АТГ: УУХҮЯ хууль бус уул уурхайн олборлолтыг таслан зогсоох чиглэлээр тодорхой ажил хийгээгүй

Авлигатай тэмцэх газраас “биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр орон нутаг дахь албан тушаалтнууд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт (хаягдал нөөц ашиглах) явуулан түүнээсээ хандив, тусламж  авч, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож, зөвшөөрөлгүй олборлолт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын хяналт сул байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байна” гэж үзэн таслан зогсоох зөвлөмжийг Уул уурхай хүнд, үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүргүүлсэн юм.

Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө гарган нөхөн сэргээх боломж хомс, хаягдал нөөцийг авалгүй нөхөн сэргээсэн тохиолдолд гар аргаар алт олборлогч иргэд тухайн газрыг дахин ухах асуудал гарч байна гэх шалтгаанаар тухайн талбайд нөхөн сэргээлт хийлгэх нэрээр хаягдал нөөцийг ашиглах асуудал орон нутагт түгээмэл байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 79 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2017 оны А/433 дугаар захирамжаар эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэгч нарт тавигдах шаардлага, нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах үнэлгээний хуудсыг тус тус баталж, 30 гаруй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Уг захирамжаар баталсан “нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэгч нарт тавигдах шаардлага”, аж ахуйн нэгжтэй байгуулсан нөхөн сэргээлтийн гэрээний агуулга нь “нөхөн сэргээлт хийх” гэхээсээ илүү олборлолт хийлгэж, орлого бүрдүүлэхэд чиглэгдсэн байна. Үүнд:

  • Гэрээний “Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тавигдах шаардлага” хэсэгт дараах зүйлийг тусгасан байна:
  • Орон нутагт олгох хандив, тусламжийн хэмжээ 1 жилд 100 сая төгрөгөөс багагүй байх;
  • Уул уурхайн ил тод байдлыг бий болгож, олборлосон баялаг, татвар төлбөрөө тайлагнаж байх;
  • Барьцаа хөрөнгийг сонгон шалгаруулалт хийгдэж гэрээ байгуулахаас өмнө тусгай дансанд байршуулна. Дансыг тухайн үед зарлана;
  • Хөрөнгө оруулалтын нийт төлбөрийг гэрээ байгуулахаас өмнө Орон нутаг хөгжүүлэх санд байршуулна;
  • Угаах төхөөрөмж тутамд 8 сая төгрөгийг усны төлбөрт төлүүлнэ гэх мэт.

Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж нь Байгаль орчны яамнаас “газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх” авсан байх ёстой. Баянхонгор аймагт нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан 30 аж ахуйн нэгжээс зөвхөн 10 аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөлтэй байсан.

Мөн Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 47 дугаар тогтоолоор “Иргэдийн гар аргаар алт олборлох хууль бус үйл ажиллагаа болон уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж,  үйл ажиллагаанд нь хяналт тавих түр журам”-ыг батлан гаргаж “Голдмагнет” ХХК, “Бидний түшээ” ХХК-иадтай гэрээ байгуулан уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх гэрээг байгуулжээ. Гэвч тэдгээр компаниуд нь нөхөн сэргээлт нэрийдлээр ашигт малтмалын олборлолт явуулсныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар тогтоож, 2017 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 15/270 дугаар албан бичгийн дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллах үүргийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн боловч уг зөрчлийг арилгах талаар аймгийн удирдлагууд одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

Хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнтэй Авлигатай тэмцэх газрын ажилтнууд танилцахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хууль бус уул уурхайн олборлолт явуулж байгаа  үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр одоог хүртэл тодорхой ажил хийгээгүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хувьд нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан, аймгийн Засаг дарга нарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр мэргэжлийн байгууллагуудтай хууль бус гэрээ дур мэдэн байгуулахгүй байх талаар албан бичиг хүргүүлснээс өөр бодит ажил хийгдээгүй байна.

Бодит нөхцөл байдал дээр нөхөн сэргээлт нэрээр олборлолт явуулах асуудал таслан зогсоогдохгүй байгаа бөгөөд зарим аймагт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …