Д.Цэрэндорж: Мэдлэг чадвар болж байж үр дүнгээ өгдөг

Манлайлан ажиллах төгсөгч, мэдлэг тэлэх судалгаа, хөгжилд хөтлөх зөвлөгөөг бүтээх эрхэм зорилготой  Удирдлагын Академийн профессор, Монгол улсын гавьяат багш, Монголын Менежментийн холбооны тэргүүн Д.Цэрэндорж “Менежментийн сэтгэлгээний хөгжил, Монгол өв соёл (хандлага, сорилт)” нэртэй нээлттэй лекцийг өнгөрсөн пүрэв гаригт академидаа тавьсан билээ. Тэрээр Монголын түүчээ болсон эрдэмтэн, профессоруудын нэг юм.

Түүний тавьсан лекц менежментийг хэрхэн зөв, оновчтой хэрэгжүүлэх, менежмент хэдий үеэс бий болсон ойлголт вэ, ер нь менежмент гэдгийг бид хэрхэн ойлгох вэ гэдгийг нарийн тайлбарлаж өгснөөрөө онцлогтой болсон.

Профессор Д.Цэрэндорж менежмент бол хүн өөрөөсөө эхлэх асуудал гэсэн. Улмаар юуг? хэрхэн? хийх гаргалгаа менежменттэй салшгүй холбоотой.

Менежментийн анхны хувилбарыг сонирхъё гэвэл Луврийн музей дэх анхны төрт улсын хууль цаазын бичгийг харах хэрэгтэй болно. Чулуун дээр сийлж бичсэн уг хууль цаазын бичиг өдгөө үед хатуудах хэдий ч тухайн цаг үеийн нөхцөл байдлаас уялдаж гарсан байдаг. Хятадын армийн генерал Сун Цу МЭӨ тавдугаар зуунд “Байлдах Урлаг” нэртэй ном гаргасан. Энэхүү бүтээл менежментийн сонгодог жишээнүүдийн нэг. Д.Цэрэндорж эртний Энэтхэгийн хүн ард менежменттэй уялдах арга зүйлсийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж байсан талаарх жишээг ч мөн дурдсан.

Тэрээр бид эхлээд нийгмийн гишүүдийнхээ сэтгэл зүйн онцлог шинж болон сонирхлыг харгалзаж үзэх хэрэгтэйг онцолсон. Улмаар тухайн хүнд ямар ажил, мэргэжил тохиромжтойг олж харах нь ирээдүйд амжилттай хувь хүн болох эхлэл нь болно. Цаашлаад хүмүүс өөрийн дутагдалдаа их анхаардаг хэрнээ ганц давуу талаа хайхардаггүй, хөгжүүлдэггүй болохыг хэлсэн. Харин өөрийн давуу талдаа анхаарч, хөгжүүлэх явдал чухал. Менежмент бас сэтгэл судлал, хүн хоорондын харилцааны асуудал. Хоёр талдаа ашигтай байж чадвал сая түүнийг үр дүнтэй харилцаа гэнэ.

Монголчууд хөрөнгө мөнгө, санхүү, гадаад харилцааг их анхаардаг юм байна. Харин өөрсдийгөө хөгжүүлэх, мэдлэг оюунаа зөв, бодитойгоор үнэлж дүгнэх, өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийх тал дээр хангалтгүй байна гэдгийг тэрээр судалгаа хийх явцдаа олж харснаа хэлсэн.

Өнөө үед хүн бүр мэдлэг боловсролтой байхыг эрмэлзэж байна. Тэгвэл бид мэдлэг гээд байгаа зүйлээ мэддэг билүү? Харин мэдлэг нь чадвар болж байж жинхэнэ үр дүнгээ өгнө. Амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй бол, ажил хэрэг болгохгүй бол мэдлэг хуримтлуулахын хэрэг гарахгүй.

Монголын соёл, уламжлалд ч бас менежменттэй холбоотой зүйл их. Ардын зүйр цэцэн үгсийг дурдаж болно. Бид хөгжил дэвшил рүү тэмүүлж байна. Ингэхдээ алсын хараатай байх хийгээд одоо байгаа нөхцөл байдлаа ч мартаж болохгүй. Ингэхийн тулд жирийн айлын үгийг сонсох.

Бид удирдан зохион байгуулна, хянана, шалгана гэж ярьдаг. Гэхдээ энэ бол нэг л асуудал. Дэлхий ертөнц өөр болоод байна. Дэлхий ертөнц “Мэдээллийн үүл” гэдэг хүчний дор амьдарч байна. Менежментийн асуудал манай Монголд ийм шинэ нөхцөл байдалд явагдаж байгаа. Тэгэхээр бид нар Монголоороо үлдэх үү, эсвэл дэлхийн энэ “цунами”-д татагдаж ороод өөр хүмүүс болох уу гэдэг асуудал бас бий.

Бид ажил үүргээ хэр сайн мэддэг билээ? Бусдынхаа зовлонг эргэцүүлж чаддаг уу? Асуудлыг гартаа авах чадвар хэр вэ? Бусдыгаа манлайлах асар их хүсэл тэмүүлэлтэй хүн хэд байна? Үлгэр жишээний хүчийг үзүүлж буй манлайлагчид хэд байна вэ? Үүний хажуугаар нүүдэлчдийн сэтгэлгээгээ авч явах асуудал бас бий. Тэгвэл Монголоороо үлдэх тэрхүү арга юу вэ? Энэ бүхэн зөв менежменттэй салшгүй холбоотой.

 


Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …