Эрс тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд өвлийн цаг агаар таамаглахын аргагүй байдаг. Тийм ч учраас жолоо барихад янз бүрийн нөхцөл байдал үүсэж болзошгүй. Үүнээс сэргийлэх өвлийн улиралд зайлшгүй мэдэж байх ёстой хэд хэдэн аргаас зөвлөе.
Анхаарах гол дүрэм:
- Хурдыг замын нөхцөл байдалд тохируулан аль болох удаан явах.
- Бусад машинаас зай барьж явах
- Уулзвар, эргэлт, тойрог зам руу ойртохдоо анхааралтай удаан явах
- Хол замд явж байгаа бол замын турш нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүйг санаж байх
- Машин чигээрээ явж байх үед л огцом зогсолт хийж болох бөгөөд эргэлт дээр тоормосолж болохгүй.
- Шарвалт, гулсалтад бэлтгэлтэй байж жолоодлогыг сайтар анхаарч явах
- ABS системийн ажиллагааг ойлгох мөн гулгаатай замд зогсох техникийг эзэмших
- Шил арчигчийн шингэн болон хөргөлтийн шингэнийг дүүргэх
- Кропны SNOW горимтой бол түүнийг ашиглаж явах, traction control system буюу нэмэлт электрон тогтворжуулагч системийг зөв ашиглах
- Хэрэв гулгаатай өгсүүр замаар өгсөх гэж байгаа бол орой хэсэгт саад байгаа эсэхийг шалгаж байх.
- Цаг агаарын мэдээг шалгаж байгаарай.
ӨВЛИЙН ЖОЛООДЛОГЫН АРГУУД
Өвөл жолоо барихад хамгийн чухал зүйл бол автомашины газартай барьцалдах байдлыг сайн байлгах юм. Машин газартай барьцалдах нь муу байснаас нь гулгах, хий эргэх, шарвах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсэх болно.
Сүүлийн үеийн машинууд эдгээр асуудлаас сэргийлэх төрөл бүрийн traction control system буюу электрон тогтворжуулагч системүүдтэй байдаг. Гэхдээ жолоо барих үндсэн аргуудыг орлуулах зүйл гэж байхгүй.
МАШИНЫГ ЖИГД ХУРДЛУУЛАХ
Цас мөстэй гулгаатай замд огцом хурдалж хөдөлснөөр дугуйнууд газартай барьцалдах боломжгүй болсноор хий эргэдэг. Урдаа хөдлөгчтэй машины хувьд ингэж хий эргэснээр рулийн жолоодлого алдагдахад хүргэнэ. Хойноо хөтлөгчтэй машины хувьд шарвалт өгдөг.
Иймээс машинаа хөдөлгөхдөө аажмаар хааз өгч алгуур хөдлөх нь жолоодлого алдаж хөдлөх боломжгүй болох зэрэг эрсдэлээс хамгаална.
ХИЙ ЭРГЭЛТЭЭС ХУРДАН ГАРАХ
Хэрэв хий эргэж шарвах эсвэл traction control system ажиллаж эхэлбэл хаазыг багасгаад, дахин алгуур хааз өгч эхлээрэй. Хөдөлгүүрийн эргэлтийг аль болох багаас эхлүүлж, алгуур нэмснээр дугуйн зууралт нэмэгдэх боломжтой юм. Ихэнх дизель машины хувьд бага хаазан дээр амархан хөдөлдөг.
ДУГУЙНЫ ЗҮТГЭХ ХҮЧИЙГ БУУРУУЛАХ
Боломжтой бол машинаа 2-р араанаас хөдөлгөх хэрэгтэй эсвэл хамгийн боломжтой хөнгөн араан дээр нь. Хөнгөн араа нь torque буюу зүтгэх хүчийг багасгадаг. Ингэснээр дугуй хий эргэхээс сэргийлнэ. Ялангуяа гулгаатай өгсүүр замд дээрх нь маш чухал арга юм. Арааг шилжүүлэхдээ аль болох тасалдуулахгүйгээр шилжүүлээрэй.
Хэрэв автомат кроптой машин бол SNOW горим дээр нь тохируулаарай.
ОГЦОМ ХӨДӨЛГӨӨНӨӨС СЭРГИЙЛЭХ
Огцом үйлдэл гэдэгт рулийг огцом дарах, огцом тоормослох, хаазлах эсвэл араа шилжүүлэх зэрэг орно. Гулгаатай зам дээр хэсэгхэн л зууралдах боломж байдаг учраас эдгээр огцом үйлдлүүд нь тэр боломжийг нь үгүй хийж болзошгүй. Машинаа алгуур жолоодож хөдөлгөх нь дугуйн зууралтыг хадгалах бөгөөд зам дээр аюулгүй зорчиход тань тусална.
Хэрэв машин тань ABS системгүй бол тоормосыг ойр ойрхон алгуураар тасалдуулж гишгэ. Гулгаж байх үед машиныг удирдахдаа тоормосоос хөлөө авч рулээ залах хэрэгтэй. Эс тэгвээс шидсэн чулуу шиг нэг л зүг рүүгээ гулгадаг.
ABS-Г ЗӨВ АШИГЛАХ
Хэрэв таны машин ABS-тэй бол тоормослох үед дөрөө хөл рүү нүддэг. Халтиргаатай зам ийм зүйл болбол гишгүүрээс хөлөө салгаж гишгэх шаардлагагүй тоормос дээрээ үргэлжлүүлэн гишгээрэй. Ингэснээр систем илүү үр дүнтэй ажиллана.
ABS систем нь машиныг жолоодох боломжийг олгосноор аливаа саадыг тойрох давуу талыг олгодог.
Эргэлт тойрог замд ойртохдоо хаазаа багасгах
Эргэлт, тойруу зам, уулзварт ойртох үедээ хаазыг багасгаснаар дугуйн барьцалдах чадвар илүү дээр байх болно.
Өгсүүрт гарахдаа хурдаа тохируулах
Өгсүүр замд дугуйн эргэлт ихээр нэмэгддэг. Гарахдаа тохирох хурдаар оройд гарч уруудахдаа хүнд араагаар удаан буух хэрэгтэй.
Уруудах замд хурдаа тохируулах
Гулгаатай уруу замд хурдыг аль болох бага байлгаж эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй.
Ажиглаж урьдчилан тооцоолох
Та чадварлаг жолооч байлаа ч гэсэн бүх зүйлийг урьдчилж харж чадахгүй. Иймд өөрийн мэдэх замаар явах үедээ ч өөдөөс юу ирж болохыг урьдчилан тооцоолж байгаарай. Хэрэв танил биш замаар явж байгаа бол аль болох болзошгүй аюулаас сэргийлж бэлтгэлтэй явах хэрэгтэй.
Гулгаатай үед машин хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг сурах
Энэ арга нь бүхий л жолооч нарт мэдрэмжтэй болгох дасгал гэсэн үг. Гулгаатай ямар нэгэн саадгүй талбай, бэлтгэлийн зам дээр машинаараа янз бүрээр явж үз. Машинаараа эргэлдэж үз, гулгаан дээр хэрхэн жолоодохыг сурч ав. Ингэснээр та болзошгүй аюулд машинаа хэрхэн жолоодох чадварыг олж авна.
CARDOCTOR.MN