Цагаан сараар Улаанбаатар хотоос зугтах шахуу гарч одлоо шд. Уг нь ажилтай байсан л даа. Гэхдээ чөлөө авчихаад, даргын гарын үсэг зурагдаж, зөвшөөрөл өгөхөөс нь өмнө бараг гараад гүйчихсэн. Тэгэхгүй бол замган түгжээнд орчихоод хаашаа ч үгүй таг гацчих гээд байсан байхгүй юу. Ер нь миний Улаанбаатар чинь таг гацаж, тэг түгжирдэг гайхамшигтай хот юм.
Бид мэт нь тэрхүү түгжээг тайлж чадахгүй дээ залхаж, хэд хоног ч болтугай, хөдөө гадаа явцгаая гэж зугтаж байгаа нь энэ л дээ. Харин IQ өндөртэй манайхан бол ямар ч түгжээг мултлаад аж төрөөд л байгаа юм даа.
Сүүлдээ өнөөх түгжээнүүд айхтар нэр устай болоод ирлээ. Ер нь Улаанбаатар хотын зам руу автомашинтай ороод л оюун ухааны тоглоом тоглож эхэлдэг. Жишээлбэл энэ зураг байна.
Үүнийг “Үхэр Монголын чагтан түгжээ” гэж нэрлэжээ. Тэгвэл хоёр талаасаа эгц тулаад түгжирчихвэл “бухан түгжээ” гэж нэрлэдэг байх нь.
Харин гурван уулзвартай зам дээр түгжрэл үүсвэл түүнийг “чандмань түгжээ” гэж нэрлэсэн бөгөөд бид эртнээсээ гурвын тоог шүтэж бэлэгддэг учраас чандмань түгжээнд орсон бол нэг их уурлаад байлгүйгээр хүлээзнэж байгаад түгжээг тайлдаг юм.
Харин жолооч нарын уур бухимдлыг дээд цэгт нь хүргэдэг түгжээ бол дөрвөн талаасаа нийлсэн “Их Монголын хас түгжээ” юм. Ёстой л Монгол эрчүүдийг омогшуулна шүү дээ. Сигналь, дуут дохио, кардан, аваарын гэрэл бүгдийг нь зэрэг ажлуулж байгаад торцов, алх, бахь гээд гарт тааралдах бүгдээ барьж гарч ирээд, хас түгжээг тайлахаар оюунаа уралдуулцгаана.
Бид ч нээрэн дэлхийд гайхагдахаар оюуны чадамжтай улс юм. Биднээс өөр хэн ч ийм гайхамшигтай чагтан түгжээ хийж, түүнээсээ гарч чадахгүй. Ер нь автомашинаар замын хөдөлгөөнд оролцож байгаад түгжрэл үүсгэж, түүнээсээ гарч оюуны наадгай тоглох тухай бодол биднээс өөр ямар ч улс үндэстэний толгойд орж ирэхгүй л дээ ойлгомжтой. Харин миний хувьд өдөр бүрт оюуны тоглоом тоглохоос залхсан даа хэдхэн хоног аав, ээж дээрээ очоод ирснээс өөр зүйлгүй дээ.