Налайх дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга П.Нарантуяатай ярилцлаа.
-Малчдын анхдугаар уулзалт зөвлөгөөнийг яагаад зохион байгуулахаар болов?
-2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр манай дүүрэгт 55804 мал тоологдсон. Үүнээс адуу 6803, үхэр 12366, тэмээ 22, хонь 21765, ямаа 14848 тоологдсон байна. Энэ нь өмнөх оноос 6,9 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Мөн малтай өрх 811 байгаа бол малчин өрх 338 гээд нийтдээ мал бүхий өрх дүүргийн хэмжээнд 1139 байгаа нь мал аж ахуйг хөгжүүлэх, цаашид дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа юм. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эрчимжсэн мал аж ахуй, мах сүүний чиглэлийн мал үржүүлэх, мөн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн борлуулах сүлжээг дэмжих, малыг эрүүлжүүлэх, ашиг шим, үүлдрийг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллана гэж тусгагдсан. Энэ бодлогын хүрээнд 09 сарын 26-ны өдөр дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Цагдаагийн хэлтсээс хамтран малчдын зөвлөгөөний дүүрэгтээ анх удаа зохион байгуулах гэж байна. Нийтдээ 250-280 орчин малчдын төлөөлөл оролцоно.
-Зөвлөгөөнд урилгаар ямар хүмүүс оролцох вэ?
-Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас төлөөлөгч оролцоно. Мөн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн удирдлагууд, хороодын Засаг дарга нар, сайн малчид, залуу малчид нийлсэн 300 гаруй хүн оролцох байх.
-Мэдээж зөвлөгөөнөөс зөвлөмж гэж гарах байх. Уулзалт зөвлөгөөний зорилго, үр дүнг юу гэж харж байна вэ?
-Дүүрэгт өөр аймаг, сумдаас мал бүхий иргэд ирж бэлчээр талхлах, малын өвчин гарах зэрэг бэрхшээлтэй асуудал их бий. Энэ асуудлыг журамлахаар дүүргийн ИТХ-д журмын төсөл өргөн бариад байгаа. Өнөөдрийн зөвлөгөөний гол зорилго бол төр засгаас малчдын талаар баримталж байгаа бодлого шийдвэр, төсөл хөтөлбөр, хийж хэрэгжүүлж байгаа ажлыг малчиддаа ойлгуулах, цаашид хамтран ажиллах, мөн малын хулгайтай тэмцэхэд Цагдаагийн хэлтэс, хороо, төрийн байгууллага, малчид хэрхэн хамтарч ажиллавал үр дүнд хүрэх талаар зөвлөлдөх юм. Үүнээс гадна сайн малчдын туршлага судлах, малыг эрүүлжүүлэх вакцинд хамруулахад мал эмнэлэгтэй хэрхэн хамтарч ажиллах талаар мэдээлэл солилцоно. Малчид маань төрийн байгууллагатай хамтарч ажиллах нь хязгаарлагдмал байдаг бол одоо ойртож ажиллах үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа.
-Дүүргийн ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрт малчдыг дэмжих талаар ямар бодлого зорилт орсон бэ?
-Энэ 4 жилийн хугацаанд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчиддаа түүхий эд, бүтээгдэхүүн борлуулах суваг, орлогыг нэмэгдүүлэх, ялангуяа малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тухайлбал нийгмийн сайн дурын даатгал, тэтгэвэр тэтгэмжид хамруулах, ажлын байр, нийгмийн баталгаатай болгох зорилтыг тавьж байна. Мөн малчдаа чадваржуулах, фермерийн аж ахуй, чанаргүй олон малаас чанартай цөөн малтай, түүнээс гарах ашиг шимийг хүртдэг, мөн дүүргээ өөрсдийн нөөц бололцоогоор хангах боломжийг дэмжинэ гэж төлөвлөсөн. Малчдын зөвлөгөөн цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдана.
-Жилийн жилд малын халдварт өвчин нийслэл тойрон гардаг. Дүүргийн хувьд урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтын талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна.
-Манай дүүрэгт 3 мал эмнэлэг байдаг. Дүүргийнхээ харьяаны малд вакцинжуулалт, тарилга туулгыг маш сайн хийж байгаа. Ганцхан гаднаас ирж өвөлжиж байгаа мал өвчний голомттой газраас ирэх, эсвэл вакцинд хамрагдахгүй завсардсанаас болоод малын өвчин гарах эрсдэл бий. Тиймээс дүүрэгт гаднаас ирэх малд тавих хяналтыг сайжруулах журмын төсөл дүүргийн ИТХ-д өргөн бариад байна. Гаднаас ирсэн малд хараа хяналт сул учраас малын өвчин гараад байна гэж үзэж байна.
-Хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хэр хангаж байна вэ?
-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын албан даалгаврыг байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд, хороодод хүргэсэн. Иргэд маань мал төрийн хамгаалалтанд байдаг учраас төрийн өмч гэж үздэг. Өвөлжилт хүндрээд өвчин гараад ирэхээр төрөөс юм шаарддаг боловч үнэндээ мал бол хувийн өмч. Ашиг шимийг ард иргэд өөрсдөө хүртдэг учраас тодорхой хэмжээнд үүрэг хариуцлагаа өндөржүүлэх нь зүйтэй. Өвөлжилтийг өнөтэй давахын тулд малынхаа бэлчээр бууц, өвөлжөө хаваржаа, саравчнаас авахуулаад өвс тэжээл, хужир шүүгээ маш сайн бэлдэх шаардлагатай. Ямар нэг гарч байгаа гамшгийг гарз хохирол багатай даван туулахын тулд хувь иргэнээс ч тэр, төр засгаас ч тэр хамаарах учир бид өвсний фонд бүрдүүлж байна. Хуучин өвс тэжээлийг хадгалдаг, хамгаалдаг газар шаардлага хангахгүй, өвс тэжээл муудаад хаягдах нөхцөл үүсдэг байсан бол бид энэ жил цэргийн ангийн ангорыг засаж янзлан, хуучин өвсийг актлуулан шинээр фонд бий болгож байна. Өвс тэжээл нэлээдгүй нөөцөлсөн. Цаашид өвс тэжээлийн нөөцөө олон жил хадгалахгүйгээр хямдралтай үнээр малчдад зараад дараа жилийн нөөц бүрдүүлэх бодлого барьж байна даа.
-Малчдын анхдугаар зөвлөгөөнд урилгаар оролцож байгаа төлөөлөгчдөд хандаж юу хэлэх вэ?
-Дүүргийн хэмжээнд анх удаа болж байгаа малчдын уулзалт зөвлөгөөнд ач холбогдол өгч идэвхтэй оролцохыг уриалж байна. Малчид маань малыг ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглаж, амьдрал ахуйгаа сайжруулан төр засагтай хамтарч ажиллах, малаас гарах түүхий эдийг боловсруулж, бүтээгдэхүүн хийхэд өөрсдөө үүрэг оролцоотой байхыг уриалж байна. Мал сүрэг минь түм түмээр өсөхийг ерөөе.
Г.Туяа