Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар томилогдсоныхоо дараа тусгай зөвшөөрөл олгодог ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тусгай зөвшөөрлийг хэзээнээс эхэлж олгох талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас тодрууллаа.
–Та ажлаа аваад тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар олгохыг зогсоосон. Зөвшөөрлийг хэзээ олгож эхлэх бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад үүсээд байгаа байх?
-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, сонгон шалгаруулалтын журмаар олгох үйл ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар авахтай холбоотойгоор олон нийт, аж ахуйн нэгжийн зүгээс санал, гомдол ихээр ирүүлсээр байгаа. Тиймээс хариуцлага, сахилга бат алдагдсан энэ байдлыг цэгцэлье гэдэг үүднээс түр хойшлуулах чиглэл өгсөн. Журмаа шинэчлэн батлаад, ирэх сарын сүүлээр тусгай зөвшөөрөл олголтын доголдол, алдааг арилган, зөв горимд шилжүүлснээр олгож эхэлнэ гэж төлөвлөж байна.
-Сахилга бат алдсан албан тушаалтанд хариуцлага тооцно гэсэн үг үү?
-Ер нь бол энэ гаргасан шийдвэр анхнаасаа гадны хөрөнгө оруулагчдад ч гэдэг юм уу, чиглэсэн асуудал байгаагүй. Тусгай зөвшөөрөл олгох журмын цоорхойг ашигладаг төрийн зарим албан хаагчидтай холбоотой асуудал. Иймээс тэр цоорхойг журмаа эргэж харан бөглөнө, чамбайруулна. Сахилга бат алдсан нөхөдтэй хариуцлага тооцно. Өөр асуудал байхгүй. Уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн хоёр салбар хийе, бүтээе гэсэн сэтгэлтэй, нийгмийн хариуцлагаа өндөр ухамсарладаг, нөхөн сэргээлт хийдэг, хөрөнгийн чадавхтай, Монгол Улсын эрдэнэсийн санг нэмэгдүүлэх гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй гэдгийг би сайд болсон цагаасаа хэлсээр байгаа.
Эх сурвалж:Уул уурхайн яам