Хувь хүний орлогын албан татварын ногдуулалтын талаар ТЕГ-ын татварын улсын байцаагч Д.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.
-Иргэд хуулиа судлалгүйгээр бизнес эхэлснээр зарим тохиолдолд алдагдалд ордог.
Тэгэхээр хувь хүн үйл ажиллагаа явуулаад ашиг олж байгаа тохиолдолд татвар төлөх нь мэдээж. Чухам ямар хуулийн дагуу хэдий хэмжээний татвар төлөхөө сайн мэддэггүй. Энэ талаар тодорхой тайлбар өгөөч?
-Монгол Улсад ажил, үйлчилгээ эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Хувь хүний орлогын албан татварын хууль болон Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татварыг ногдуулж, тухайн орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын хууль нь жижиг бизнес эрхэлж байгаа иргэдийн албан татварыг зохицуулдаг. Иргэнд татвар ногдуулахдаа патентаар, жишгээр тодорхойлох аргачлалаар гэсэн хоёр хэлбэрээр зохицуулна. Патентаар татвар төлж байгаа иргэдийн ажил үйлчилгээнд жижиг хэмжээний 16 нэр төрлийн ажил үйлчилгээ хамаарна.
Тухайлбал лангуугаар худалдаа эрхлэх, түлээ нүүрс борлуулах, чимэглэлийн болон тасалгааны ургамал, цэцэг тарьж худалдах гэх мэт. 2001 оноос энэ хуулийн хэрэгжиж байгаа бөгөөд төлөх татварын хэмжээнд өөрчлөлт ороогүй. Лангуугаар худалдаа эрхэлдэг иргэд хоёр метр лангуунд сардаа 6000 төгрөгийн татвар төлдөг ба сарын 30 хоногт хуваахад нэг өдөрт 200 төгрөгийн татвар төлөхөөр гарч байна.
Хүнс барааны дэлгүүр, цайны газар, биллиард тоглуулах, чингэлэг, тээврийн хэрэгсэл дээрээс худалдаа эрхлэх гэх мэт 18 нэр төрлийн ажил, үйлчилгээ явуулж байгаа иргэд энэ жишгээр татвараа тодорхойлох бөгөөд сар бүр 10 мянган төгрөгийн урьдчилгаа татвар төлж, улирал бүр тайлан гаргаж, татварын албаар татварын илүү, дутууг баталгаажуулна. Мөн жилийн эцэст тайлагнана.
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хувьд?
-Энэ хууль 2007 оноос шинэчилсэн найруулгаар хэрэгжсэнээс хойш долоон жил болж байна. Энэ хуулийн дагуу тухайн татварын жилд цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсаны орлого, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого, урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, шууд бус орлого олсон иргэн албан татвар төлнө. Дээрх орлогуудаас үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны орлогод хоёр хувиар, спорт, урлагийн тоглолтоос олсон орлогод таван хувиар, хонжворт сугалааны орлогод 40 хувиар, эдгээрээс бусад орлогод 10 хувиар тус тус албан татвар ногдуулна.
-Зарим уран бүтээлчид урлагийн тоглолт зохион байгуулаад орлогынхоо албан татвараа төлөхгүй байна гэх яриа их гардаг. Яг хэдэн хувийн татвар төлдөг юм. Хэрвээ татвараа төлөхгүй бол ямар арга хэмжээ авдаг вэ?
-Хувь хүний орлогын албан татварын хуульд заасны дагуу энэ төрлийн орлого олж байгаа иргэд нь олсон орлогоосоо таван хувиар татвар төлнө. Хэрэв татвар төлөгч иргэнийг хуулийн хугацаанд татвараа төлж, тайлагнаагүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Татвар төлөгч хуульд заасан хугацаанд татвараа үнэн зөв тодорхойлж төлөөгүй тохиолдолд нөхөн татвар ногдуулж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль, мөн алданги төлдөг.
-Үйл ажиллагааны орлого гэхээр юу орох вэ?
-Хуульд заасны дагуу өөрийн мэргэжлээр бие даан үйл ажиллагаа явуулж байгаа иргэд болон худалдаа, үйлчилгээ эрхлэгсэд, тогтмол бус орлоготой иргэд хамаарна. Монгол улсын хилээр бараа материал импортолсон иргэд үйл ажиллагааны орлогоор тайлагнана.
Үйл ажиллагааны орлоготой иргэд улирал бүр урьдчилгаа татвар төлж, жилийн эцэст буюу дараа оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр дугаар сарын 15-ны дотор тайлангаа өөрийн харъяа дүүргийн татварын хэлтэст хүргүүлнэ. Энэ хуулийн заалтын дагуу төлж, тайлагнах бүхий Монгол Улсын хилээр бараа, материал импортолж байгаа иргэд төдийлөн сайн хамрахгүй байна. Эдгээр иргэд их хэмжээний мөнгөөр эргэлдэж байгаа боловч, орлогоо багаар тайлагнах, эсвэл патентаар төлөх асуудал нэлээн байна.
-Хэрвээ санамсаргүй байдлаар эсвэл санаатайгаар татвар төлөхгүй, үйл ажиллагаагаа тайлагнахгүй байгаа тохиолдолд яах вэ?
-Ажил, үйлчилгээ эрхэлж орлого олсон иргэн бүр албан татвар төлөх үүрэгтэй. Энэ үүргээ иргэн бүр ухамсарлах хэрэгтэй. Хэрвээ санаатай болон санамсаргүй байдлаар татвараас зайлсхийсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээх болдог. Иймээс иргэд татварын эрсдэлээс өөрийгөө хамгаалж байх нь чухал юм.
Татвар төлөгч татвараа хуулийн хугацаанд үнэн зөв, төлж тайлагнаагүйгээс нөхөн татвар, торгууль, алдангитай хамт төлөх болдог. Тухайлбал иргэн “Д” хуулийн хугацаанд татвараа үнэн зөв тодорхойлж төлсөн тохиолдолд нэг сая төгрөг төлөх байсан бол татвараа хугацаандаа төлөөгүйгээс нөхөн, татвар, торгууль, алдангийн хамт 1.5 сая юмуу түүнээс дээш ч болох магадлалтай. Тиймээс иргэд маань аливаа үйл ажиллагаа эрхлэхдээ эхнээс нь холбогдох хууль журмыг сайтар судлах хэрэгтэй. Тэгвэл таны бизнес урт хугацаанд тогтвортой явагдах боломж бүрдэнэ.
Татварын жилд орлого олж, олсон орлогоосоо Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэд хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой. Хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэдийн тоо жилээс жилд 10 гаруй мянган иргэнээр нэмэгдэж байгаа.
-Орон сууц худалдан авсан иргэд, сургалтын төлбөрөө төлсөн оюутан, түүний ар гэрт тодорхой хувийг нь буцаан олгодог. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Дээр хэлсэнчлэн тухайн татварын жилд олсон орлогоосоо Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэд хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж байгаа. Иргэдийн сайн мэдэх хуулийн 16.1.12-д заасан “Хувь хүн өөрийн хөрөнгө болон банк, санхүүгийн байгууллагаас зээлийн хөрөнгөөр авсан хувьдаа орон сууц барих буюу худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого”-ыг чөлөөлж өгдөг. Ихэнх иргэд 30.0 сая төгрөгийн 10 хувь болох 3.0 сая төгрөгийг буцаан авна гэж ойлгодог. Татварын алба тооцоолол хийхдээ хуулийн 26.1.5 заалтыг баримтлан хийнэ. Энэ нь тухайн иргэний татвар ногдох орлогоос уг хөнгөлөлтийг хасч тооцно гэсэн үг.
-Тодруулбал?
-Иргэн “Д” сарын 500 мянган төгрөгийн цалингийн орлоготой. Жилийн нийт орлогын дүн 6 мянган төгрөг. Үүнээс Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 600 мянган төгрөгийг хасахад 5.400.000 төгрөгийн татвар ногдох орлогын дүн гарна. Ингээд анхны жилдээ орон сууцны чөлөөлөлтөд хамрагдаж байгаа тул татвар ногдох орлогын дүн болох 5.400.000 төгрөгөөс 3000.0 мянган төгрөгийн чөлөөлөлтийг хасна. Чөлөөлөлтийн дараах татвар ногдуулах орлогын дүн (-2460.0) мянган төгрөг болно. Энэ дүнгээс дараа дараагийн жилүүдэд чөлөөлөлтөө эдлэн хасагдана. Иргэн “Д”-ийн тухайн жилд Хувь хүний орлогын албан татварт төлөх дүн 540.0 мянган төгрөг байна. Үүнээс хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “….84.0 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ” гэсний дагуу 540.0 мянган төгрөгөөс 84.0 төгрөгийг хасч 456.0 мянган төгрөгийн татвар төлнө. Энэ тохиолдолд иргэн “Д”-д тухайн тайлант онд Хувь хүний орлогын албан татварт төлсөн 456.0 мянган төгрөгийн илүү төлөлтийг буцаан олгоно. Тооцоолол хийж байгаа зарчим нь энэ байдлаар хийгдэнэ. Энд зөвхөн цалингийн орлоготой иргэний жишээн дээр авлаа.
Мөн оюутны сургалтын төлбөрийн хувьд энэ зарчмаар тооцоолол нь хийгдэнэ. Хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж байгаа иргэдийн бүрдүүлбэл зохих материалын жагсаалтыг Татварын ерөнхий газрын mta.mn веб хуудсанд байршуулсан байгаа.
-Зарим оюутнуудад сургалтын төлбөр төлсөн ч гэсэн дээрх хөнгөлөлт олгогддоггүй. Энэ ямар учиртай юм бэ?
-Татварын илүү төлөлтийг буцаан авах боломжгүй иргэдийн тухайд иргэд маань тухайн жилдээ орлого олоогүй эсвэл орлого олсон ч гэсэн хувь хүний орлогын албан татвараа төлөөгүй байдаг. Энэ тохиолдолд хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй юм.
-Төрийн албан хаагч, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг 3-4 жил төлсөн ч гэсэн тодорхой хувийг нь буцаан аваагүй бол нөхөж олгох боломжтой юу?
-Энэ тохиолдолд нөхөн олгох боломжгүй.
-Цаашид иргэд маань юуг анхаарах шаардлагатай вэ?
-Иргэдэд хандаж хэлэхэд, орлого олсон тухай бүрдээ татвараа төлж хэвших, татварын эрсдэлээс өөрийгөө хамгаалж, хуулийн мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Бүх юм цахимжсан өнөө үед өөрөө татвараа төлж хэвших нь чухал. Одоо ажлын байран дээрээ байх үедээ гар утаснаасаа төлбөрөө хийчихдэг сайхан болсон байна.