О.Галбадрах: Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан хариуцлагатай ажлыг хийдэг ч хамгийн бага цалин авдаг

Монгол улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ой 12 сарын 5-нд тохиож байна. Архивын салбарын ойн хүрээнд “Тэнгэр” дээд сургуулийн архивын багш, Архивчдыг дэмжих холбооны тэргүүн О.Галбадрахтай ярилцлаа.
-Удахгүй архивын салбарын ой болох гэж байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Монголчууд баримт бичгээ боловсруулах, хадгалж хамгаалах уламжлалаараа нэлээд эртний уламжлалтай ард түмэн. Тухайлбал, Чингис хаан 1206 онд төрийн хэргийг цагаан цаасан дээр хөх бичгээр бичиж байх, түүнийгээ дэвтэрлэж ургийн урагт хүртэл хадгалж байх тухай зарлиг гаргаж байсан тухай монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр үндэсний архивын үүсэл гарваль 800 гаруй жилийн тэртээгээс эхэлдэг. Харин 12 сарын 5-нд манай улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна.

1927 оны Судар бичгийн хүрээлэнгийн 10 дугаар тогтоолоор Ц.Лувсанг архивын сан хөмрөг хариуцсан ажилтнаар томилсон байдаг. Энэ нь манай улсын хувьд архив хариуцсан анхны албан тушаалтан байсан юм аа. Уг өдрийг орчин цагийн алба үүсч бий болсон өдөр хэмээн үзэж, тэмдэглэдэг уламжлалтай. Үүнээс гадна зарим аймгуудын төрийн архив үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой бас тохиож, аймгуудын архив ойн арга хэмжээгээ тэмдэглэж байна. Энэ завшааныг ашиглаад архивын салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа нийт архивын салбарынхандаа орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой, зарим аймгуудын төрийн архив үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын мэнд хүргэхийн хамт архивын салбарт ажиллагсаддаа амьдралд нь аз жаргал, эрүүл энх, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
-Архивчид ойгоо угтаж зохион байгуулж байгаа ажил төрөл их л байгаа биз дээ. Танай сургууль болон таны тэргүүлдэг холбооноос ямар ажлуудыг зохион байгуулж байна?
-Архивын ерөнхий газраас энэ оны 4 сард аймаг, нийслэл, төв төрөлжсөн архивуудыг бүсчилэн ур чадвар, спорт, урлагаар уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулсан байгаа. Бүсчилэн явуулсан уралдаан, тэмцээнүүдийн шилдэгүүд 12 сарын 1-3-ны хооронд Улаанбаатар хотод нэгдэн шилдгүүдээ тодруулах гэж байна. Мэдээж ойн хүрээнд төрийн томоохон архивууд олон бүтээлч ажлуудыг зохион байгууллаа. Тухайлбал, Баянхонгор аймгийн төрийн архив үүсэн байгуулагдсаныхаа 60-н жилийн ойн хүрээнд 60-н бүтээлч ажлыг хийлээ. Тухайн архив зарим эмхлэн цэгцлэлт муутай төрийн байгууллагуудынхаа архивын баримтад иж бүрэн нягтлан шалгалт хийж, данс бүртгэлд оруулах ажлыг зохион байгуулсан нь шинэлэг бөгөөд үр дүнтэй ажил болж чадлаа. Ер нь олон архивууд арвин ажлыг зохион байгууллаа. Манай “Тэнгэр” дээд сурууль архивын чиглэлээр бакалавр, магистрын сургалтыг явуулдаг. Сургууль маань архивын салбарын 90 жилийн ойн хүрээнд архивын салбараа дэмжих зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилд архивын бакалаврын өдөр, эчнээ ангид элсэгчдийн эхний жил төлбөрийг 90%, магистрын ангид элсэгчдийн суралцах хугацааны төлбөрийг 50% хөнгөлөлттэй элсэлтийг зохион байгууллаа.

Архивчдыг дэмжих холбоо энэ оны 5 сард байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Манай холбоо архивчдыг дэмжих, тусалж ажиллах чиг үүрэгтэй. Энэ хүрээнд олон ажил хийх зорилт тавиад байгаа бөгөөд уг ажлын хүрээнд архивчдаасаа судалгаа авах, санал авах ажлуудаас ажлын гараагаа эхлээд байна. Цаашид архивчдынхаа эрх ашгийг хамгаалах, тэднийхээ дуу хоолой нь болж олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Уг ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлж зарим аймгуудын архивчид, Архивчдыг дэмжих холбооны салбар зөвлөлөө аймгууддаа байгуулан хамтарч ажиллаж эхлээд байна. Одоогоор Хөвсгөл, Орхон, Завхан аймгуудын салбар зөвлөлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Сая 10 сард “Тэнгэр” дээд сургууль, Архивчдыг дэмжих холбоо хамтарч архив, албан хэрэг хөтлөлтийн салбарын сорилын эмхтгэлийг хамтран гаргалаа.
-Архивчдын эрх ашигийг хамгаалах, дуу хоолойн болж ажиллана гэж байна. Тэгэхээр тэдний нийгмийн асуудалтай холбоотой асуудлаар цаашид бас анхаарч ажиллана гэсэн үг үү?
-Тиймээ манай архивын салбарын ажилчид төрийн үйл ажиллагааны хамгийн нарийн ширийн ажлыг хийдэг мөртлөө хамгийн үнэлэмж муутай байгаад байдагт л архивчид гомдож явдагаа ярьж эхэлж байна. Төрийн алтан аргамж бол албан хэрэг хөтлөлт, ой санамж нь архив болж байдаг. Төрийн үйл ажиллагааг албан хэрэг хөтлөлт, архивгүйгээр төсөөлөх ямар ч боломжгүй байдаг. Ийм л ач холбогдолтой салбар архивын салбар шүү дээ. Гэтэл төр, засаг маань энэ салбарт ажиллагсадаа бодлогоосоо гадуур үлдээгээд байдгийг би хувьдаа ойлгодоггүй. Үүнийг засах залруулах тал дээр Архивчдыг дэмжих холбоо, архивчидтайгаа хамтарч дуу хоолойгоо илэрхийлж байх болно оо. Төр, засаг маань архивын салбарт ажиллагсадыг үнэлэхгүй 90 жил болоод байгаад л архивчид бухимдаж байгаа юм аа. Олон жил бодлогоор дэмжих байх, болох байлгүй гэсэн сэтгэлээр харж явсаар өнөөдөртэй золголоо гэдгийг олон архивчид ярьж байна. Өөрчлөгдөж байгаа юм байхгүй болохоор дуу хоолойгоо нийлүүлж, салбартаа болон салбарын ажилчдадаа тулгамдаж буй асуудлаа цаашид шийдэрлүүлэх хүртэл ярьж, хэлж, дуугарч байх болно оо.
-Архивын салбарынханы үнэлэмж муу байна гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
– Удахгүй 90-н жилийн ойгоо угтаж байгаа архивын салбараас соёлын гавьяат зүтгэлтэн нэг л хүн төрсөн байдаг. Үндэсний архивын газар болон үндэсний төв архивт олон жил үр бүтээлтэй ажилласан Галсангийн Норовсамбуу гуай 2008 онд соёлын гавьяат зүтгэлтэн болж байлаа. Өөр манай салбараас гавьяат төрөөгүй байна. Ганцхан гавьяаттай салбар өөр буй эсэхийг бий сайн мэдэхгүй ч гэлээ боловсрол, эрүүл мэнд, барилга, уул уурхай гэх мэт маш олон салбар хэдэн арван гавьяаттай юм билээ. Тэгэхээр төрөөс манай салбарыг үнэлж байгаа үнэмлэмжийг муу байна гээд байгааг ганц дээрх жишээнээс харж болно оо.

Нөгөө талаар архивчдын цалин хөлс ТҮ-2 гэдэг сүлжээ буюу хамгийн доод жишгээр цалинжиж байна. Энэ нь архивын салбарынхыг ямархан хэмжээнд үнэлж байгаагийн бас нэг жишээ юм. Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан хамгийн хариуцлагатай ажлыг хийдэг ч хамгийн бага цалин авдаг.  Энэ тэгээд шударга ёсонд хийцнэ гэж үү? Энэ тухай л яриад байгаа юм л даа. Жишээ нь, сумдын Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч нар архивын ажил, бичиг хэргийн ажил, даргын нарийн бичиг, туслахын ажлуудыг хамт хийж байна. Цаашид төрийн байгууллагуудад архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан тушаалтныг заавал байх шаардлагыг архивын тухайн хуулинд тусгахаас гадна. Энэ хоёр ажлыг салгаж тус тусад нь хариуцсан ажилтан ажиллуулах шаардлагатай байна.
– Тэгэхээр архивчдыг үнэлэх үнэлэмж, цалин хөлсийг нэмэх хэрэгцээ, шаардлага байна гэж та харж байна уу?
– Тийм ээ гэхдээ ганц архивчид биш л дээ архивын салбарын үнэмлэмжийг цогцоор нь ярих хэрэгтэй. Түүний гол үндсэн суурь нь уг салбарын гол ачааг нуруундаа үүрч яваа ажилтнуудыг дэмжих хэрэгтэй гэсэн үг л дээ. Өнөөдөр 36 төрийн архивуудаас 7-н архив нь өөрийн байртай бусад архив нь өөрийн байргүй байх жишээтэй. Архивын баримт гэдэг бол хойч үеийн монголын түүхийн баталгаа, нотолгоо болон үлдэх учиртай юм л даа.

Гэтэл хойч үед өвлүүлж үлдээх архивын баримтыг найдвартай хадгалж хамгаалах байр саваар хангагдаж чадахгүй л байх жишээтэй. Архивын салбарын ажилчдын цалингийн шатлалыг дээшлүүлэх, нийгмийн баталгаатай холбоотой асуудлуудыг архивын тухай хуулинд оруулж өгөх нь зүйн ёсны шаардлага болоод байна. Тэгж байж энэ салбарт ажиллагсад тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэнэ ээ. Тэгэхгүй бол манай салбарт ажиллагсадын 70 хувь 1-12 жил ажилладаг гэсэн судалгаа байна. Ажил ихтэй, цалин хөлс багатай, нийгмийн баталгаа байхгүй салбарт тогтвортой ажиллах боловсон олдохгүй байгаад байна. Тиймээс нь цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах нь чухал гэж яриад байгаа юм. Уг нь байгууллагын албан хэрэг хөтлөлт, архив хариуцсан ажилтан тогтвор суурьшилтай ажиллаж хэмээн тухайн байгууллагын ажил төрөл хэвийн явагдах нөхцөл бүрддэг учиртай. Ирэх онд Архивын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа. Уг төсөлд архивын тогтолцооны асуудлыг, архивчдын нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг тусгаж өгөхийг архивчид манай холбоонд маш ихээр санал ирүүлж байна. Эдгээр саналуудыг нэгтгэж Архивын ерөнхий газар дээр ажиллаж байгаа хуулийн төслийнхэнд болоод Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх санал боловсруулж байна. Ажлын хэсгийнхэн болоод салбар яам, цаашлаад УИХ дэмжиж өгөхийг нийт архивчдынхаа өмнөөс хүсэж байна. Харин цалин хөлстэй холбоотой асуудал архивчдын өмнө тулгамдаж буй гол асуудал болоод байна. Үүнийг Засгийн газар үе шаттайгаар, бодлогоор дэмжиж шийдвэрлэн гэдэгт архивчид найдаж байна.
– Архивчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс цалин хөлс, нийгмийн баталгааг нь шийдвэрлэх хэрэгтэй гэж та хэллээ. Цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой асуудлаас өөр ямар зүйлүүдийг шийдвэрлэх хэрэгтэй гэж мэргэжлийн багш хүний хувьд та харж байна вэ?
– Тэгэлгүй яахав вэ ганцхан цалин хөлс шийдвэрлээд бүх зүйл сайхан болно гэж байхгүй шүү дээ. Архивын салбарын боловсон хүчний бодлогыг арай өөр түвшинд авч үзэхгүй бол бас болохгүй гэдгийг арваад жил багшилж байгаа багшийн хувьд хэлмээр байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд болон сургалтын төвүүдэд архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан гэсэн мэргэжлээр бэлтгэж анхан шатны болон мэргэжлийн үнэмлэх олгож байгаа. Энэ бодлого 1980-аад оноос одоо хүртэл явж байна. Тухайн үедээ хэрэгцээ, шаардлагаа хангаж байсан бол эдүгээ хангаж чадахгүй болоод байна. Учир нь ажил олгогч нар архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан орон тооны ажилтнуудыг сонгон шалгаруулж авахдаа бакалавртай байх шаардлагыг тавьж байна. Тиймээс МҮСТ болон сургалтын төвүүдэд архив, албан хэрэг хөтлөлтөөр суралцаж үнэмлэх авсан хүмүүс энэ салбарт ажилд орж чадахаа больсон. Харин өөр чиглэлийн мэргэжлээр бакалавртай төгссөн хүмүүс энэ салбарт ажилд ордог бөгөөд Архивын ерөнхий газрын дэргэдэх сургалтын төв болон бусад сургалтын төвүүдэд архив, албан хэрэг хөтлөлтөөр мэргэшиж анхан шатны үнэмлэх халааслаад ажиллаж байна. Энэ нь нөгөө талаас архивын салбарын нэр хүндийг дээшлүүлэхэд бас нэгэн тушаа болоод байгааг хэлэх хэрэгтэй. Учир юу гэвээс ямар ч хамаагүй мэргэжилтэй хүмүүс энэ салбарт ажиллаж болдог гэсэн ойлголт тогтож эхэлж байгаа нь харамсалтай.

Тиймээс цаашид архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг энэ мэргэжлээр бакалавртай байх шаардлагыг тавих хэрэгтэй байна. Ингэснээр энэ мэргэжлээр суралцах хүмүүсийн эрэлт үүсэж, улмаар их, дээд сургуулиудад архив, албан хэрэг хөтлөлтийн ангиуд нээгдэх боломжтой. Үгүй биш МУИС, МУБИС-аас эхлээд хувь, хувсгалын нэлээд олон сургууль архив, албан хэрэг хөтлөлтөөр чиглэлийн ангиудыг нээж сургалт явуулдаг ч суралцах хүмүүс байдаггүйн улмаас тухайн ангиуд хаагдаад цөөрч байна. Тиймээс цаашид МСҮТ-д буй архив, албан хэрэг хөтлөлтийн ангиудыг хааж, их, дээд сургуулиудад бэлтгэдэг болох тэдгээр бэлтгэгдсэн хүмүүс нь архивын салбарт ажилладаг тогтолцоог бий болгох нь нийгмийн шаардлага болоод байна

– Танд баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье.

– Та бүхэнд ч гэсэн гялайлаа.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …