны экспорт өссөн дүнтэй гарсан. Эдгээртэй холбоотойгоор ирэх сард ажиллагсдын тоо өсөх чиг хандлага ажиглагдаж байна.
-Тоон мэдээллүүдийг холбогдох яамд байгууллагаас авахдаа үнэн, зөв, бодитой эсэхийг хэрхэн шалгаж, хянадаг вэ, Тухайлбал, эрүүл мэндийн мэдээллийг тухайн яамнаас авахдаа үнэн, бодитой гэдэгт нь яаж итгэх вэ?
-Статистикийн мэдээллийг анх бий болгохоос нь эхлээд зааварчилгаа, хяналт, мониторинг зэргээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, эрүүл мэндийн тоон үзүүлэлт гаргахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мөрддөг арга, аргачлалаар юуг эхийн эндэгдэл, юуг нялхсын эндэгдэл гэж үзэх зэргээр тухайн аргачлалыг ашиглаж, үүнийгээ мөрдүүлнэ. Мөн бүртгэх, тайлагнах бүх аргачлалыг эрүүл мэндийн салбарт бүртгэл хийж байгаа бүх статистикчдад мэдээлнэ. Үүнээс гадна мэдээлэл гаргаж байгаа тодорхой хугацаанд газар дээр нь очиж хяналт хийж, шалгадаг. Аль нэг байгууллага, яамдаас гаргаж буй судалгаа, тоон мэдээлэл хэр бодитой болохыг таван жилд нэг удаа Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар чанарын шалгалт хийдэг. Хамгийн сүүлд 2013 онд дээрх судалгаагаар нялхсын эндэгдлийн түвшинд хяналт тавьсан. Тэгэхэд тухайн байгууллагаас гаргадаг тоон мэдээллээс зөрүүтэй гараагүй. Сүүлийн жилүүдэд тухайн байгууллагаас мэдээлсэн тоон мэдээ манай байгууллагаас шалгасан чанарын судалгааны зөрүү бараг гарахгүй байгаа. Аливаа статистик үзэгдэл өөрийн гэсэн тодорхой дундаж утгуудын түвшинд явж байдаг. Хэрэв огцом өөрчлөлт гарвал бид учир шалтгааныг тодруулж, шалгадаг. Ерөнхийд нь яривал ийм л дарааллаар үйл ажиллагаагаа явуулдаг.
-Статистикийн хороо хэчнээн төрлийн тоон мэдээлэл гаргаж байна вэ?
-Манай хороо 48 бүлгийн 348 албан ёсны статистик үзүүлэлтийг долоо хоног, сар, улирал, жилээр гаргаж байгаа. Үндэсний хэмжээний таван тооллого, 10 судалгаа явуулж байна. Манай хорооноос гаргаж буй тоон үзүүлэлтүүд улс орны нийгэм, эдийн засаг хаан явааг илэрхийлдэг. Ингэснээр цаашдаа дунд болон урт хугацаанд ямар бодлого хөтөлбөр хэрэгжүүлж, юуг өөрчлөх шаардлагатай зэргээр удирдах шатны байгууллагуудад сигнал өгч байгаа юм. Харин 100 жилийн дараа бидний өнөөдөр гаргаад байгаа тоо манай улсын нийгэм, эдийн засгийн түүх болж үлдэнэ. Статистикийн үйл ажиллагаагаа дэлхийн улс орны адил НҮБ-аас гаргасан статистикийн 10 зарчмаа баримтлан үйл ажиллагаагаа явуулдаг. Аливаа үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг нь цуглуулж, боловсруулж нийтийн хүртээл болгох ёстой. Мөн улс төрийн нөлөөллөөс ангид үйл ажиллагаагаа явуулах ёстой зэрэг олон улсын зарчмаа баримтлан олон нийтэд мэдээллээ хүргэж байна.
Ж.Сондор