Казах түмний Наурызын баяр буюу Нарны баяр гуравдугаар сарын 22-нд өдөр шөнө тэнцдэг өдөр болдог билээ. Дастархан дүүрэн идээ будаагаа дэлгэж, домбор хөгжмөө уянгалуулан, хээ хуар болсон өргөө гэртээ хотол олноороо нар наашилсан цагийг билгэддэг Казах түмний Наурызын өнөөдөр тохиож байна.
Аливаа үндэстний ёс заншлыг хүндэтгэх нь хөтөч хүний үүрэг байдаг. Аяллын хөтөч нартаа зориулан дараах мэдээллийг хүргэж байна. Жил бүрийн 10-р сард болдог “Golden eagle” наадам өргөжин тэлж, жуулчдын тоо ахисаар байгаа. Мөн сүүлийн жилүүдэд баруун гурван аймаг гадаад жуулчдын аялах дуртай гол маршрут болж байгаа билээ.
Баян-Өлгий аймагт аялах үед анхаарах зүйл:
– Д.т.д 1301 – 4374м, дунджаар 1600м өндөр.
– Цаст өндөр уулс, өргөн хөндий, цэнгэг нуур, түргэн урсгалт голыг дагасан хад чулуу бүхий бартаат зам, гуу хавцал, намаг шавар ихтэй.
– Халуун байснаа гэнэт цас орж шуурах нь ердийн үзэгдэл.
– Олон гол нууруудын хөндий учраас шумуулын тос хэрэгтэй.
– Отоглох газар сонгохдоо намаггүй, сэрүүн газар сонгох.
– Айлууд нь 6.15 – 8.25-ны хооронд зусландаа зусдаг. Энэ үеэр аялахад илүү тохиромжтой.
– Уулын гол ёроолын чулуугаа өнхрүүлж байдаг тул гарам сайн судлах.
– Өглөө эрт гол гарах. 14 цагаас хойш голын усны төвшин ихэсдэг.
– Цагаан голын ёроол харагддаггүй тул явган бус мориор гатлах.
– Бороо, цастай үед аяллыг зогсоож харзнах хэрэгтэй.
– Ганцаараа өндөр уул руу авирч болохгүй, хад асганы нурангитай.
– Шөнөөр аялал хийхээс татгалзах.
Ойр зуурын үг цээжлэх
• Казах хэл Алтай язгуурын түрэг хэлний бүлэгт багтана.
• Казахстан, хятад, монгол, афганистан, тажикстан, турк, туркменистан, узбекстан, орос, иран, украйн зэрэг оронд нийт 22 сая хүн ярьдаг.
• Аймгийн хүн амын 93% казах үндэстэн тул гадаад улсад очсон мэт мэдрэмж төрнө.
• Ахмад настантай “Ассаламу алейкум” гэж мэндэлбэл зүгээр.
• Алейкум салам гэж их хэлдэг ба “танд сайн сайхныг хүсье” гэдэг утга.
• Нохой хорь гэдгийг “Ит хор”, эсвэл “Ит уста”
• Нохойг хэвт гэвэл “жат”, яв жов гэвэл “кет”
• Хош келдиниз бе – тавтай морилно уу.
• Хош болыныз – сайн суугаарай.
• Хош аман жүриниз – замдаа сайн яваарай.
Казах гэр, казах айл
• Бага, дунд, их гэр бий. 60 – 105 уньтай, 6 – 12 ханатай, 300 – 400 кг жинтэй.
• Унь матигар, гэр бөмбөгөр, шовгордуу оройтой.
• Хаалгыг зүүн, зүүн урагш харуулж, голдуу цэнхэр өнгөөр будна.
• Янданг тоононы хойд хагасаар цухуйлгадаг.
• Гэрийн баруун талд гэрийн эзний ор, сав суулга, хоол хүнсний тавиур байрладаг.
• Зүүн талд хүүхэд, эхнэрийн ор, морины тоног хэрэгсэл, эмээл хазаарыг тавьдаг.
• Ор бүрийн урд хөшиг татна.
• Хээ хуар бүхий аравч унжуулна.
• Сырмак гэх эсгий ширдэг битүү дэвсдэг.
• Зочин хүн орон дээр сууж болохгүй.
• Эмэгтэй зочин эр хүний өөдөөс эгцэлж харж суухгүй.
• Хоол унданд настай хүнээс түрүүлж хүрч болохгүй.
“Хүү минь чамд хэлье, охин минь чи сонс” гэсэн хэллэг бий.
• Эцэг хүн хүүгээ зандарч хэлсэн зөвлөгөөг охид чагнаж байх ёстой ба үүнээс суралцаг гэсэн давхар санаатай.
• Охидыг загнаж зандрах, айлган сүрдүүлэхийг цээрлэдэг.
• Охид хүний өөдөөс эгцэлж хардаггүй, чанга инээж хөхрөх, хэрэлдэж муудалцахыг цээрлэдэг.
• Бэрүүд хадам аав ээжээс эрт босно.
• Гэрийн ажлыг хурдан амжуулах үүрэгтэй.
• Оёдол үйлэнд уран, үнээ мал саахад шаламгай байх ёстой,
• Уур уцааргүй, зочин гийчинд сайн үйлчлэх үүрэгтэй.
• Нөхрийнхөө төрөл төрөгсдийн нэрийг шууд хэлэхээс цээрлэдэг.
С.Алдархишиг “Цаст Алтайн уулс, Баян-Өлгий аймаг” аяллын хөтөч номоор баяжуулав.