Өчигдөр би нөхөртэйгөө маргалдаад аавын гэрт цүнхтэй хувцасаа аваад гүйгээд ирлээ. Ээж намайг тайвшруулах гэж хичээнэ. Харин аав чимээгүй л хоолоо иднэ. Ээж минь намайг л бодож “Хэрвээ болохгүй байгаа бол хүүхэдтэй болоогүй байгаа дээрээ хоёр тийшээ болохгүй юу даа!” гэж арга барсан хоолойгоор хэлэх үед аав хоолойгоо засч “Шөл хэтэрхий шорвог байна. Давсыг нь тааруулж байгаач. Ийм болохоор л чамтай амьдрахад хэцүү байгаа юм” гэж хэлээд өрөөндөө орлоо. Би гайхаж ээжийн тавагласан шөлийг амстал үнэхээр л шорвог болж. Аавын уурыг намдаах гэж би дахин мах хэрчиж шөл хийгээд өрөөнд нь оруулж өглөө.
Аав юу ч хэлэлгүй аягатай шөлнөөс нэг балгаад “Ямар ч амт алга. Давс хийгээч! Ийм болохоор чинь яаж чамтай хүн амьдрах юм. Ямар ч амтгүй!” гэж уурласнаа надруу нэг муухай хараад эргэн номоо уншиж эхэллээ.
Би ч тэсэлгүй гадуур алхахаар гэрээс гарсан юм. Аав зүгээр нэг үг хэлдэггүй. Их бодож байж бас их тунгааж байж хүнд хэлэх үгээ товч тодорхой хэлдэг хүн. Оройхон би гэртээ харихаар шийдэж цүнхтэй хувцасаа аваад аавынхаас гарах гэтэл хаалганы хонх дуугарч нөхөр орж ирлээ. Бид хоёр нэг нэгнээ удаан ширтэж эцэст нь нөхөр маань ам нээн “Гэртээ харих уу?” гэж асуусан.
Удалгүй аав өрөөнөөсөө гарч ирээд хоол болж байна. Хоолоо идэцгээгээд яв гэж тушаалаа. Нөхөр бид хоёрын царай авах юмгүй барайчихсан сууж байсан. Аав ширээ дүүрэн сайхан хоол бэлдчихсэн өөрийн гараар хийсэн зууш, салат, шарсан мах гээд амттай бүхнээрээ инээд алдан дайлж гарлаа. Би эхэндээ тавгүй байсан бол сүүлдээ тайвширч аавын юу хэлэх гээд байсныг багахан ойлгож эхэлсэн.
Бид хоёрыг явах үед аав “Давс нь багадсан хоол аманд ордоггүй, давс нь ихэдсэн хоол амнаас унадаг юм. Тааруулж амьдарч сурах хэрэгтэй миний хүүхдүүд. Давс нь таарах л хамгийн сайхан шүү дээ! Хэрүүл хийсэн ч зохих хэмжээнд нь очоод зогсоож сур. Аз жаргалд бялуурлаа ч таарсан хэмжээнээсээ бүү халь. Сэтгэл хөрсөн байлаа ч ахин дахин галаар өрд. Багадсан бол нэмж, ихэдсэн бол багасгах хэрэгтэй. Хүн хүний амтлах мэдрэмж өөр учраас нэг нь их хийж нөгөө нь бага хийх тохиолдол хэдэн мянган удаа гарна. Тэр үед шууд тэр дор нь засч ахин шинээр хоол хийж эхлэх хэрэгтэй байдаг. Давс нь таарах л сайхан” гэж хэлээд бид хоёрыг нэлээд зэмлэнгүй харж хоцорсон доо.