Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ХБНГУ-ын “F.A.T GmbH” компанийн төлөөлөгч Франк Волдерт нар өнөөдөр Засвар механикийн заводын Цутгуурын цехийн техник, технологийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав.
Компанийн 2018-2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд энэхүү төсөл хэрэгжсэнээр цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ жилд 12 мянган тонн хүрч, хүчин чадал нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ бүтээгдэхүүний чанар дээшилж, ажиллах орчны ХАБЭА-н нөхцөл сайжирч, хаягдал багатай орчин үеийн ЭКО цутгуурын үйлдвэрлэл Монгол Улсад бий болох юм.
Мөн уламжлалт технологийн процесст ашиглагдаж байсан материал түүхий эдийн тоо хэмжээ, нэр төрөл багассанаар жилд 500 орчим мянган ам.доллар хэмнэнэ. ХБНГУ-ын “F.A.T GmbH” компани нь цутгуурын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг дэлхийн 20-иад улсад нийлүүлж, 50 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн шилдэг үйлдвэрлэгч юм. Гэрээнд заасны дагуу төслийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөрт багтааж дуусгахаар төлөвлөж байна.