Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатартай монгол соёлын хөгжил, өв уламжлал түүнийг хэрхэн хамгаалах талаар ярилцлаа.
-Бид өнөөдөр монгол гэж омогшдог хэр нь хайрлаж, хамгаалах ёстой үндэсний өв уламжлал, соёлоо хэр мэддэг юм бэ?
-Бид дэлхийд гайхуулах түүхтэй ард түмэн. Хятад, Солонгос зэрэг бидэнд хамгийн ойрхон Азийн орнууд түүх, соёлоо хэрхэн хамгаалж, дэлхийд сурталчилж байна вэ. Гэтэл бид үндэслэлтэй мөртөө түүнийгээ харуулж чадахгүй байна. Чингис хааны үеэс монголчууд урлаг, соёлоо онцгойлон анхаардаг байсныг түүхийн хуудсууд гэрчилнэ. Гэтэл энэ уламжлал алдагдаад удаж байна.
-Улс орон оршин тогтнох гол үндэс нь соёл, урлагийн дархлаа гэдэг. Гэтэл монгол соёл мөхөж байгаа нь эмгэнэлтэй?
-Би Монгол Улс соёл, урлаггүй болчих вий гэж айж, эмзэглэдэг. Урд, хөршүүд үндэсний язгуур соёл урлагийг минь булаагаад, заалгаад, өмчлөөд дууслаа. Би нэг зүйлийг хатуу хэлье. Манай зарим урлагийнхан хамаг өв, соёлоо урагшаа гаргаад заачих юм. Заах юм, заахгүй юм гэж байна. Энэ үйлдлээс болоод соёл урлагийн дархлаа суларч байна. Энэ нь цаашлаад улс орон оршин тогтноход заналхийлэх том асуудал.
-Нэг талаараа тэдгээр хүмүүсийг буруутгаж болохгүй байх. Хэрэв үүнийг хамгаалсан хууль, яам байдаг бол ийм үйлдэл гаргахгүй байсан байх?
-Гадны улс орон илүү их мөнгө амласан байх. Гэхдээ хэдэн халтар төгрөгөөр үндэсний урлагаа зарж болохгүй. Үүнийг хамгаалсан бодлого байхгүй болохоор эдгээр хүмүүсийг буруутгах үндэслэл алга. Мөн манай соёлын байгууллагуудыг удирдаж буй дарга нар нэгдэж, даацтай хөдөлмөөр байна. Яагаад төр засгийг хүлээгээд байгааг ойлгохгүй байна. Хоорондоо холбоотой байж, энэ асуудлыг Засгийн газрын сонорт хүртэл нь ярих хэрэгтэй.
-Үүнд л төрийн ташуур хэрэгтэй байна?
-Асуудлаа зохицуулах гэхээр бие даасан яам, бодлого алга. Тиймээс зарим нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Соёл урлаг нь улс оршин тогтнох баталгаа мөн гэдгийг Япон, солонгосчууд мэдчихээд үндэсний өвөө хамгаалах сан хүртэл байгуулаад ажиллаж байна. Бид тэдгээр орноос үндэсний өв соёл, язгуур урлаг, эртний уламжлалаараа ялгарна. Гэтэл уул уурхай, газар шороо ярьсан хүмүүс. Байгалийн баялаг дуусна.
Харин монгол хүний оюуны баялаг дундаршгүй арвин. Энэ үед бид монгол хүний оюун санааны баялгийг хэрхэн хөгжүүлж, дэмжих тухай яримаар байна. Яагаад эрдэмтдээ дэмждэггүй юм бэ. Эдгээр хүмүүс л улс эх орны хөгжлийг урагш нь авч явна. Инженерийн бүтээл, дахин давтагдашгүй шинэ нээлт, анагаахын мэс ажилбарын арга гээд хүмүүсийн амьдралд хамгийн ойрхон сэдвийн тухай ярья. Дэлхийн сэргэн мандалтын үед хүн төрөлхтөн яагаад эрдэмтэд рүүгээ анхаарал хандуулдаг, соёл урлагаа сурталчилдаг байв. Тэд чинь нийгмийн урд алхаж, оюун санааг нь соён гэгээрүүлдэг байсан учраас юм шүү.
-Та өв соёлоо алдаж дууслаа гэж хэлсэн. Бид биет бус өвөө хэрхэн хамгаалах ёстой юм бэ?
-Монголын морин хуур ЮНЕСКО-д 50 хувь нь л манай улсын нэр дээр бүртгэлтэй. Бид эхнээс нь өв уламжлалаа алдаж дуусах нь. Муу ёрлож байгаа юм биш. Гэхдээ хэзээ нэгэн цагт өөрсдийн үндэсний урлаг, соёлоо харь хүнээс зөвшөөрөл авч тоглодог болох вий. Энэ бол эмгэнэл, эмзэг сэдэв. Үүнийг ярих цаг болсон. Үндэсний урлаг, өв соёлоо хамгаалах шинэ хуулийг батлуулмаар байна. Тэгж байж бид тусгаар тогтносон орон гэж нүүр бардам ярьж болно.
Манай эхэс дээдсүүд баяр наадам, зочид төлөөлөгч ирэхээр урлагийнхныгаа дуудаж, нүүр тахалдаг мөртөө бусад үед мартчихна. Уран бүтээлчид дуртай үедээ хэрэглээд хаядаг амны алчуур биш. Өнөөдөр урлагийнхны нийгмийн асуудал, хангамжийн тухай хэн ч ярихгүй байна.
-Урлагийнхан эдгээр асуудлыг хоорондоо яриад ямар ч шийдэлд хүрэхгүй байна. Засгийн газрын сонорт хүргэхэд агентлаг арай жижигдээд байх шиг санагдах юм?
-Бидэнд төрийн бодлого хэрэгтэй байна гэдгийг дахин хатуу хэлье. Агентлаг төдийд биш Засгийн газрын хүрээнд асуудлаа тавьж, шийдвэрлүүлмээр байна. Соёл урлагийн бодлоготой холбоотой хамгийн ойрын жишээ нь телевизийн хөтөлбөрүүдийг л харчих. Суваг бүр дээр орой хятад цуврал гарч байна. Хятад залуус өр зөөлөн, даруухан, хүнлэг гэж жигтэйхэн. Төрийн бодлого л байхгүй юу. Үүнийг үзэж байгаа хүүхдүүдэд томчууд хятад хүнийг муу гэдэг үгүй юм байна гэсэн бодол сууж, төлөвшдөг.
Бидний ирээдүй солонгос савангийн дуурийг үзэж, дуурайж өсөж байна. Солонгос хүн шиг дурлалдаа үнэнч хүн хаана ч байхгүй гээд бодчихно. Бүр солонгос хүнтэй зуучлах төв хүртэл байгуулагдаа биз дээ. Ингэж болдог юм уу. Өнөөх цэвэр цус, соёлын дархлаа нь хаана байна. Зарим нь хүн юугаа үзэж, хэнтэй гэрлэх нь өөрийнх нь асуудал, эрх чөлөө гэж ойлгодог байж болно. Гэхдээ эрх чөлөө гэдгийг би хэн хүссэн нь дуртай зүйлээ хийх гэсэн ойлголт гэж боддоггүй.
Бид тодорхой хуулинд захирагдах ёстой. Өнгөрсөн жил би наадмын нээлт найруулах үүрэг авлаа. Дэлхийн жишигт аливаа том тэмцээн, олимпын нээлт шөнө болдог. Харанхуйд янз бүрийн гэрлийн эффектүүдийг хүссэнээрээ ашиглаж болно. Гэтэл 11:40-ийн нарны гэрэл идэвхтэй байхад ямар юмных нь гэрлийн гайхамшгийг үзүүлэх юм бэ. Тэгээд ч энэ том арга хэмжээг хүний хүчээр хийдэг. Гэтэл намайг олон хүн гүйлгэлээ гэж шүүмжилсэн. Би хүнгүйгээр яаж хийх юм бэ. Илүү зүйл үзүүлье гэхээр техникийн хөгжил нь дэлхийн стандартын хаана нь ч хүрэхгүй. Түүнийг авах мөнгө бидэнд алга.
-Урлагийнханд зориулсан хууль батлагдчихвал олон асуудал цэгцрэх байх?
-Уран бүтээлчдэд хууль, дүрэм журам дутагдаж байна. Бид дээрээ яамтай бол ядахдаа хаашаа явах вэ гэсэн чиглэлээ зөв тодорхойлно. Хэдэн он байсныг сайн санахгүй байна. Нэлээд хэдэн жилийн өмнө урд хөрш маань соёл худалдаж авах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнд асар их мөнгө зарсан. Энэ нь өөрсдийн брэндээ бий болгож, соёлын дархлаагаа баталгаажуулах зорилготой. Үүнийг кино урлагаар дамжуулж хүн төрөлхтөнд тунхаглаж болно гэдгийг хэзээний харчихсан.
Шилдэг найруулагчдыг дуудаад хэдэн төгрөг зарцуулах нь хамаагүй. Зөвхөн Хятадын Дундад улсын түүхийг харуулсан үндэсний бүтээл хий гэж даалгавар өгсөн. Жан И Мугийн хийсэн бүтээлд Дундад улс асар олон жилийн түүхтэй. Тэр дундаа дэлхийн өв соёлын эх гэдэг утгыг шигтгэсэн байдаг. Хятад хүмүүс нэг тэнгэрийн дор, нэг амьтай, нэг зүрхтэй, нэг зорилготой байх ёстой гэж өгүүлдэг. Энэ санааг л өнөөдөр соёл урлагийн салбарт хэрэгжүүлмээр байна. Зарим судлаачид монгол үндэстэн гэж байхгүй. Хятад улстай хамааралтай гэж ярьж байна. Үгүй шүү. Бид байсан, цаашдаа ч байсаар ч байх болно.
-Үүнтэй холбоод монгол хүний үнэлэмж, үнэ цэнийн тухай ярихгүй бол болохгүй нь?
-Бид үнэт зүйлээ тодорхойлоод л байдаг. Үүнээс монгол хүн амьд байна гэдэг хамгийн үнэт зүйл. Амьд байхын тулд эрүүл хүнс хэрэглэх, хамгаалуулах гээд хэд, хэдэн үндсэн эрх бий. Хэрэв монгол хүн байхгүй бол энэ уудам газар шороо, соёл урлаг байгаад яах юм бэ. Гуравхан саяулаа шүү дээ.
Тиймээс нэг монгол хүний алтан амь, эрүүл саруул, идэх хоол, өмсөх хувцастай байхын төлөө бид дуугарах цаг болжээ. Би бахархлыг үлгэр дууриал гэж боддог. Өвгөдийнхөө сургаалаар бахархдаг. Эдгээр буурлуудын алтан сургаал биднийг өдий зэрэгтэй авч явна. Үүнийг би удахгүй уран бүтээлээрээ хашхирна.
-Бид жинхэнэ монгол хүн ховор болчихсон үед амьдарч байна?
-Гадуур явахаар монгол гадаад нь мэдэгдэхгүй залуус. Жинхэнэ монгол залуус хааччихав аа. Гаднын соёлд автаж, тэднийг даган дуурайсан хүүхдүүд. Ядахдаа л монгол дээлээ мэдэхгүй болчихоор яах юм бэ. Би өдөр бүр дээл өмс гэж хэлэхгүй. Ядахдаа л үндэсний баяр ёслолоороо үндэсний хувцсаа жинхэнэ монгол загвараар нь өмсөөд сурах нь өөрөө том соёл юм.
Эх сурвалж:Зууны мэдээ сонин