Монгол хатдын нууц түүх


Түүхэнд Чингис Хааны байгуулсан Монголын Их Эзэнт Гүрнийг төвхнүүлэн авч явахын төлөө алдар нэрээ дуурсагсан, Чингис хааны эх, хатад, охид, тэдний ач зээ охид, садан төрөл, ураг барилдсан олон эр зоригтой хатад байдаг. Үүнд: Өэлүн Үжин, Бөртэ Үжин, Есүгэн Хатан, Есүй Хатан, Хулан Хатан, Алага Бэхи, Чэчэйхэн Бэхи, Алалтун Бэхи, Дөргөнө Их Хатан, Огул Хаймиш Их Хатан, Сорхогтани Бэхи, Хотол Цагаан, Самар Гүнж, Мандухай Сэцэн Хатан гэх мэт олон Монгол эмэгтэйчүүд байдаг.

“Хатан” гэдэг нь Монгол хэлэнд хамгийн өндөр эрх мэдэлтэй эмэгтэйчүүдийг нэрлэдэг. Энэ нь язгууртан, сурвалжит, сүр жавхлант гэсэн утга санааг илэрхийлэх боловч үндсэн утга нь хүч чадал, хатуу чанга гэсэн утгатай мөн гоо сайхан, жавхаалаг байдал, уян хатан чанарыг илтгэдэг. Монголчуудын түүх хамгийн ихээр хэлмэгдсэн түүх бөгөөд тэр дотроо Монгол хатдын тухай, Монголын Нууц Товчоонд өгүүлсэн, Чингис хаан охидынхоо амжилт ололт болон тэдэнд оноох шагналыг зарласан тухай өгүүлсэн байсан хэсгийг болхи гэгч нь урж, тасдан хаяж ул мөргүй болгожээ.
“Охин урагтаа соёрхол өгье” гэсэн ганц богино өгүүлбэр үлджээ. Чингис хаан 4 хүү, 6 (7?) охинтой байсан. Охидын нэрс : 1. Хожин. 2. Алага. 3. Алалтун. 4. Цэцэйхэн. 5. Түмэлүн. 6. Толой. Хөвгүүдийн нэрс : 1. Зүчи. 2.Цагаадай. 3. Өгэдэй. 4. Толуй. Чингис Хааны охид “Бэхи” гэмээх ханхүү, гүнж нарыг эрхэмлэн дууддаг хүндэтгэлийн цолтой байсан.

Урьд нь “Бэхи” нэрийг ихэвчлэн хүчирхэг эрчүүдэд өгдөг байжээ. Чингис Хаан эзэнт гүрнээ өргөжүүлэхийн тулд шинээр эзэлсэн улсуудаа хэн нэгнээр удирдуулах хэрэгтэй байв. Чингис хаан хөвгүүдээ, архи уухдаа гаргуун, дайн тулаанд тааруу, мэдлэг чадвараар таарууг мэдээд, хөвгүүдээсээ илүү охидоо удирдах чадвараараа давуу болохыг таньж, “эзэнт улсаа” хилээс чанагш засан тохинуулах илүү чухал үүргийг “Эмэгтэйчүүдэд” ноогдуулж, тэдэнд эзэнт гүрнийхээ нилээд чухал хэсгийг үлдээжээ.
Чингис Хааны үйл хэргийн туршид хөвгүүдийнх нь гүйцэтгэсэн үүрэг нилээд хязгаарлагдмал, сул зогсонги байсан бол охидынх нь үүрэг тэдний нас нэмэгдэж, бие нь өсч, мэдлэг туршлага нь аривжих тусам улам нэмэгдэж байв. Чингис Хааны 3 охин ойр холбоотой аймгуудад нь бэр болж, энэ нь шинээр нэгдсэн Монгол Улсын доторх харилцааг холбоог бэхжүүлэхэд тус нэмэр болсон. Бусад 4 охин нь Монголоос гадагш хөрш зэргэлдээ улс оронд очиж, илүү хүнд бэрх үүрэг хүлээсэн юм. Бид Чингис Хааныг долоо ч юм уу, найм ч юм уу, чухам хэдэн охинтой байсныг нь хүртэл сайн мэдэхгүй үлджээ.

Түүх тэдний араас хаалгаа хааж, олон зуун жилийн тоосонд ул мөр нь арилан балартсан байна. Монгол хатад дэндүү өвөрмөц, дэндүү өөр, ойлгоход ч, тайлбарлахад ч дэндүү хэцүү хүмүүс байжээ. Рашид ад –Дин бичсэнээр “Эдгээр охидын тухай домог, өгүүлэл олон бий” гэжээ. Гэвч тэдгээр домог өгүүллүүд үгүй болон алга болжээ. Чингэс хааны 4 охин нь эрх сүр бүхий Хатад болон өөрт ноогдсон газар нутгаа захирч цэргийн том бүлэлэлийг удирдаж явжээ. Нэг охин нь өндөр боловсрол эзэмшиж, өөр хэд нь ч бас эрдэмтэн мэргэд, сургууль соёл, шашны болон боловсролын чиглэлийн бүтээл хэвлэхийг дэмждэг байв.
Чингис Хааны охид: Алага Бэхи Онгуудыг, Алалтун Уйгурыг, Цэцэйхэн Ойрадыг, Толай Харлагыг захиран эзэмшиж байсан. Чингэс Хааны бүсгүй өв залгамжлаг нар үе дамжин, бие даан, улс орноо удирдаж, зарим үед ах нар болон эрэгтэй үеэлүүдийнхээ засаглалын эсрэг тэмцэх ч хэрэг гардаг байв. Түүхэнд урьд ч, хожим хойно ч, хэзээ ч эмэгтэйчүүд тийм олон хүнийг гартаа оруулан захирч, тийм том газар нутгийг эзлэн сууж байгаагүй билээ. Монголчууд эмэгтэй хүнийг хэрхэн өргөмжилж чаддаг, эмэгтэйчүүдэд Чингис Хаан хэрхэн гүн хүндэтгэлтэй ханддаг байсныг олон зүйлээс харж болно.
Чингис Хаан эмэгтэйчүүдийг худалдах, наймалцахыг хуулиар хориглосон нь гэрлэлтэй холбоотой овгийн заншлыг халах анхны чухал алхам болсон ба аажмаар хэд хэдэн ийм өөрчлөлт хийснээр өөрийн охидын, цаашлаад мандан бадарч буй улс гүрнийхээ хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг өөрчилсөн юм. Орд өргөөндөө тэдгээр язгууртан эмэгтэйчүүд өд, эсгийгээр хийсэн хийц нарийн толгойн өмсгөл гоёл өмсдөг байв. Энэ нь хоёр фүүт хэртэй өндөр бөгөөд тэднийг эргэн тойрны хүмүүсээс сүрлэг өндөр болгон, ялангуяа “морь унах үед нь гайхалтай ихэмсэг төрхийг нэмдэг байж”.

Тэд энхийн цагт үр хүүхдээ өсгөж, шаардлага гарвал дайны дуулга өмсөн, нум сум агсан, гэр бүл улс үндэстнээ хамгаалахаар мордоно. Эр нөхөр болон хөвгүүд нь аян дайнд мордож, харин эхнэр болон охид нь ард үлдсэн өрх гэрээ төдийгүй улс орноо авч явж чаддаг тийм нийтлэг тогтолцоо байжээ. Хааны удмын Монгол бүсгүйчүүд морь уралдаж, дайнд цэрэг удирдан, шүүхэд хэрэг шүүж, өргөн уудам газар нутгийг захирч, заримдаа олны өмнө эрчүүдтэй барилдан хүчээ үзэж явжээ. Тэд хөрш зэргэлдээх нийгмийн соёлжсон эмэгтэйчүүдийн гивлүүртэй явах, хөлөө боох, тусгаарлагдаж нуугдах зэрэг ёс заншлыг бардмаар няцаадаг байв.
Ихэнх нь өөрт нь оноосон эртэй гэрлэх ба зарим нь өөрсдөө нөхрөө сонгож эсвэл бүр хүнтэй суухаас ч татгалздаг байлаа. Тэд тухайн нийгмийн хууль тогтоомжийг боломжийн гэж үзвэл баримтална, шаардлага гарвал шинэ хууль тогтоомж ч гаргана. Чингис хааны охид байгаагүй бол Монголын Эзэнт Гүрэн оршин тогтнож чадахгүй байх байжээ. Чингэс Хаан амьдрал тэмцлийнхээ эхэн үеэс л түүний байгуулж байгаа шиг ийм том гүрнийг нэг удирдагч дангаараа удирдаж чадахгүй гэдгийг ойлгон мэдэрч байлаа.
Урт удаан оршин тогтнохын тулд харилцан бие биеэ нөхөх үүрэг гүйцэтгэдэг удирдлагын өөр өөр төвүүдтэй байх шаардлагатай байв. Тэрбээр хөвгүүддээ байлдан эзэлсэн их гүрнийг нь хамгаалан авч үлдэнэ гэж найдаж чадалгүй охиддоо илүү итгэж тэдэнд улам илүү хандах болсон бөгөөд охид нь Торгоны Зам дагуу Хойд Хятадаас Дундад Азийн нутгаар тархан байрлах хаант улсуудыг захиран сууж байв. Чингис Хааны охидын нэр ус үе дамжин бидэнд ирэхдээ Хятад, Перс, Армен, Орос, Турк, Итали гээд тэдний түүхийг бичсэн янз бүрийн орны хүмүүс яаж дуудаж байснаас шалтгаалан нэр, цол аль нь болох нь мэдэгдэхгүй холилдон, толгой эргүүлэн олон дуудлагатай болсон байдаг.

Эх сурвалж бүрт охидын тоо ялгаатай байна. Нууц товчоонд Чингис Хаан Бөртэ хоёр түүхэн их эргэлтийн он болох 1206 онд найман хүргэнтэй байсан гэж, цааш нь хүргэн тус бүр мянган цэргийн захирагч байсан гэж тодорхойлсон байдаг. Монголын түүх бичигчид ба эрдэмтэд хэдэн үе дамжуулан тэмдэглэл бичих зуураа Чингис Хааны охидын нэрсийг нэг нэгээр нь гээсээр иржээ. Ийнхүү XVII зууны үед Буддист түүхчдийн үе гэхэд охидын тоо нэг болтлоо цөөрч, сүүлдээ тэр охины нэр нь дараа дараагийн үнэнийг гуйвуулсан түүхийн тэмдэглэлд огт дурдагдахаа больсон юм. Чингис Хааныг нас бараад удаа ч үгүй байхад түүний охидрүү хаяа хавирганаас нь дайрч давшилж эхэлсэн ба эхний цохилт бэрүүд дээр буув.

Нөлөө бүхий эмэгтэйчүүд бие биеэнийхээ эсрэг эхлүүлсэн дайн нь сүүлдээ зөвхөн эрх мэдэл бүхий эмэгтэйчүүдийн эсрэг дайн болж, байдал улам доройтсон юм. Дараагийн үед ньтэдний үеэлүүд буюу Чингис Хааны ач нар Их Хааны үлдээсэн тэнцвэртэй эрх мэдлийн тогтолцоо уруу, түүнчлэн түүний охидын удам уруу дайрах дайралтаа улам эрчимжүүлсэн байна. Монголын Эзэнт гүрний эриний ихэнх үеүдэд буюу 1206-1368 он хүртэл Чингис Хааны Боржгон овгийн язгууртан эмэгтэйчүүд өөрсдийн эрэгтэй хамаатнуудын явуулж буй төвлөрсөн засаглалын эсрэг тасралтгүй эсэргүүцэл үзүүлсээр иржээ.

Эмэгтэйчүүд газар нутгаа хамгаалан харийн дайсантай тулалдаж, бүр зарим нь дайнд амь үрэгдсэн ч тэдний охид, ач зээ охид нь Чингис Хааны өвлүүлж үлдээсэн эрх мэдлээ хамгаалан тэмцлээ үргэлжлүүлсээр байлаа. Хаан язгуурт эмэгтэйчүүдийн зүй ёсны байр суурийг үл хайхарч, улмаар бараг үгүй хийснээр Хаант улс доройтож, улмаар задарч мөхөв. 1368 он гэхэд Монголчууд газар нутгаа алдаж, тал нутагтаа зугтан ирж, дахин өөр хоорондоо тэмцэлдэж байжээ. Хэрүүл марган, үзэн ядалт, нэг нь нөгөөгөө уулгалан дайрах явдал үргэлжилсээр дахин нэг зуун өнгөрч , 1470 онд санаандгүй шинэ Хатан гарч ирсэн юм.

Тэр бол Чингисийн эзэнт гүрэн, тэдний охидоос хойш 300 жилийн дараа, Монгол Хөх Төрийн гал голомт унтран бөхөж байх эгзэгтэй мөчид садарсан үсээ шууж, саадаг нум үүрч босон тэмцсэн Мандухай Сэцэн хатан байв. Тэр хүний хөлд гишгэгдэн дарлагдсан Монголын тугийг дахин мандуулсан юм. Тэр Монголчуудын мартагдсан ухамсрыг сэргээж, Монгол үндэстнийг буцаан эмхэлж, шинэ төр байгуулав. Гэвч өмнөх Монгол хатдын адил түүний байгуулсан гавьяаг нь хэн ч үл хэрэгсэн, түүнийг мартаж орхижээ. Монголын олон хатдын үнэн түүх өдий болтол нууц болон хэвээр байна.

Монголын Их Хатдын Нууц Товчооноос

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …