Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг дахь Гутайн даваан орчим үйл ажиллагаа явуулж байгаа “Ю энд Б” компани, Завхан аймгийн Тэс суманд хайгуул хийж улмаар нөхөн сэргээлт явуулаагүй “Урд хутлагт уул” компанийн тусгай зөвшөөрлийг тус тус цуцалж, үйл ажиллагааг зогсоожээ.
Хэнтий, Завхан аймгийн ард иргэд, малчдын гомдлын дагуу БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ-аас хамтарсан ажлын хэсэг уул уурхайн хайгуул олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байгаа тус аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт явуулсан байна. Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль орчныг бохирдуулж байгаа аливаа уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээг шат дараатай авах аж. Өмнө нь Орхон голын ай сав дагуу хайгуул, олборлолт явуулж байсан 14 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг таван сарын 13-нд цуцалж, үйл ажилагааг нь зогсоон байна. Мөн Ерөө голын голдирлыг өөрчилснийг буцааж хэвэнд нь оруулжээ.